Дэлхий дахинд
Коронавирустэй холбогдуулан ДЭМБ-аас шуурхай зөвлөмж гаргажээ
Хэдхэн хоногийн дотор хурдацтай тархаж байгаа коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчнөөр Япон улсад 35-39 насны эрэгтэй, Өмнөд Солонгост Хятадын Ухань хотоос ирсэн 39 настай эмэгтэй, мөн Тайланд улсад 2 хүн тус тус өвчилсөн нь тогтоогдоод байна.
БНХАУ-д уг өвчний улмаас 200 гаруй хүн өвчилж, үүнээс 4 хүн нас барж, одоогоор 9 хүний эрүүл мэнд маш эгзэгтэй, 35 иргэний бие маш хүнд байдалд байгаа юм.
Энэхүү халдварт өвчин тархаж байгаатай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах шуурхай зөвлөмжийг гаргажээ.
Үүнд:
– Ямар нэгэн амьсгалын замын өвчлөл, ханиадтай хүнээс хол байх:
– Эмч нарын зөвлөмжийн дагуу гараа тогтмол, зөв угаах;
– Мал нядалгааны газар, хүнсний зах зэрэг мал, амьтны боловсруулаагүй түүхий эд бэлтгэдэг, худалдаалдаг газруудаас хол байх:
– Ханиад, томуу болон амьсгалын замын ямар нэгэн өвчин туссан хүн бусдад халдаахгүйн тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих, амны хаалт зүүх; (шүлс, нусаа ил задгай хаяхгүй байх, амны цаас, алчуур байнга хэрэглэж байх)
– Эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлт, ариутгалын дэг журмыг чанд сахин мөрдөх зэрэг зөвлөмжийг өгчээ.