Шахмал түлш илчлэг сайтай тул нүүрснээс бага хэрэглэнэ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, ирэх оны тавдугаар сараас нийслэл рүү оруулахыг хорьсон шийдвэр гаргасан билээ. Ингэснээр гэр хорооллын айлуудын түлшийг сайжруулсан шахмал түлшээр солих хэрэгцээтэй болж байна. Уг хэрэгцээг хангах үүднээс хэд хэдэн үйлдвэрт шахмал түлш хийж, ирэх өвлийн иргэдийн хэрэгцээг хангахаар ажиллаж байгаа юм.
Нийслэлд гэр хорооллын 200 гаруй мянган өрх бий. Тэд ойролцоогоор жилд сая орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгуулсан “Тавантолгой түлш” ХК гэхэд жилд энэ онд 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, ирэх онд уг хэмжээгээ 600 мянган тоннд хүргэвэл, бүх өрхийн нүүрсний хэрэглээг хангана гэж үзээд байгаа. Шахмал түлш түүхий нүүрсийг бодвол илчлэг өндөр тул хэрэглээ нь харьцангуй бага байхаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхүүдийн нүүрсний хэрэглээ 600 мянгад хүрч буурахтай зэрэгцэн, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж төлөвлөжээ.
Шахмал түлшийг түүхий нүүрстэй ижил үнээр худалдаална
Шахмал түлшийг худалдаалахдаа иргэдийн амьдралд дарамт учруулахгүйн тулд түүхий нүүрстэй ижил үнэтэй байхаар тогтжээ. Нүүрсний үнэ жилийн жилд тогтвортой байдаг. Энэ жил ч нүүрсний үнэ өмнөх жилүүдийн жишгээр тэнгэрт тултлаа өсөөгүй байгаа. “Цайз” зах дээр гэхэд Налайхын нүүрс портер нь 280, Багануурынх 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнийн өсөлт нь уурхайн амнаас худалдаалж буй ковш нүүрсний үнээс шалтгаалдаг. Тэгвэл сайжруулсан шахмал түлшний үнийг тонн тутамд нь 150 мянган төгрөг байхаар төлөвлөжээ. Нотлогдсон туршилтаар таван кг түлш найман цаг дулаанаа барьдаг гэнэ.