1983 оны гуравдугаар сарын 25. Motown Records-ын 25 жилийн ойд зориулсан шоуны тайзнаа гарсан Jackson 5 хамтлагийн дуучин хүү Майкл соло үзүүлбэр хийж, ганцаараа дуулахыг хүсчээ. Motown Records-ын Сюзи Икеда Майклын хүсэлтийг зөвшөөрсөн нь хөгжмийн ертөнцийн түүхэнд бичигдэх гайхамшигт хөдөлгөөнийг хүмүүст таниулсан түүхтэй.
Майкл Жексоныг илтгэдэг шигтгээтэй цагаан бээлийгээрээ гангарсан нь ч анх удаагийнх байсан гэдэг. Майкл Billie Jean дуугаа дуулан, физикийн хуулийг зөрчин ухарч алхсан нь Moonwalking хөдөлгөөн байв. Үзэгчид Майклыг Moonwalking хийсэн хэдхэн хоромд чангаар орилж байгаа нь ч бичлэгт үлджээ.
Энэ цагаас хойш Moonwalking- Сарны алхаа орчин үеийн урлагийн түүхэнд дэх хамгийн гайхалтай хөдөлгөөнд тооцогдох болсон билээ.
Motown Records-ийн 25 жилийн шоуны тайзнаа гарч Billie Jean-ээ дуулсан нь, шигтгээтэй цагаан бээлийгээр анх дэгжирхсэн нь, Сарны алхаа хийсэн нь Майкл Жексоны карьерийг ганцхан өдрийн дотор сая километрээр урагшлуулсан гэж хөгжим судлаачид дүгнэдэг.
Энэ өдрийг хүртэл Майклыг Сарны алхаа хийхийг харсан хүн байгаагүй гэдэг. Motown Records-ын нэг ажилтан “ Тайзны ард байсан бүх хүн саяных юу байсан бэ гээд л шуугиж эхэлсэн” гэж хэлсэн байдаг. Тэр өдөр тайзнаа гарч дуулсан Адам Энт хүртэл Майклд “Чи чинь ямар юмаа (f@king follow) дагаж алхаад байсан бэ” гэж дуу алдсан гэдэг.
Эл өдрийн орой тухайн үедээ ихэд алдаршсан дуучин, бүжигчин, бүжиг дэглээч Фред Эстайр Майкл руу залгаад “Залуу минь чи өнөөдөр тайзыг эзэгнэж чадлаа. Чиний тэр хөдөлгөөн энэ цаг үеийг хүртэлх бүх бүжигчдийн чадварыг юу ч биш байсныг харууллаа” гэсэн магтаалаар шагнажээ.
Хожим Майкл Сарны хөдөлгөөнийг анх хийсэн тухайгаа “Тэр бол миний амьдралдаа авч байсан хамгийн гайхамшигтай магтаал байсан. Миний чин сэтгэлээсээ итгэсэн магтаал, бас үзэгчдийн тэр дуу алдалт бол хамгийн бодитой нь байсан” гэж дурссан нь бий.