Нийгэм
Худалд хууртахын уршиг
Монголчуудын дунд мэдээлэлд анализ хийдэггүй, сонссон, уншсан болгондоо итгэдэг, амнаас ам дамжсан, сошиалаар сенсацалж дагагчаа өсгөх тохуурхагчдад чирэгдсээр байдаг хэсэг бий. Ийнхүү тэд худалд хууртсанаас болж нийтээрээ ч эрсдэлд өртөж байна. Тухайлбал, Монгол Улс олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаалт”-д орох талаар мэдээлэл есдүгээр сараас гарсан. Ийнхүү “саарал жагсаалт”-д орсноор Монгол Улс “Гадаадад худалдаа, гүйлгээ хийж чадахгүй, төгрөгийн ханш суларна, ам.долларын ханш чангарна” гэсэн цуурхал ч цахим сүлжээгээр явж, иргэд банк валютын захаас ам.доллар худалдан авч эхэлсэн. Ингэснээр тогтвортой байсан ам.долларын ханш 2700 ам.долларт хүрсэн. Иймэрхүү нөхцөл байдал үргэжилсээр 2019 оны аравдугаар сарын 18-ны баасан гарагт ФАТФ-ын хурал Парис хотноо өндөрлөж, Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан талаар албан ёсоор мэдээлсэн. Албан ёсоор гэсний учир нь, 2017 онд “саарал жагсаалт”-д ороод, эрчимтэй хяналтад нь байсан хэрэг. Тодруулбал, FATF-ын харилцан үнэлгээний 9 хүнтэй баг Монгол Улсын Засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тус байгууллага 2017 онд Монгол Улсыг хяналтад оруулсан. Аравдугаар сарын 18-нд “саарал жагсаалт”-д оруулснаа зарласан явдал. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсыг хяналтад оруулсныгаа шалгаад тайлангуудыг нь үзээд албан ёсоор зарласан. FATF манайд дөрвөн үйл ажиллагаан дээр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гишүүн байгууллагууддаа өөр мэдэгдэл хүргэсэн. Тэр нь эдгээр улсууд FATF-ын хяналтад орлоо. Гэхдээ тэдэнд ямар нэгэн хориг арга хэмжээ авахыг шаардахгүй. Хамтын ажиллагаатай бол хяналтад байгаа гэдгийг харгалзан үзэж болно л гэсэн зөвлөмж өгсөн. Тиймээс олон улсын картын төлбөр тооцоо зогсох, картаар үйлчлэхгүй байх, Монгол Улсад орж ирэх валютын урсгал тасрах вий гэх зэрэг болгоомжлол байхгүй. 2017 онд FATF-ын хяналтад ороход манайхтай харилцдаг байсан олон улсын банкууд эрсдэлтэй гээд хамтын ажиллагаагаа зогсоох нь зогсоогоод цөөхөн олон улсын банкууд харилцаж байгаа. Тэд Монгол Улс FATF-ын хяналтад байгааг мэдэж байгаа. Тиймээс нэмж эрсдэл гарахгүй” гэсэн. Албаны эх сурвалж ийнхүү нөхцөл байдлыг хэлсэн ч ам.долларын эрэлд гарсан монголчуудын цуваа тасраагүй. Зохиомол эрэлт үүсгэж ханшийг 20-40 төгрөгөөр нэмсэн. Төв банкны зүгээс “Валютын ханш маш эмзэг. “Саарал жагсаалт”-аас болж ханш өснө гэж макро талдаа үл нийцэх хариуцлагагүй мэдээлэл тарснаас болж хиймэл хүлээлт үүсгэжээ. Валютын нөөц хангалттай бий. Ханшийн зөрүүнээс ашиг олох гэж байна гэж алдагдал хүлээхээс болгоомжил” гэдгийг ч анхааруулж байсан ч нэмэр болоогүй. Монгол Улсын ам.долларын хадгаламж, хэрэглээг эзэлдэг хэсэг хүмүүсийн “буянаар” ханшийн хөөсрөлтийг нийт монголчууд амссан. Тэр явдлаас хойш өнөөдөр гурван сар өнгөрсөн байна. Тухайн үед тархаад байсан шиг эрсдэл хэнд учирсан бэ. Тэр үед шуугисан шиг гадаад худалдаа зогссон уу. Банкны картын гүйлгээ зогссон уу. Бүгд үгүй. Энэ бол худалд хууртсан уршгийг харуулах сүүлийн нэгэн том жишээ. Тэгвэл өнөөдөр Монголын нийгэмд үүнтэй ижил дүр зураг үүсээд байна. Энэ нь БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн талаарх мэдээллүүд юм. ДЭМБ улс орнуудаас өвчний зөөвөрлөлт, тархалтын мэдээлэл аваад, дэлхий даяар зарлаж мэдээлэл өгч байхад “Монголд илэрлээ. Нууж байна” гэдэг цуурхалд автах. Түүнийгээ ам дамжуулан түгээх. Түүнээсээ үүдэн “Хүнсний хомсдолд орно. Хил хаана” гэж итгэж зах, худалдааны төвүүдийн хүнсний лангууг хоослох. Өнөөх эхний жишээнд дурдсан ам.долларын зохиомол эрэлт үүсгэж, ханш хөөрөгдөхтэй адил хүнсний бүтээгдэхүүний эрэлд гарч үнийг нь өсгөж байна. Мэдээж зах худалдааны төвүүд бизнесийн байгууллага тул эрэлт нэмэгдэхэд үнээ өсгөх нь хууль гэлтэй. Хэсэг хугацааны дараа “саарал жагсаалт” шиг байдал намжсаны дараа хууртагсдын яриад байгаа шиг нөхцөл байдал үүсэхгүй. Харин хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өсөөд тогтсон байвал худалд хууртсаны бас нэгэн уршиг болох вий. Төгсгөлд нь хэлэхэд, коронавирусийн аюул бол ганц Монголынх биш. Дэлхий нийтэд нүүрлэсэн аюул. Үүнийг ДЭМБ хэмээх хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг дэлхийг хамарсан байгууллага хянаж байна. Монголын Эрүүл мэндийн яам коронавирусийн тохиолдлыг ДЭМБ-д мэдэгдэх ёстой. ДЭМБ дэлхий дахинд зарлаж, сэрэмжлүүлэх ёстой. Одоогоор ДЭМБ-ын тайланд Монгол Улс дурдагдаагүй байна. ЭМЯ нийт монголчуудыг хуурлаа гэхэд ДЭМБ-ыг хуурах боломжгүй. Засгийн газраас гаргасан ЕБС, цэцэрлэг, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг зогсоох зэрэг шийдвэр нь вирусийн эрсдэлээс сэргийлсэн хэрэг. Тиймээс сошиал, албан эх сурвалжаа ялгаад худалд хууртахгүй байцгаая.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.