Бусад
Гурав дугаар сарын зурхай
Ганц бие Хонины ордныхон энэ сард төгс хайрын тухай төсөөллөөрөө сэтгэлээ бага зэрэг зовоож магадгүй ч тойрон хүрээлэл дундаасаа шинэ хүмүүстэй уулзаж танилцах боломжууд хэд хэд гарч ирнэ. Хэрэв хүсэж явдаг нэгэнтэйгээ уулзахыг хүсэж байгаа бол энэ тойрог тохиромжтойгоос гадна үүсгэсэн харилцаа чинь сарын 26 хүртэл тун дажгүй үргэлжлэх нь. Гэхдээ хэн нэгэн амлалт өгөх гэж яарах хэрэггүй. Албан ажлын болон хүмүүнлэгийн чиглэлээр онлайн ертөнцөд сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Энэ сард шинэ танилцсан нэгэн эсвэл хостойгоо нэлээдгүй цагийг өнгөрөөж магадгүй бөгөөд ойр дотныхон, найз нөхдөдөө гаргах цаг маруухан байх нь. Гэхдээ дотны хүмүүстэйгээ уулзаж цагийг өнгөрөөх нь чиний амьдралд баяр баясал нэмнэ гэдгийг сануулъя.
Сарын 20-аас Нар Хонины ордонд байрласнаар амьдралд хэрэгцээтэй байгаа чухал зүйлсийг олж харахад тусална. Энэ нөлөөгөөр адал явдалтай хөгжөөнтэй байх, сэтгэл хөдөлгөх зүйлүүдэд цаг гаргах шаардлагатай байгааг ойлгоно. Холын зайны болон соёлын ялгаатай хосуудад энэ сар тааламжгүй байж болзошгүй. Ажил мэргэжлийн хувьд зориуд цаг гарган анхаарал хандуулахыг зөвлөж байна. Эрхэлж буй ажил чинь чамд сэтгэл ханамж өгч чадаж байна уу, стресс бухимдал нэмж байна уу, үгүй юу гэдгийг анхаар. Үр ашиггүй байгаа төслүүдийг зогсоох эсвэл зарим төслөө илүү сайжруулах аль аль боломж нь чамд байна. Ажлаасаа болоод стресстэй байдаг бол ажил чинь хэзээ ч үр дүнгээ бүрэн дүүрэн өгч чадахгүй гэдгийг санаарай. Мөн ажлын цаг эмх замбараагүй өнгөрч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг бол ажлын хариуцлагаа нэмж, шинэлэг зүйлийг хэмнэлдээ оруулахыг зөвлөж байна. Ажилтай холбоотойгоор ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө гярхай хандахыг сануулъя. Учир нь гэрээнд чамайг төөрөгдүүлэх үг, тодорхойгүй нэр томьёо багтсан байхыг үгүйсгэхгүй. Мөн анх хэлэлцэж байснаас өөр зүйлийг тусгасан эсэхийг шалгаарай. Ажлын байргүй эсвэл хийж буй ажилдаа таатай бус байгаа Хониныхоны кареераа солих цаг ч ирсэн байж мэднэ. Хувийн амьдрал болоод ажил мэргэжлээ хэрхэн сайжруулах талаар бүтээлч эрэл хайгуул хийхэд цаг гаргаж чадвал үр дүн нь чамайг гомдоогүй.Сарын 20 хүртэл сэтгэл санааны байдал тогтворгүй байж магадгүй тул оюун санаагаа амгалан тайван байлгах, сэтгэл зовнилоо арилгах зүйлсийг хийхэд цаг гаргаарай. Бясалгал хийх, өнгөрснөө хүлээн зөвшөөрөх зэргээр сэтгэл зүйгээ тэнцвэржүүлэх ямар нэг тодорхой үйлдэл хий. Энэ сард эрүүл мэндээ хайхрахгүй өнгөрч болохгүй. Хэрэв чиний бие ямар нэг байдлаар зовиурлаж л байгаа бол шалтгааныг нь олж эмчлэхийг заавал хичээгээрэй. Ингэснээр сарын 20-ноос эхлэн эрч хүч нэмэгдэж, өөртөө итгэх итгэлээ ч тэлэх боломжтой. Мөн энэ сард амьдралынхаа чухал жагсаалт, төлөвлөгөөнүүдийг эргэн нэг нягтал. Ажлаа үнэлэх, кареерийн төлөвлөгөө гаргах, хамтран хийж буй ажлын үйл явцыг хянах, хосын харилцаанд бодит дүгнэлт хийх зэргээр заавал эргэцүүлэн бодож урт хугацааны төлөвлөгөөндөө оруулаарай.
Үхэр
Сарын 5-аас 28-ны хооронд нөхөрлөлийн болон нийгмийн харилцааны байр суурь, ирээдүйн зорилго төлөвлөгөөнийхөө талаар эргэцүүлэн бодоход цаг гаргахыг зөвлөж байна. Ингэснээр хайр дурлалын зам чинь хэрхэн цааш зөв үргэлжлэхийг тодорхойлж чадна. Хайрын болон нөхөрлөлийн харилцаагаа сэргээх, илүү сайхан байлгахад анхаарахад энэ сар чамд туслах нь ээ. Ингэснээр аль ч төрлийн харилцаа эв зүйгээ олж, бүрэн дүүрэн ойлголцоход тусаа өгч чадна. Сарын 6-аас эхлэн сэтгэл хөдлөлөө хянаж өөртэйгөө ярилц, хайр дурлалын амьдрал чинь цаашид хэрхэн өрнөх талаар анхаарал хандуулан бодоорой. Учир нь зарим Үхрийнхэн бие даасан байдлаа илүү хүчирхэгжүүлж, хувь хүнээ хөгжүүлэхийг илүү эрмэлзэж байж мэднэ. Харин ганц бие Үхрийнхэн урт хугацааны харилцаа үүсгэхийг тийм ч их яарахгүй нь бололтой. Албан бус харилцаа болон яарсан гэрлэлтийг тэд энэ удаад анхааралдаа авахгүй. Хостой Үхрийнхэн харилцаагаа дахин эргэцүүл. Хайртайсаа яг юу хүсэж байгаагаа илүү тодорхой болгоорой. Зөрчилдөөнтэй байгаа асуудлыг нэг тийш нь болгомоор байна уу, дараагийн шатанд аваачихыг хүсэж байна уу, эсвэл бүр илүү халуухан болгохыг хүсэж байна уу Зэргээр өөртэйгөө сайтар ярилцаад хайрттайгаа дараа нь энэ талаар дотно яриа үүсгээрэй.
Сарын 6-аас Тэнгэрийн ван Үхрийн ордонд байрласнаар кареерийн амьдралыг дэмжих, хүчирхэгжүүлэх эрч хүчийг өгнө. Ажлаа хэрхэн сайжруулах, хувийн амбийцаа хэрхэн зөв удирдаж бие даасан болгох талаар төлөвлөгөө гаргаарай. Онцгой үзэл бодолтой хүмүүстэй уулзах, санал солилцох боломж гарч магадгүй. Мөн дарга, удирдлагынхаа хараанд өртөж, ажилтныхаа байр сууринаас тэдэнд таатай, зөв сэтгэгдэл үлдээх боломжтой байна. Урт хугацааны зорилгоо эргэн харж, яаж илүү сайжруулах, үр нөлөөтэй болгох тал дээр мөн анхаарал хандуулвал зохино. Энэ сарын турш мөнгө, санхүүгийн асуудалд болгоомжтой няхуур хандахыг зөвлөж байна. Чухал зардлаа заавал төлж, мөнгөтэй холбоотой том шийдвэр гаргахаас зайлсхий. Мөн интернэт гүйлгээ хийх, онлайнаар худалдан авалт хийхээс татгалзаарай. Учир нь хэн нэгэн чамайг хууран мэхэлж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Энэ сард санхүүжилт тийм ч сайнгүй байх төлөвтэй байгаа учир мөнгөө хурдан үрэх, дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий.Энэ сард Үхрийнхний эрч хүч, сэтгэл хөдлөл өндөр байх тул аль ч талбарт дайчин хандах нь. Энэ эрч хүчээ хувийн амьдралдаа эерэг өөрчлөлт шинэчлэлт хийхэд ашиглахад гэмгүй. Мөн ирээдүйн зорилго болон амбийцдаа чиглэсэн зүйлсийг хийхэд тохиромжтой бөгөөд тэр хэрээрээ алсын хараагаа тодорхойлж, өргөнөөр сэтгэж, мэдлэгээ зөв зүйлд зарцуулах төлөвтэй. Эрч хүч, урам зориг дотроосоо ундраад л байх цоглог сар боловч үүнийгээ хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлоорой. Хэрэв ямар нэг өөрчлөлт хийхийг тийм ч их хүсэхгүй байвал тогтмол хийдэг үйлдлүүдээ эргэн нягталж харах хэрэгтэй.
Ихэр
Ихрийнхний хайр дурлалын амьдралд хэт завгүй амьдралын хэмнэл, завгүй байдал нь “хар сүүдэр” тусгаж магадгүй. Сарын 26 хүртэлх цаг хугацааг төсөөллөө бодит болгоход, гадаад руу сурахаар явахад, аялахад зориулж магадгүй нь. Эдгээр үйлдлүүд нь чамайг амьралаа шинээр түвшинд гаргах, нэг алхам урагшлах, амьдралын тухай бодол эргэцүүллээ илүү гүн гүнзгий болгоход тусална. Гэхдээ ийм байдал нь сарын 13-17-ны хооронд дотны хүнээсээ ямар нэг гомдол хүлээн авах төлөв үүсгэх магадлалтай.
Ганц бие Ихрүүд өөр соёл заншилтай, хилийн чанадад амьдардаг нэгэнтэй танилцаж магадгүй. Хэрэв сонирхолтой нэгнийг хайж байгаа бол аялал, боловсролдоо цаг зарцуулж байх үеэрээ хайж байгаа нэгэнтэйгээ учирч магадгүй. Хайр дурлалын харилцаандаа найз нөхдийнхөө зөвлөгөө, санал бодлыг дагахгүй байхыг зөвлөж байна. Тэдэнд өөрийн нууцыг дэлгэх, харилцааныхаа талаарх “эвгүй” зүйлсийг ярих хэрэггүй.
Ажил мэргэжлийн байдлаа эргэн харж, нөхцөл байдлууддаа үнэлгээ дүгнэлт өг. Шинэчлэх шаардлагатай зарчим, дагах ёстой журмыг дахин шинэчил. Урт хугацааны төслүүд төлөвлөгөөний дагуу зөв яваа эсэхийг нягтлаарай. Өөрчлөх шаардлагатай зүйлсийг өөрчлөхөд гэмгүй. Кареерын талбартаа сэтгэл хангалуун байна уу, үгүй юу гэдгээ ч мөн бодолцох хэрэгтэй. Одоо хийж байгаа зүйл чинь амжилт авчрах хэмжээний байгаа эсэхийг эргэцүүл. Хэрвээ хангалтгүй гэж үзэж байвал цоо шинэ төлөвлөгөө, шинэ стратегийг энэ сард боловсруулаарай. Хэрхэн сайжруулах, шинэ шатанд аваачих талаар оюун санаандөө төсөөлөл бий болгож, хийх зүйлсээ эрэмбэ дараалалд оруул. Харин үйлдэл хийх гэж яарах хэрэггүй. Хэт яарах нь үл ойлголцол, бүтэлгүйтсэн гэрээ, сэтгэл санааны хямрал зэргийг авчирч болзошгүй. Одоо байгаа өр зээлээ дарж, санхүүгийн шинэ эх үүсвэр хайхыг зөвлөж байна. Хэрэв ямар нэг төслөөс санхүүжилт хүлээж байгаа бол товлосон хугацаанаасаа хойшдогдож магадгүй. Гэхдээ тэвчээртэй хандахад л болно.Сэтгэл зүйд таагүй байдал үүсэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй нь. Удаан хугацаанд хуримтлагдсан стресс бухимдлаа ирээдүйн төлөвлөгөөгөө бага багаар хэрэгжүүлэх байдлаар үгүй хийгээрэй. Учир нь ямар нэг тодорхой үйлдлүүд сэтгэл санааг тайвшруулж, муу зүйлийг мартахад тусална. Дотроосоо өөрийгөө анагаах нь жинхэнэ эмчилгээг болдгийг санаарай. Энэ сард гэр бүлийн харилцаандаа анхаарал хандуулж, дотно дулаан уур амьсгалыг өөрөөсөө эхлүүлэх сайхан зүйлсийг хий. Гэр бүлийн амьдрал болон амьдарч буй орчноо сайжруулахад анхаарал тавиарай.
Мэлхий
Мэлхийн ордныхны хайр дурлалын амьдрал энэ сард багахан дарамт үүсгэж магадгүй. Хэт хүлээлтээс үүдэн бухимдаж, сэтгэл хангалуун бус байдал үүсгэх төлөвтэй байна. Романтик төсөөлөл, сайхан харилцааны тухай бодол нь түр зүурын сэтгэлийн тайвшралыг авчирч магадгүй ч асуудлыг хэзээ ч бүрэн шийдвэрлэхгүй. Хэрэв үл ойлголцлоо арилгаж, итгэлцлээ бэхжүүлж, чин сэтгэлээсээ ярилцаж чадвал шийдвэрлэхгүй асуудал байхгүй гэдгийг санаарай. Мөн хэн хэнийхээ хувийн орон зай, эрх чөлөөт байдыг хүндэтгэн хандахыг од эрхэс зөвлөж байна. Хэрвээ тэгж чадваас сарын сүүлийн долоо хоног гэхэд асуудал сарнин үгүй болох болно.
Энэ сард Мэлхийнхний ажлын байдал хамтын ажиллагаа, багийн төсөл, гэрээ хэлэлцээр, түншлэл дунд өрнөх төлөвтэй байна. Сарын 6-аас Тэнгэрийн ван Мэлхийн ордонд байрласнаар дотоор эрч хүч урам зориг нэмэгдэн, амьдралаа өөрчлөх, ажлын арга барил, технологийн хэрэглээгээ шинэ түвшинд аваачих боломж гарна. Зөв цагт, зөв хүн чинь чамайг ивээн тэтгэж бизнес болон ажлын нөхцлөө сайжруулахад тусалж магадгүй. Технологийн дэвшил, программ хангажийн хөрөнгө оруулалт нь ажлаа цоо шинэ түвшинд хамгийн сайнаараа хийхэд нөлөөлөхийн зэрэгцээ гэнэтийн ашиг олоход ч тусална. Албан ёсны гэрээ хэлэлцээрээс хүртэх ёстой ашгаа хүртэн мөнгөн орлогоо нэмэх төлөвтэй байна. Ажил олгогч, ажилтан хоорондын харицлаанд үл ойлголцол, зөрчилдөөн, зарчмын зөрүүнүүд үүсэж, цалин хөлсний хэмжээнд нөлөөлж болзошгүй таагүй мэдээг зарим Мэлхийхэнд од эрхэс дамжуулж байна. Сарын 13-аас 15-ны өдөр энэ тал дээр анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй.Энэ сарын турш эрүүл мэндийн байдал хэвийн байх нь. Гэхдээ цусны шинжилгээ өгч эрүүл мэндийнхээ төлөө алхам хийхэд гэмгүй. Хариу нь чинийг санааг чилээх хэмжээний байхгүй ч эрүүл мэндээ ямаршуу байгааг мэдэж, түүний төлөө цаг зав, тодорхой орлогоо зарцуулах нь чиний өөрийнхөө өмнө хүлээх үүрэг юм шүү. Өөртөө цаг зориулж, амарч болох нөхцлийг гаргаж өгөөрэй. Энэ сард томоохон шалгалт өгөхөөр төлөвлөсөн бол ердийнхөөс илүү анхаарал хандуулж, шаардлага зарчимтай нь сайтар танилцаж, чиний зүгээс хийж чадах зүйлсийг бүрэн дүүрэн хийхийг од эрхэс зөвлөж байна.
Арслан
Энэ сард Арслангийн ордныхны мэргэжлийн байр суурь нэгдүгээрт тавигдах төлөвтэй байна. Харин ганц биечүүл шинэ хүнтэй танилцах, алдар нэртэй нэгэнтэй уулзах, бизнесийн хамтрагчтайгаа харилцаа үүсгэх зэргээр ажил мэргэжлийн хүрээнээсээ романс үүсгэж магадгүй. Гэхдээ гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусчихыг үгүйсгэхгүй шүү. Сарын 26 хүртэл нөхөрлөлийн болон хосуудын харилцаа эерэг төлөвтэй байх бөгөөд хамтдаа шинэ төсөл хэрэгжүүлэх, шинэ бизнес эхлүүлэх шинэ санаа төрж магадгүй. Ажил кареерийн хувьд нэлээдгүй идэвхитэй сар өнгөрөх нь. Сарын 6-аас эхлэн урт хугацааны зорилгуудыг тодорхойлж төсөл эхлүүлэх, мэргэжлийн байр сууриа удаан хугацаанд хадгалан явах зэрэг том зургаар нь төлөвлөх шаардлага гарна. Ажлын талбар дээрээ юу хийхээ сайн мэдэж байгаа бөгөөд баг хамт олон чинь ч энэ тал дээр чамтай гайхалтай нийцтэй байх нь ээ. Энэ хэрээрээтөсөөлж ч байгаагүй онцгой зорилго, алсын харааг ч тодорхойлж магадгүй. Гэнэтийн сорил, бэрхшээлтэй асуудал тулгарч магадгүй ч үүнийг чи өөрийн мэдлэг чадварараа даван туулж гарч чадах болно.
Охин
Энэ сарын хайр дурлалын амьдрал Охины ордныхныг уйдаахгүй нь. Гэхдээ харилцаанд үүсэж болзошгүй гэнэтийн асуудлуудтай нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй. Харин хосын харилцаатай Охиныхон харилцаагаа бодитоор нь эргэн харахад гэмгүй. Цоо шинэ хүнтэй харилцаа тогтоох эсвэл салах, гэрлэх зэрэг чухал үйл явдлуудын аль нь ч тохиож магадгүй. Урт хугацааны төлөвлөгөөө гаргасан хосуудын төлөвөлгөөнд бага зэргийн асуудал үүсэж болзошгүйг сануулж байна. Өөрийгөө бүрэн зөв илэрхийлэх, ойлголцоход амар байхгүй нь. Зохицуулах гэж хичээхээсээ илүү аясаар нь түр орхиход гэмгүй шүү. Сарын 20-24-ны өдрүүд өөртэйгөө зөрчилдөх нөхцөл байдал үүснэ. Од эрхэс нөхөрлөл болоод хайр дурлалын харилцааг эерэгээр дэмжиж байгаа боловч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх, хүлээлтийг давж чадахгүй байх зэргээр бодит байдал төсөөлөл хоёр бага зэрэг зөрж магадгүй юм.
Сарын 5-28-ны хооронд хамтын ажиллагаа, гэрээ контракт, түншлэлийн холбоо нэлээдгүй идэвхитэй байх нь. Гэхдээ хамтын ажиллагаа бүрээсээ ашиг тус хүртэнэ гэж хэт найдаад хэрэггүй. Гэрээ хэлэлцээрт яаран гарын үсэг зурахгүй байх хэрэгтэй. Учир нь хэлэцээр бүтэлгүйтэх, дахин дахин хэлэлцэх шаардлага үүсэж магадгүй тул яаралгүйгээр тайван нягт нямбай хандахыг зөвлөж байна. Нийгмийн харилцаа, ажил мэргэжлийн хамтрал хамтын ажиллагаа, хувь хүний хөгжил гээд аль ч талбарын өөрчлөлтүүдэд яаран дүгнэлт, шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй.Ажлын хэмнэлээ өөрчлөх, хилийн чанад руу явах, аялах, академик боловсролын түвшингээ ахиулах зэргээр өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна. Ажил мэргэжил, кареерийн талаарх бодол өөрчлөгдөж магадгүй ч өөрийгөө боловсруулж, шийдвэр гаргахад заавал хцгацаа өгөөрэй. Үр дүнтэй гэрээнээс ашиг олох, материаллаг хэрэгцээгээ хангах зэргээр санхүү хэрэглээний байдал дээшилнэ.Сарын 26 хүртэл эрүүл мэнд санааг тань тийм ч их чилээхгүй. Гэхдээ орлогынхоо хэдэн хувийг эрүүл мэнддээ зориулна тэр хэрээрээ үр дүнгээ хүртэх болно гэдгийг санаарай. Ус сайн ууж, бөөрний хэвийн үйл ажиллагаагаа дэмжихийг зөвлөж байна. Харин сарын сүүлээр чухал эмчилгээ хийлгэж магадгүй бөгөөд туршлагатай сайн эмч, эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэхийг мөн зөвлөж байна. Үр дүнгүй, эцэс төсгөлгүй яриануудад оролцож цагаа дэмий үрэх хэрэггүй. Аливаа асуудалд анхаарал болгоомжтой, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна.
Жинлүүр
Сэтгэл хөдлөл чинь нэг бол доод эсвэл дээд цэгтээ тулсан тунчиг савлагаатай өдрүүдтэй нүүр тулахдаа бэлэн үү Жинлүүрүүд минь. Энэ сард чи өөрийнхөө санаанд ч оромгүй хачирхалтай газарт хэзээ ч мартамгүй адал явдлаар дүүрэн, хөгжилтэй дурсамжийг хайртынхаа хамт бүтээх болно. Тэнгэрийн ван, Сугар гарагуудын давхцалын тусламжтай чиний бэлгийн амьдрал илүү эрч хүчтэй, идэвхтэй болох сайхан мэдээ бидэнд байгаа шүү. Бэлгийн дур хүсэл чинь нэмэгдэж, чи жирийн байдгаасаа илүү тачаангуй, санаачлагатай болж өөрчлөгдөх нь хайртад чинь таалагдах нь лавтайяа. Гэрлэсэн Жинлүүрүүд маань энэ үеийг ашиглаад хайртынхаа зүрхийг дахин өөрийн болгож, харилцаагаа шинэчлэхийг хичээгээрэй. Тэнгэрийн вангийн нөлөөгөөр ор хөнжлийн ажил чинь өөлөх зүйлгүй өнгөрөх боловч удаан хугацааны харилцааг бий болгохоор хичээж байгаа хосуудын хувьд зөвхөн бэлгийн амьдрал сайхан байх нь хангалтгүй юм. Хэрвээ чи хамтрагчтайгаа харилцаагаа илүү гүнзгийрүүлж, дахиад нэг шат ахих төлөвлөгөөтэй байгаа бол түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, түүнтэй илүү нээлттэй харилцаж эхлэх нь та хоёрын бие биедээ итгэх итгэлийг илүү бататгах болно гэж од эрхэс чамд зөвлөж байна. Сарын 19-23ны хооронд Сугар, Ангараг гараг чиний орд дээр байрлах үедээ хоорондоо сөргөлдөж, үүний улмаас хайр дурлалын амьдралд чинь таагүй явдал тохиох, хайрттайгаа томоохон маргаан дэгдээх магадлалтай. Маргааны эхлэл нь чиний хэт өмчирхөх сэтгэл, хардалтаас үүднэ.
Харин ганц бие Жинлүүрүүд маань энэ сард Сугар гарагийн тусламжтай шинэ найз нөхөд, танилын хүрээтэй болох нь. Магадгүй та нарын минь хувьд энэ сар шинэхэн хайрын романс эхлүүлэхэд хамгийн тохиромжтой сар ч байж магад. Зөвхөн хайр дурлалын харилцаанаас гадна чиний хувь хүний хөгжил, кареерт чинь ч шинэхэн хүрээлэл чинь нөлөө үзүүлэх болно шүү. Сурч эсвэл ажиллаж байгаа салбарынхаа хүндэтгэж явдаг нэгэнтэй уулзаж, тэднээс зөвлөгөө авах ховорхон завшаан ч тохиож мэдэхээр байна. Жинлүүрүүдийн ажил хэргийг ивээгч Шинэ сар 3 сарын 6-наас эхлэн чиний орд дээр байрлах ч ажил хэргийн тухайд бүх зүйл санасан шиг чинь тийм ч хурдтай өрнөж чадахгүй.Ажил дээрээ гаргасан шинэ санаачлага чинь хамт олны дунд өндрөөр дэмжигдэн, биеллээ олох өндөр магадлалтай сайхан мэдээ байгаа ч Сарын 5-наас 28-ний хооронд Буд гарагийн буцах хөдөлгөөний үед томоохон хэмжээний төсөлд гарын үсэг зурах, гэрээ хэлцэл байгуулахаас аль болох татгалзаж, хойшлуулахыг хүсэж байна. Гэнэтийн ирсэн ажлын байрны санал, хамтарч ажиллах гэрээ гэх мэтийн зүйл маш хурдан сэтгэлийг чинь догдлуулах хэдий ч эцсийн байдлаар зөвшөөрөх хүртлээ маш хянуур, болгоомжтой байхыг зөвлөе. Хуучин ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаа бол хүсэл чинь биелж магадгүй шүү. Сарын 26-наас хойш Сугар гараг ажил хэргийг чинь ивээж эхлэх тул чи өр ширээ сар дуусахаас өмнө төлж дуусган, сүүл өдрүүдэд олсон орлогоо хадгаламж руугаа хийх боломжтой болно. Гэнэтийн санхүүгийн бэрхшээлүүд энэ сард хэд хэд тохиох ч чамд тэр бүхэн үр ашгаа өгөх учраас сэтгэлээр уналгүй, ажилдаа сайн төвлөрөөрэй. Орлого чинь тогтворгүй байх учраас өөрт байгаа нөөцөө чухал биш зүйлсэд зарцуулах эсвэл өр тавих гэх мэтийн эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Чи лоттерей сугалаанд хожих, эсвэл шагналт уралдаанд ялах магадлалтай.Эрүүл мэндийн хувьд хөнгөхөн зэргийн толгой өвдөх гэх мэтийн зовиурыг өөрөө өөртөө буруу онош тавин эмчлэх гэж оролдсоноос биеийнхээ байдлыг хүндрүүлж магадгүй. Тийм болохоор өвчний зовиур илэрвэл шууд эмнэлгийн байгууллагад хандаарай. Буд гарагийн буцах хөдөлгөөнөөр сарын 6-ны үед хууч өвчин эргэн сэдэрч магадгүй тул энэ үеэр гам сайн барьж, эрүүл мэнддээ эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хүсэж байна. Санхүүгийн байдал чинь сарын турш санааг чинь зовоох учраас сэтгэл санаагаа тайван байлгаж, бясалгал, амьсгалын дасгал хийх гэх мэтээр сэтгэл зүйн эрүүл мэнддээ цаг гаргах нь тун чухал юм шүү. Эрүүл мэнд хэзээд нэг номерт байх ёстой шүү дээ.
Хилэнц
Таагүй мэдээ дуулгаж байгаад минь уучлаарай, гэхдээ энэ сард Хилэнцүүдийн маань хайр дурлалын амьдрал тийм ч дардан байхгүй нь. Хамтрагчтайгаа харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд та хоёрын өмнө тулгараад байгаа том бэрхшээлтэй нүүр тулан, түүнийг шийдвэрлэхийг хичээх мөн нэмээд өөрийнхөө дотоод мэдрэмжийг хамтрагчдаа ний нуугүй илэрхийлэн хэлэх нь та хоёрын харилцааг аврах шийдэл байна. Зарим Хилэнцүүд маань харилцаагаа аварч үлдэхийн төлөө эцэг эхтэйгээ ч ам мурийж мэдэх нь. Шийдэж чадаагүй олон асуудлуудын хажуугаар та хоёрын нэг нь хуурамчаар нөгөөгөө хардаж харилцаагаа бүүр ч хүнд байдалд оруулах бололтой.
Сарын 5-наас 28-ний хооронд Буд гараг буцах хөдөлгөөнд орсноор хүсэл тачаал чинь жирийн үеийнхээс илүү нэмэгдэн чамайг бодлогогүй үйлдэл хийхэд хүргэж, улмаар тун төвөгтэй нөхцөл байдал руу хөтөлж мэдэхээр байна. Хэрвээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол чиний өндгөн эс энэ сард жирийн үеийнхээс ихээр боловсорч үр тогтоох магадлал тун өндөр байх тул боломжийг бүү алдаарай. Ганц биечүүд цоо шинэ харилцааг эхлүүлэх эсвэл, хуучин харилцаагаа эргэж сэргээх хэдий ч од эрхэс чамайг хайр дурлалын амьдралдаа тун хүлээцтэй хандахыг зөвлөж байна шүү. Гэнэтийн буруу ойлголцлоос үүдэн амжилттай байх байсан харилцаагаа чи сүйтгэж магадгүй.Ажил дээрээ зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой ажлуудаас илүүтэй шинэлэг, бүтээлч санаагаа улам боловсронгуй болгох тал дээр чи түлхүү ажиллана. Өдөр тутам хийж гүйцэтгэдэг жижиг ажлуудаа хийхийнхээ хажуугаар өөрийнхөө алсын хараа, тэмүүлж байгаа зорилгынхоо талаар бодохдоо тусгайлан цаг гаргаарай гэж од эрхэс чамд зөвлөж байна. Заримдаа бид жижиг зүйлсэд хэт их анхаарал хандуулаад хамгийн чухал зүйлсээ мартчих гээд байдаг талтай шүү дээ.Ангараг гараг Тэнгэрийн ван гараг хоёрын давхцалын улмаас зарим ажил хэргийн түншлэл, хамтын ажиллагаанд чинь саад учирч, тогтворгүй болох эрсдэлтэй. Нөгөө талаараа шинэхэн бизнесийн хамтрагчтай учирч ажлаа урьдынхаасаа илүү бүтээмжтэй, ашигтай явуулах ч боломжтой болох нь. Сарын 20-ноос Нар чиний ажил хэрэг, эрүүл мэндийг чинь гэрэлтүүлж эхлэх учраас ажил хайж байгаа эсвэл албан тушаал өгсөхийг хүсэж байгаа Хилэнцүүдийн маань хүсэл эдгээр өдрүүдэд биелэх боломжтой. Хэсэг зуурын зугаа цэнгэлийн төлөө олон сар, жил цуглуулсан хадгаламждаа гараа дүрэх хэрэггүй шүү. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийвэл санхүүгийн хувьд энэ сард чамд ноцтой зүйлс тохиохгүй.Мөн хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болохыг хүссэн чиний хүсэл чинь луйварчингийн өгөөш болж мэдэх тул тодорхой биш, бүрхэг хөрөнгө оруулалт энэ сард хийхээс болгоомжил. Стресс, бухимдал энэ сард чамаас тун холуур байх тул бүхий л анхаарлаа ажилдаа төвлөрүүлэх боломжтой байх нь. Яг л цоо шинэ хүн болсон мэт эрч хүч, эерэг хандлагаар дүүрэн байх болно. Сарын 21-нээс хойш амьдралын буруу дадал зуршлаасаа болж биеийн эрүүл мэнд чинь бараг зэрэг доройтож магадгүй. Биеийн эрүүл мэндээ сайжрах хүртэл өөртөө амрах хугацаа олгохгүй бол эрүүл мэндийн асуудал чинь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх болно шүү.
Нум
Буд гарагийн буцах хөдөлгөөн хувийн амьдралд чинь нөлөөлснөөр чи энэ сард илүү дотогшоогоо нэгэн болон хувирч, шинэ хүрээлэл шинэ танилуудтай болохыг эрмэлзэхээс илүүтэй зөвхөн өөртэйгээ цагийг өнгөрүүлэн хувийн орон зайдаа хэн нэгнийг оруулахаас аль болох татгалзах аж. Гэртээ дийлэнх цагаа өнгөрүүлж байгаа чинь хайртад чинь тун их таалагдах учраас гэрлэсэн эсвэл хостой Нумууд маань хамтрагчтайгаа үл ойлголцох, муудалцах явдал бараг л гарахгүй. Та хоёрын харилцаа энэ сарын турш тун нам жим, амар амгалан байх нь. Харин ганц биечүүл маань энэ сард шинэхэн дурлалын романстай учрах магадлал тун тааруу байгаа учраас илүү цагаа гэр бүлийнхнийгээ халамжлахад зарцуулаарай.
Энэ сард дахин шинээр гэрээ хэлцэл байгуулах, олныг хамарсан томоохон үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ ажлын хамтрагч хайхаас илүүтэйгээр өмнө эхлүүлээд дуусгаж амжаагүй ажлуудаа гүйцээх нь илүү чухал. Ажлын хамтрагчидтайгаа өдөр бүр хуралдан шинэ санааны эрэлд гарахаас илүү ганцаараа төвлөрөн сууж ажлуудаа нэг нэгээр нь гараасаа гаргах нь чамайг илүү бүтээмжтэй байлгах юм шүү. Хийж байгаа ажлуудаа дахин нэг удаа том зураглалаар сайтар ажиглан шинжилж, засаж сайжруулах хэрэгтэй байгаа зүйлсдээ анхаарлаа хандуулаарай. Сарын 6-ны үед Тэнгэрийн ван гараг Нумын ордон дээр байрласны улмаас ихэнх Нумуудад маань одоо эрхэлж байгаа ажил нь өөрийнх нь жинхэнэ хүсэж байгаа зүйл биш юм шиг мэдрэмж төрөх бөгөөд өөрийг нь бүрэн дүүрэн илэрхийлж чадах, хийхийг хүсэж байгаа ажлынхаа талаар, мөрөөдлийнхөө талаар нухацтай бодож эхлэх нь. Сарын 21-нээс хойшоо ойрын ирээдүйн чинь илүү тодорхой илүү гэрэлтэй харагдаж эхлэх ч яаран адгаж гэнэтийн шийдвэрүүд гаргах хэрэггүй. Бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийхийн тулд бага зэрэг хүлээхэд огт гэмгүй.Санхүү, мөнгөтэй холбоотой томоохон асуудал энэ сард тулгарахгүй гэсэн сайхан мэдээ бидэнд байна. Орлого чинь сайн байх тул авахыг хүсэж байгаа зүйлдээ багахан хэмжээний мөнгө зарцуулж, өөрийгөө шагнаарай. Шинэхэн төсөл, ажил энэ сард эхлүүлэх гэж байгаа Нумуудад маань гэр бүлийн гишүүд нь санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэн, ажлаа төлөвлөснөөсөө хурдан дуусгахад туслах нь.Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлууд үүсэхгүй хэдий ч чамд сарын турш ихэнхдээ ядарсан мэт мэдрэмж төрөн илүү их унтаж, амрахыг л хүсэх болно. Ангараг болон Тэнгэрийн ван гарагууд хамтдаа Нумын ордон дээр энэ сард байрлаж байгаа тул чиний биеийн болон сэтгэлийн эрч хүч энэ сард тийм ч хангалттай их байж чадахгүй. Ажлын ачааллаа зөв тохируулж, чөлөөтэй цагтаа хангалттай сайн унтаж амарч байхыг хичээх нь энэ сард чиний хувьд тун чухал байх нь. Сарын 20-ноос хойшоо чиний эрч хүч эргэн ирэх тул гэр бүл дотны хүмүүстэйгээ хамтдаа ирж байгаа урин цагийг тэмдэглэн баярлаж, салхинд гарах гэх мэтийн сонирхолтой зүйлсийг хийгээрэй.
Матар
Ангараг болон Тэнгэрийн ван гарагууд энэ сарын 6-наас хойш Матрын ордон дээр байрлах учраас та нарын маань хайр дурлалын амьдрал энэ сарын турш сээтгэнэлээр дүүрэн өнгөрч, нэгэн хэвийн хайр дурлалын амьдралыг чинь хаврын дэггүй хөнгөн салхи өөрчлөх бололтой. Дурлалын амьдралдаа шинэчлэлт хийхийн тулд чи өөрийн хязгаарын түвшинг даван, хамгийн ихээр санаа зовж айж явдаг үйлдлээ ч хийж мэдэх нь. Ганц бие, хостой, гэрлэсэн аль нь ч байлаа гэсэн гэм зэмгүйхэн хэн нэгнийг чи шохоорхох бөгөөд энэ хөнгөхөн шохоорхол чинь чамайг өөрийнхөө үнэ цэнийг дахин мэдэрч, өөрийгөө илүү үнэлэхэд чинь тун их тустай байх болно шүү. Хамгийн ичимхий бүрэг Матрууд маань ч гэсэн өөрийнхөө мэдрэмж, хүслээ хайртдаа эсвэл дөнгөж танилцаад байгаа болзоот нэгэндээ хангалттай сайн илэрхийлж, харилцаандаа тун ч нээлттэй бөгөөд зоригтой хандах нь. Буд гарагийн буцах хөдөлгөөний улмаас хайр дурлалын амьдралд чинь сарын сүүлийн өдрүүдэд бага зэргийн бэрхшээлүүд тохиолдоно. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс асуудлыг харж өөрийнхөөрөө зүтгэн муйхарлалгүйгээр хайртынхаа оронд өөрийгөө тавьж хамтрагчаа ойлгохыг хичээх хэрэгтэй шүү. Ажил дээр чинь чамтай олон хүн буруу ойлголцсоны улмаас нэлээдгүй асуудлууд үүсэх аюултай. Хэрвээ чи ажил олгогч бол доор чинь ажиллаж байгаа ажилтнуудтайгаа энэ сард тийм ч сайн ойлголцож, нэг баг шиг ажиллаж чадахгүй нь. Ажлаа илүү урагшлуулахын төлөө тавьж байгаа чиний шаардлагыг бусад хүмүүс тийм ч эерэгээр хүлээж авахгүй . Санхүүтэй холбоотой асуудлууд энэ сард санааг чинь тийм ч ихээр зовоохгүй бөгөөд энэ сард урьд саруудтай харьцуулахад илүү их орлого олно. Ажлын хамт олонтойгоо учраа олохын тулд ажлаасаа гадуур тэдэнтэй цагийг өнгөрүүлж, хувь хүнийх нь хувьд тэднийг танин мэдэхийг хичээгээрэй. Гэртээ оройн хоолонд урьсан ч болно шүү дээ. Бие чинь чилээрхэж эмчид хандсан бол зөвхөн эмчийн бичиж өгсөн эмчилгээг л мөрдөн биеэ эмчлээрэй. Өөрөө дур мэдэн хүчтэй эм хэрэглэснээс үүдэн биеийн байдал чинь бүүр ч доройтох магадлалтай шүү. Турахын тулд хатуу хоолны дэглэм барих гэж байгаа бол энэ сард түр хойшлуулаад дараа сараас эхлүүлсэн нь дээр. Нислэгийн хуваарь хойшлох, очсон хотдоо төөрөх, хулгайчид дээрэмдүүлэх гээд гэнэтийн асуудлууд энэ сард гадаадад зорчих үед чинь тохиож мэдэх тул тун болгоомжтой аялахыг од эрхэс чамд сануулж байна
Хумх
Материаллаг зүйлс энэ сард хайр дурлалын амьдралд чинь нэлээдгүй нөлөө үзүүлэх болно. Олон жил хамтдаа амьдарч байгаа хосууд ч гэсэн мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдаж, харилцаагаа сэвтүүлэх аюултай. Нэн шаардлагатай л биш бол илүү худалдан авалт хийхгүй, аль болох зардлаа танан санхүүгийн сахилга баттай байж хосын харилцаагаа аварч үлдэхийг хичээгээрэй. Шинэ хүмүүстэй танилцаж, бяцхан сээтгэнэхэд буруудах зүйл байхгүй ч ганцаардсан мэдрэмжээ дарахын тулд зугаа цэнгээнд хэтэрхий их мөнгө зарцуулж болохгүй. Хэрвээ үнэхээр ганцаардаж байвал гэртээ найзуудаа дуудаад хамтдаа хоол хийж идэн, кино үзэж сэтгэлээ сэргээж болно шүү дээ. Сарын 6-наас хойш Шинэ сар Хумхын ордон дээр байрлан чиний өөрт байгаа нөөцөө зөв удирдан зохион байгуулахад болон зарцуулахад чинь санаа тавих болно. Сарын 5-наас 28-ний хооронд Буд гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр чамд орж ирэх ёстой байсан орлогууд саатаж, зарим нь хойшлогдож болзошгүй тул энэ сард маш сайн санхүүгийн сахилга баттай байх ёстойг од эрхэс чамд сануулж байна. Хамтран ажиллагч чинь ашгаа хуваах тал дээр чамтай зөрчилдөн маргаан дэгдээх бололтой. Сарын 22-24 ний хооронд Буд гараг Далай вантай давхцан төлөвлөж байсан ашигтай хэлцэлүүд цуцлагдах аюултай. Ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхэд энэ сар хамгийн тохиромжгүй. Энэ сард гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, тэднийгээ халамж хайран дунд бөмбөрүүлэхэд ихэнх цагаа зарцуулах нь ухаалаг үйлдэл байх болно шүү. Сугар гараг 26-ныг дуустал Хумхын орд дээр байрлах тул чи энэ хугацаанд аливаа асуудалд өөдрөгөөр хандах, мөнгөтэй холбоотой тулгарч байгаа бэрхшээлүүдээс ангижрах арга замыг олж харах хангалттай чадвартай байх болно. Дотоод сэтгэлээ тайван амгалан байлгахыг хичээх тусам асуудлууд чинь нэг нэгээрээ шийдэгдээд явах болно шүү. Оюун бодлоо сайтар цэгцлэхийн тулд дуртай сэдвийнхээ хүрээнд ном уншаарай хэмээн зөвлөе. Аль болох хөдөлгөөнтэй байж, ойр дотны хүмүүстээ өөрийн стрессээ халдаахаас зайлсхийгээрэй. Ажлын ачаалал чинь хууч өвчнийг чинь сэдрээх магадлалтай тул дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, дархлаагаа сайтар дэмж.
Загас
Хайр дурлалын амьдралд чинь багахан эргэлзээтэй асуудлууд гарч ирэх болно. Хамтрагч чинь харилцаанаасаа юу хүсэж байгааг чамд ойлгоход хэцүү байх бөгөөд та хоёрын эрс тэс ялгаатай зан чанарууд харилцааг чинь улам төвөгтэй байдалд оруулах магадлалтай. Сарын 5-аас 28-ний хооронд Буд гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр энэ харилцаанаас та хоёрын хүлээж байгаа хүлээлт, харилцаандаа гаргаж байгаа хүчин чармайлтууд улам тодорхойгүй болж эхлэх тул энэ хугацаанд бие биетэйгээ бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж дотроо байгаа зүйлсээ ил гаргах нь та хоёрын харилцааг хадгалж үлдэх хамгийн шилдэг арга зам ч байж мэдэх юм. Загаснууд маань байгалиасаа сайн сонсогч нар учраас энэ тохиолдолд хамтрагчаа маш сайн яриулж, тэдний хүслийг сайтар сонсохыг хичээгээрэй. Энэ сард зарим удаан хугацаанд үерхсэн Загаснуудын маань харилцаа ахиж, албан ёсны болж магадгүй(хамтдаа амьдарч эхлэх, хуримаа хийх, хүүхэд төлөвлөх гэх мэт). Хамтрагч чинь хэрвээ чамд энэ чухал саналыг тавихаас эмээгээд байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол чи өөрөө зориглоод түүнд санал тавьж болно шүү дээ. Гэрлэсэн үерхэж байгаа эсэхээс үл хамаараад бүх л Загаснууд энэ сард тун романтик, гэгэлзсэн сэтгэлтэй байж, харилцаагаа илүү сонирхолтой болгохын төлөө бүх санаачлагыг гартаа авах болно. Хэрвээ чи ганц бие бол дөнгөж болзож эхэлж байгаа нэгнээ сайн таниж байж дараагийн алхамдаа шилжээрэй. Хэт их найдлага тавих тусам чи сэтгэлээр их унана гэдгийг санахад илүүдэхгүй. Дөнгөж шинээр ажилд орж байгаа бол ажлын газрынхан чинь чамайг маш эерэг байдлаар хүлээн авах болно. Хэрвээ ажил хайж байгаа бол чи энэ сард тохирсон ажилдаа орох өндөр магадлалтай. Дотны найз нөхөдтэйгээ хамтран жижигхэн бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ сар тун тохиромжтой байх болно шүү. Ганцаараа бүх зүйлсийг хийх гэж зүтгэхээс илүүтэй дотны хүмүүс, найз нөхдийнхөө туслалцааг хэрэгтэй зүйл дээрээ авч байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд бялхсан их урам зоригоор дүүрэн байж чадахгүй ч стресс, бухимдал, дарамтаас холуур байх болно. Биеийн эрүүл мэндийн хувьд тийм ч ноцтой асуудлууд тохиохгүй. Гэхдээ дархлаагаа дэмжин, хангалттай сайн хооллохгүй бол хөнгөн зэргийн ханиад гэх мэтийн өвчин тусах магадлалтай. Гоо сайхан орж нүүрний массаж, бүтэн биеийн массаж хийлгэх, үснийхээ өнгийг өөрчлөх эсвэл бага зэрэг хэлбэртэй тайрах, амралтын өдрөөр ханатлаа дэлгүүр хэсэх гээд өөрийгөө хайрлаж, эрхлүүлэхээ энэ сард их ажлын дундуур бүү мартаарай. Өөрийгөө хайрлаж, өөртөө санаа тавьж байж л илүү бүтээмжтэй ажиллаж, илүү өөдрөг амьдрах болно шүү дээ.
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ