Улс төр
Ардчилсан нам МАНАН-гийнхны сүүлчийн хоргодох байр болжээ

Өгсөн гишүүд нь нэг тамтай, авсан С.Эрдэнэ 10 тамтай
Монголын улс төрд бий болсон МАНАН бүлэглэлийнхэн эдүгээ АН-д толгой хоргодохоор үхэн хатан зүтгэж байна. МАНАН-гийн гол толгойлогч Ц.Элбэгдорж Ардчилсан намын сонгуулийн бүх зургийг зурж, төөргийг нь үзэж суугаа болохоор арга ч үгүй биз. Пүрэв гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж бие даан нэр дэвшихээр шийдэж, гарын үсгээ цуглуулж эхлээд байсан Сангийн сайд асан С.Баярцогт, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн хувийн эзэмшлийн “Блүүмбэрг ТВ”-ийн захирал Э.Долгион нарыг намдаа элсүүлжээ. Элсүүлэх элсүүлэхдээ шууд намынхаа удирдах дээд байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ногоон гэрлээр сонгосон байна. АН-д насаараа үнэнч зүтгэсэн эгэл жирийн гишүүн нь мөнгөгүй л бол орж чаддаггүй Үндэсний бодлогын хороо гэгч энэ байгууллагад нь ийнхүү крандуулан орж ирсэн улстөрчдийн хувьд С.Жавхлангаас бусад нь бүгд МАНАН бүлэглэлийнхэн. Тиймээс энэ бол Ц.Элбэгдоржийн сценариар явж буй драм гэдэг нь тодорхой. Сэлэнгэд бие даах гээд гарын үсэг цуглуулаад явж байгаа С.Баярцогтыг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болгох төлөвлөгөө Ц.Элбэгдоржоос л гарна. Тэрбээр өөрийн гарын хүн Б.Хурцад үүрэг чиглэл өгч С.Баярцогтыг тултал нь дэмжихийг даалгасан гэх мэдээлэл ч бий. Энэ мэтээр АН-ын нэр дэвшигчид Эбигийн тааллаар тодрох нь ойлгомжтой болжээ.
Гэтэл нөгөө талд АН-ын дарга С.Эрдэнэ 100 саяын хандивууддаа барьцаалагдан, гишүүд, дэмжигчдэдээ адлагдан, тун хүндхэн амь наана, там цаана гэгч болж байгаа ажээ. Түүний хувьд Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёртой хэл амаа ололцон, өөрийн хүмүүсээ дэвшүүлэх гэж үйлээ үзэж, үсээ зулгааж суугаа гэнэ. Нийгмийн даатгалд байхаасаа хажуудаа дагуулж, хамтдаа идэж ууж, орон шоронд хүртэл хөтлөлцөн орж явсан Д.Үүрийнтуяагаа Сэлэнгэд дэвшүүлэхээр бэлтгэж байтал Ц.Элбэгдорж нэрийг нь татуулан С.Баярцогтыг оруулж ирж байгаа зэргээс харахад С.Эрдэнэ МАНАН бүлэглэлийнхээ өмнө ацан шалаатай, ам нь таглаатай байгаагийн илрэл. Дээр нь 200-гаад гишүүнээсээ 100 сая төгрөгийн дэнчин авчихсан хүн хутганы ирэн дээр сууснаас ялгаа юун. Алдсан хүн нэг тамтай, авсан хүн арван тамтай гэгч одоо С.Эрдэнийн хүзүүгээр татаж буй.
Аргаа барсан АН Жавхлан, Баасанхүүг царайчлав
Улс төрд өөрийн гэсэн зарчим, соёл гэж бий. Ардчилсан намд энэ хоёр зүйл ор мөргүй алга болжээ. Намд нь биш удирдлагад нь гэвэл илүү оновчтой юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэд зарчим, соёл, хэм хэмжээ гэж байхгүй болсны жишээ нь нэгэн цагт хонь, чоно болж муудалцан, чуулганы танхимд нохой, гахай, тэнэг солиотойгоор нь дуудаж байсан О.Баасанхүү, дөрвөн жил УИХ-д суухдаа ганц ч хуулийн төсөл санаачлаагүй, “ардчилал бол ардаа чилээж ал” гэсэн үг гэх мэтээр бурж суусаар бүрэн эрхээ дуусгаж буй дуучин С.Жавхлан нарыг намдаа элсүүлсэн явдал. АН муугийн муу, ёроолын ёроолд унахад энэ л дутуу байсан бололтой. Уг нь улс төр бол дүрэм, журам, зарчимтай тоглолт. Ардчилсан нам зарчим ярихаа больж, дүрэм, журмаа уландаа гишгэх болсны тод томруун жишээ энэ. Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, Л.Болд, Ж.Батзандан хоёрыг хөөж явуулаад О.Баасанхүү, С.Жавхлан хоёрыг урьж залан гишүүнээр элсүүлж байгаа АН-д сонгогчид итгэх үү. Түүнчлэн нэг хоржоонтой мэдээ олны сонорт хүрсэн нь АН-ынхан “Хонхны дуу”-г С.Жавхлангаар дуулуулж намдаа элсүүлчихээд, харин ар хударгаар нь Баянзүрх дүүргээс дэвших гэж буй “Хонхны дуу”-г амьдруулсан С.Цогтсайхан агсны дүү НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг жийж байгаа ажээ. Учир нь УИХ-ын дарга асан З.Энхболд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон гэнэ.
2012 онд Ц.Элбэгдоржийн түлхээсээр Ерөнхий сайд болох гэж улайран зүтгэж байсан З.Энхболд ийнхүү намынхаа шинэ залуу гишүүний мандатыг булаан авч байгаа нь АН-ын сонгуулийн зургийг МАНАН бүлэглэлийнхэн зурж байгаагийн тод илрэл юм. Тэд АН-ыг сүүлчийн хоргодох байраа болгож, үхэхдээ үхэр буугаа тавихаар амь тэмцэн улайрч байна.
Г.Хангарди

Улс төр
ТББХ: Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны талаар тус зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулсан юм.
Төрийн албаны зөвлөл 2024 онд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн чиглэлээр болон төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр, төрийн албаны үйл ажиллагаанд хэрэгжиж байгаа хөтөлбөр төслийн хүрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажилласныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой зүйл заалт, зорилтуудын биелэлтэд хянан шинжилгээ, үнэлгээг хийсэн байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүн 55-71 хувьтай гарсан бөгөөд улсын хөгжлийн бодлого, дунд хугацааны бодлого болон төрийн албаны хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой зорилтуудын биелэлт санасан хэмжээнд хэрэгжихгүй байна гэж үзэн хяналт шинжилгээ хийжээ. Нийт 26 арга хэмжээний 20,7 хувь нь үр дүнтэй хэрэгжиж байна, 71 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 24 нь эрчимжүүлэх шаардлагатай, 5 арга хэмжээ буюу 3,9 хувь нь үр дүн нь тодорхой хэмжээнд дүгнэгдээгүй гэсэн үнэлжээ. Үүний шалтгаан нөхцөл нь төлөвлөлтийн суурь судалгааг хангалттай хийдэггүй, тооцоолол буруу, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ үндсэн шалгуур үзүүлэлтэд нь нийцүүлэн шаардлагатай төсөв баталдаггүйтэй холбоотой байна гэж дүгнэсэн байна
Төрийн албан хаагчдын сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөр нь төрийн байгууллагуудын хувьд хамгийн чухал хөтөлбөрийн нэг бөгөөд үүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд ийм хөтөлбөртэй байгууллага цөөхөн байжээ. 44 байгууллага Төрийн албаны зөвлөлд материал ирүүлснээс 35 нь албан ёсны хөтөлбөртэй, хөтөлбөрийн биелэлт улсын хэмжээнд 72,1 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв.
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд ерөнхийд нь судалгаа хийж, давхардал хийдэл байгаа эсэх, үр нөлөөг нь дээшлүүлэх талаар зөвлөгөө үйлчилгээ үзүүлж ажиллажээ. 2021 оноос хойш төрийн байгууллагуудад хэрэгжсэн төслүүдийн судалгаануудыг нэгтгэж авч үзэхэд нийт 225 төсөл, хөтөлбөрийн 21 хувь нь улсын төсвийн санхүүжилтээр, бусад нь гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн байна. Нийт төслийн 39 хувь нь дууссан, 60,1 хувь нь хэрэгжиж буй бөгөөд төсөл хөтөлбөрүүдийн нийцэл, улсын хэмжээнд хэрэгжиж чадаж байна уу гэдэг асуудал гарч байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уулзалт зохион байгуулж, найман төрлийн зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ.
2024 онд бүх яам, агентлаг Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад хяналт шалгалт явуулж, чиг үүрэг бодит байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолт хийгдсэн эсэхэд хяналт шалгалт явуулж, алдааг засуулах ажлуудыг хийжээ. 21 аймгийн Засаг даргын Тамгын газарт 2024 онд очиж ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, 51 байгууллагын 4695 албан тушаалын тодорхойлолтыг хянасан гэлээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 5000 гаруй төрийн байгууллагын 14 мянган албан хаагчдад хүрч ажиллажээ. 2024 онд бүх аймаг, яам, агентлаг, нийслэлийн дүүргүүдэд очиж ажиллан хуульд заасны дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд үүний үр дүнд сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалга өнгөрсөн оноос 53 хувиар буурсан гэсэн мэдээллийг өгсөн. Сонгон шалгаруулалтын захиалгаа өгөхөөс эхлээд алдаа мадаг их гардаг байсныг Л.Цэдэвсүрэн дарга тодотгоод, сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл гомдол, томилгооны зөрчлийн тоо өмнөх оноос 16,6 хувиар буурсан гэлээ.
Хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй байхад бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын тодорхойлолтыг өөрчилдөг байсан зөрчлүүд ерөнхийдөө арилж, өмнөх оноос энэ зөрчлийн тоо 40 хувиар буурлаа гэв. Төрийн байгууллага, албан хаагчдын бүртгэлийг цахимжуулах, ялангуяа төрийн албан хаагчид өөрийнхөө хувийн хэргийн бүртгэлийг цахимаар шалгах боломжийг нь нээснээрээ тоон мэдээлэл болон цахим системийн үйл ажиллагаанд үр дүн гаргасан гэдгийг дурдсан.
Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилт болон чадахуйн зарчмын хэрэгжилтэд аудит хийсэн гэсэн мэдээллийг өгсөн. Мөн төрийн албаны ерөнхий болон тусшай шалгалт, төрийн албан хаагчдын тоо бүртгэл, боловсролын түвшин, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны цахим систем, маршаан шийдвэрлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Төрийн албаны үйл ажиллагаа харьцангуй сайн байгаа хэмээгээд, цаашид тайланд үнэлгээ хийдэг байгууллагуудын аргачлалуудыг нэгтгэхэд анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, Төрийн албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж хуульд заасан. Жил бүрийн тайлангаас харахад цөөн байгууллага ийм хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ нөөц хязгаартайгаас болоод болоод хэрэгжүүлж чаддаггүй юм байна. Цаашдаа нэгдсэн хөтөлбөртэй байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. Ямар үндэслэлээр ийм байр суурь илэрхийлж байна вэ хэмээн асуусан.
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Засгийн газар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны нэгдсэн хөтөлбөрийг батлах ёстой. 2024 онд хяналт, үнэлгээ хийхэд Засгийн газар хөтөлбөрөө албан ёсоор батлаагүй байсан. Засгийн газар хөтөлбөрөө батлаагүй бол төрийн байгууллагуудын баталсан хөтөлбөрүүдэд нь хяналт шинжилгээ, үнэлгээ хийж үзье гээд бүх төрийн байгууллагууд руу хандахад 44 байгууллага хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл ирүүлснээс 35 нь өөрийн гэсэн хөтөлбөртэй, бусад нь үйл ажиллагааны төлөвлөгөөндөө албан хаагчдаа сургана, хөгжүүлнэ, нийгмийн баталгааг нь хангана гээд тусгасан байсан. Тэгээд бид Засгийн газарт зөвлөмж чиглэлээ өгөхдөө нэгэнт хуульд заасан учир Засгийн газар нэгдсэн журмаар хөтөлбөрөө батлах нь зөв. Үүний дараа бусад төрийн байгууллагууд дэд хөтөлбөрүүдээ батлах нь зүйтэй гэж тусгасан. Хэдийгээр төрийн байгууллагууд хөтөлбөрөө баталдаг ч төсөв байхгүйгээс болоод хэрэгжилт нь туйлын хангалтгүй байна гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүд мэдээлэл технологийн чиглэлээр төрийн албанд сайн мэргэжилтнийг ажиллуулах гэхээр цалин хөлстэй холбоотой үүсдэг асуудлын талаар, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Улсын Их Хурлын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны тавдугаар сарын 05-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, М.Бадамсүрэн, Ж.Батжаргал болон Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-уудын холбогдох албан тушаалтнууд, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ ажлын хэсгийн үйл ажиллагааны явц, орон нутагт ажилласан талаар болон өнөөдрийн хэлэлцүүлгийн хөтөлбөр, дарааллын талаар танилцууллаа.
Үүний дараа Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр холбогдох хуулийн судалгаа, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагаа болон олгож буй зээлийн талаар танилцуулав.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна тоног, төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, бизнес инкубацийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжих стратеги боловсруулах, орон нутагт ахуйн үйлчилгээний төв, сумдад ахуйн үйлчилгээний цэгийг байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцүүлэг санал асуулгаар үргэлжилсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллөөс тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хүсэлтээ илэрхийллээ. Тухайлбал, сангуудыг хөрөнгөжүүлэх, дүүргээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт хүртээмжгүй байгааг онцлон хэлэв. Түүнчлэн экспортын бодлого, төлөвлөгөө гаргаж, төрөөс санхүү болон бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Томоохон төслүүдийн хүртээмжийн асуудлаас гадна эргэлтийн хөрөнгө бага байгааг хэлж байна.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлэлцүүлгийн төгсгөлд “Өрхийн бичил бизнес эрхлэгчдийн асуудалд анхаарал хандуулж, тодорхой зохицуулалтуудыг тусгах шаардлага бий. Цаашид худалдан авалт болон татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлаар хуульд өөрчлөлт оруулна. Экспорт болон дотоодын худалдан авалтыг хангах, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх чиглэлээр бүхий л талаас нь бодолцож эрх зүйн орчныг сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж, холбогдох судалгааг хийж байна” гэлээ. Ингээд оролцогчдод талархал илэрхийлж, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой саналуудаа ажлын хэсэгт ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна. Тэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлтээ гаргах болсны дагуу 2005 онд УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, 2012 оноос гадаад улс дахь монголчуудын санал өгөх эрх хуулиар нээгдсэн.
Энэ дагуу хилийн чанад дахь монголчууд тухайн орныхоо дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж бүртгүүлэн, саналаа өгдөг болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй хэвээр байсан тул оролцоо хангалтгүй, сонгуулийн ирц муу байх шалтгаан болов.
Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр 80 гаруй улсад ажиллаж, амьдарч буй 200,000 гаруй монгол иргэдийн оролцоог хангах үүднээс анх удаа иргэдээ цахимаар бүртгэсэн боловч саналаа биечлэн очиж өгдөг асуудал хэвээр үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн цахим бүртгэлд хилийн чанад дахь 13,095 иргэн хамрагдсанаас ердөө 50 хувь буюу 6000 гаруй нь саналаа өгчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад, цахим бүртгэл амжилттай явагдсан ч биечлэн очдог байдал сонгуулийн оролцоо, идэвхийг бууруулав. 2020 оны тухайд гадаад дахь 4600 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, 3200 нь саналаа өгч байжээ.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байна.
Тухайлбал, ЦХИХХЯ-ны төлөөлөл 2024 онд сонгуулийн санал өгөх цахим системийг нэвтрүүлсэн анхны улс болох Эстонид туршлага судалсан. Эстони улс 2005 онд дэлхийд анх удаа үндэсний сонгуульдаа интернэтээр санал өгөх системийг нэвтрүүлж, 2023 онд иргэдийнх нь саналын 51% нь цахимаар ирсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тус улс i-Voting системийг ашигладаг.
Тэгвэл энэ удаа Филиппин улсын сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судлах гэж байна.
Филлипинчүүд 2025 оныхоо сонгуулийг тавдугаар сарын 12-нд цахимаар явуулна. Филиппиний Сонгуулийн Хороо 77 улс дахь 1.2 сая иргэнийхээ сонгуульд оролцох эрхийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-наас цахим санал хураалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд урьдчилсан бүртгэлийг 100 хувь онлайнаар хийсэн байна. Саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт, блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашиглаж байгаа аж.
2023 оны байдлаар 10 гаруй улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг цахимаар авах ажлыг ямар нэгэн хэлбэрээр туршсан эсвэл албан ёсоор хэрэглэж байна.
-
Улс төр2 цаг өмнө
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
-
Улс төр3 цаг өмнө
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360 болжээ
-
Улс төр2 цаг өмнө
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна
-
Нийгэм2 цаг өмнө
“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдаалах гэж байжээ
-
Нийгэм1 цаг өмнө
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 885 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав