Дэлхий дахинд
Лондоны загварын долоо хоног “хүйсгүй” болно
Британийн загварын зөвлөл хүйсээр ялгасан шоуг орхих шийдвэр гаргаснаар энэ зуны зургадугаар сараас хойш 12 сарын турш Лондоны загварын долоо хоног хүйсэнд баригдахгүй зохион байгуулагдаж байхаар болжээ. Зөвлөлийн өчигдөр /2020.04.21/ зарласан энэ алхам 2012 онд загвар зохион бүтээгчдийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж эхэлсэн эрчүүдийн загварын долоо хоногт ашигтай завсарлага болж байна.
Ийнхүү эрэгтэй, эмэгтэй загварыг ялгаж, зааглахгүйгээр хольж үзэх шийдвэр гарах үндсэн шалтгаан нь коронавирусийн цар тахал байв. Цар тахлаас болж дэлхийн загварын салбар хямралд орж, олон улсад дэлгүүрүүд хаагдаж, ажилчид нь захиалгаа цуцалж, өөр ажил олж хийхээс өөр аргагүйд хүрч байна. Улмаар хамгийн анхны “хүйсгүй” Лондоны загварын долоо хоног зургадугаар сарын 12-нд эхлэхээр боллоо. Гэхдээ хөл хорио, зай барих зэрэг дэглэм, дүрмийг баримталж, хоёроос дээш хүн цуглуулахгүй, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүйгээр цахим хэлбэрээр болохоор боллоо. Их Британи өнөөгийн байдлаар л гэхэд 129 мянга гаруй иргэнийхээ эрүүл мэнд, тэр дундаа 17 мянга гаруй хүнийхээ амь насыг алдаж, цар тахалд чанга цохигдсон байгаа учир тийнхүү дэг журам баримтлах нь хамгаас чухал билээ.
Зөвлөлийн мэдэгдсэнээр анхны “хүйсгүй” загварын долоо хоног загвар зохион бүтээгчдэд илүү уян хатан, хөрвөж ажиллах боломжийг олгохын сацуу шинэ боломжуудыг нээж, дэлхийн загварын салбарт өөр байдлаар үлгэр жишээ болох боломжийг олгож буй гэнэ.
“Цар тахал нүүрлэсэн өнөө үед бид бүхэн амьдарч байгаа нийгэмдээ, өөр өөрсдийнхөөрөө амьдарч бизнесээ цаашид үргэлжлүүлэх тал дээр маш болгоомжтой ханддаг болгож байна. Харин нөгөө талаас бид илүү байгальд ээлтэй, бүтээлч, юмны үнэ цэнг сайн мэдэрдэг болох байх” хэмээн Британийн загварын зөвлөлийн гүйцэтгэх захирал Каролин Раш хэлжээ. Хувцас загварын салбар одоо ч биш аль хэдийнээс л хүйсэнд хязгаарлагдахаа больж, байгальд ээлтэй байх талаар бодож эхэлсэн билээ. Тиймээс зөвлөлийн энэ шийдвэрийн дагуу эрэгтэй загвар, эмэгтэй загварын шоуг нэг дор зохион байгуулахад цар тахал дууссаны дараа ч гэсэн болохгв гэх зүйлгүй билээ. Сүүлийн үед гарч ирж буй олон брендүүд өөрсдийгөө хүйсэнд зориулж ажилладаггүй гэж тодорхойлох бөгөөд нөгөө талаас ч өөрсдийгөө хүйсээр ялгуулахыг дургүйцэх болсон Z үеийнхний эрэлт үүнтэй сайн таарч байгаа юм.
Өнгөрсөн үед харин загвар зохион бүтээгчид зарим нь хичнээн хүйс ялгахгүй ажиллана гэдэг ч ихэнхдээ худалдан авагч, хэвлэлүүдийн анхаарлын төвд илүү өртдөг эмэгтэй загварын салбарт ажиллах нь их байлаа. 2018 онд загвар зохион бүтээгчдийн зөвлөл Нью Йоркын загварын долоо хоногт шинээр гуравдагч төрөл оруулсан нь “Юнисекс/ хүйсгүй” гэх төрөл байсан юм. Энэ төрөлд тухайн үедээ Vaquera, Telfar зэрэг брендүүд хүйс хамаарахгүй өмсөж болох загваруудаа танилцуулж байлаа. Энэ нь хүмүүст хувцас хэрхэн хөрвөх чадвартай, хаягдал багатай, байгальд ээлтэй байж болох вэ гэдгийг олж харах өөр нэг шинэ цонх болсон билээ.
Загварын шоуг цахим хэлбэрээр зохион байгуулах алхам ч гэсэн хөл хориотой, нислэг багатай, эрсдэлтэй энэ үед хамгийн ашигтай бөгөөд зөв, байгальд ээлтэй алхам болж байна.
Энэ сарын эхээр Москвагийн загварын долоо хоног мөн ижил цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, богино кино контентүүд, сэтгүүл, зургийн цомог санал болгосон нь дэлхий даяар 800 мянган хүнд амжилттай хүрсэн гэнэ. Зохион байгуулагчид уг нь тайзны шоуг шууд дамжуулах аргаар зохион байгуулахаар төлөвлөсөн ч цөөн ч хамаагүй хүн цуглуулах нь эрсдэлтэй гэж үзээд цуцалсан байна. Британийн загварын зөвлөлийн мэдээлснээр Цахим загварын долоо хоногт загвар зохион бүтээгчдийн тэмдэглэл, танилцуулга, үзүүлэнгийн өрөө, сэтгэгдэл, подкаст зэрэг багтаж буй аж. “Энэ шийдвэр танд эрүүл, ганцаарчилсан үйлчилгээ санал болгож, уламжлал ёсоор маш их урам зориг өгж чадна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн Раш ярьжээ.
Эх сурвалж: CNN.COM