Дэлхий дахинд
Америк : Хятадын цэргийн 4 офицерыг хакерын хэргээр буруутгажээ
Хятад Улсын цэргийн 4 офицерыг дэлхийн хамгийн томд тооцогдох хэрэглээний зээлийн мэдээллийн агентлаг болох “Эквифакс /Equifax/” руу кибер халдлага хийсэн хэмээн АНУ-ын зүгээс буруутгалаа.
2017 онд эдгээр хакерууд нь 147 сая гаруй Америк иргэний хувийн нууц мэдээллийг хулгайлсан гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Англи болон Канадын үйлчлүүлэгчдийн мэдээлэл ч бас байсан аж.
Шүүхээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар тус 4 хакер нь Хятадын армийн бүрэлдэхүүн хэсэг болох Ардын чөлөөлөх армийн 54-р судалгааны хүрээлэнгийн гишүүд байсан гэнэ. Мөн тэд тус компанийн аюулгүй байдлын системд нэвтрэхийн тулд нэлээд хэдэн долоо хоног зарцуулсан ч эцэст мэдээллүүдийг хулгайлж чадсан гэжээ.
Энэхүү хэргийг шалгах ажиллагаа явагдсаар байгаа ба сэжигтнүүдийн одоо хаана байгааг хараахан тогтоож чадаагүй тул Америкийн Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжиж байна.