Нийгэм
Шилдэг өвлөн уламжлагч “Дөмөн” Дулмаад шагналыг нь гардууллаа
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор нийт улсын хэмжээний нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дууч Доржийн Дуламыг тодруулсан байна.
Өвлөн уламжлагч, уртын дууч Доржийн Дуламд шороон нохой жилийн өвлийн сүүл сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын үеэр, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,
-Монгол УлсЮНЕСКО-гоос 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцид 2005 онд нэгдэн орж, үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж, хадгалж, хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулсаар ирсэн. “Уртын дуу” соёлын биет бус өвөө 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн гэдгийг тэмдэглэлээ.
Энэхүү гайхалтай өв соёлыг өвлөн уламжилж, ард түмэндээ хүндлэгдэн дээдлэгдсэн азай буурал Таны цаашдын уран бүтээлд, мөн хойч үеэ сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсч, эрүүл энх, урт удаан наслан, уртын сайхан дуугаараа ард түмнийхэ сэтгэл оюуныг цэнгүүлж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж явахыг хүсэн ерөөе гэлээ.
Мөн энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилдэг өвлөн уламжлагчдыг Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Энэ жил анх удаа Монгол Улс шилдгийн шилдэг нэг өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулж, 30,0 сая төгрөгөөр шагнан урамшуулж байна.
-Их баярлаж байна, ийм сайхан үйл явдал болдог юм аа, бас. Уртын дуугаа үр хүүхэд, хойч үедээ чадлынхаа хэрээр сургаж өвлүүлнэ гэж бодож байна. Хүүхдүүд уртын дуунд жаахан сонирхол муутай байдаг юм. Төр өв соёлоо ингэж дээдэлж, хүндэтгэж байгааг хараад одоо сонирхолтой болох байх аа. Миний хүүхдүүд төрийн албаа нэр төртэй хашиж, зуу насалж зургаадай таяг тулаарай гэж Монголын үндэсний соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч Доржийн Дулам хэллээ.
Доржийн Дулам нь 1932 онд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрж, бага наснаас ээжээрээ заалган уртын дуу дуулж сурсан байна. Тэрээр ард олны дунд “Дөмөн” Дулмаа нэрээр алдартай бөгөөд “Дөмөн” уртын дууг эмэгтэй хоолойн хамгийн дээд өнгөнөөс эхлэн хоолойн өндөр өнгөөр дуулдаг онцлог арга барилыг эзэмшсэн байна. Д.Дулам нь Бүх ард түмний урлагийн их наадам, Язгуур урлагийн удаа дараагийн тэргүүн шагнал, Соёлын яамны жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан ардын авьяастан бөгөөд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.