Энтертайнмент
Царай таних технологи ба хүний эрх, хувийн нууц
Хурууны хээ, нүд, нүүр царай бол бидний цор ганц давхцахгүй өгөгдөл хийгээд хамгийн аюулгүй байх учиртай халдашгүй өмч юм. Гэтэл технологи хөгжиж цаас цахимжихын хэрээр нууцлал, аюулгүй байдал гэх ойлголт байхгүй боллоо. Төр, хувийн хэвшил үйлчилгээгээ хялбарчлах нэрээр иргэний хурууны хээ, регистрийн дугаарыг хүссэн цагтаа нэхэж авдаг. Гэвч үүний цаана иргэдийн хувийн мэдээлэл хэний ч гарт орчихсон, ямар ч зүй бус зүйлд ашиглагдаж мэдэхээр байгааг санаж болгоомжилдог хүн гэж ер алга.
Өөрөөр хэлбэл, хурууны хээний тусламжтайгаар байршлыг нь мэдээлж, тагнаж, чагнаж, банк санхүү, бүртгэлийн аюулгүй байдалд дур зоргоороо нэвтэрч, хэн нэгний өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэхгүй гэдгийг технологийн мэргэжилтнүүд хэлдэг. Өнөөдөр иргэдийн хурууны хээ төрийн байгууллагуудаас гадна банк санхүү, сүлжээ дэлгүүр, гар утасны оператор компаниуд гээд хэдэн ч газар байгааг мэдэхгүй.
Өнөөдөр иргэдийн хурууны хээ төрийн байгууллагуудаас гадна банк санхүү, сүлжээ дэлгүүр, гар утасны оператор компаниуд гээд хэдэн ч газар байгааг мэдэхгүй.
Тэр хэрээр хувийн нууц мэдээллийг хэн, хэрхэн хамгаалж байгаа нь бүр тодорхойгүй. Энэ мэтчилэнгээр ямар ч хууль дүрэмгүй учраас захын байгууллага хувь хүний давхцахгүй өгөгдөл болох хурууны хээ нэхэж авчхаад хувийн мэдээллийг ямар нэг байдлаар алдлаа гэхэд иргэн хохироод үлдэх хууль эрхзүйн орчин “үйлчилж” байна. Тиймээс энэ эрсдэлийг тооцож, төр иргэнийхээ давхцахгүй өгөгдлийг хамгаалахгүй бол үндэсний аюулгүй байдалд түгшүүр зарлаж буйг “Зууны мэдээ” сонин удаа дараа хөндөж ирсэн.
Бид “Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, “Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, “Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй”, “Хувийн мэдээллийг “Мэдээллийн комиссар”-аар хамгаалуулахаар тусгажээ”, “Төрийн ой санамжийг хадгалдаг байгууллага төсөв бүрдүүлдэг байж болох уу”, “Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна” зэрэг цуврал нийтлэл, сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн билээ.
Тэгвэл энэ удаад хотыг камержуулж, нийтийн аюулгүй байдлыг хангах нэрийдлээр царай таних камер байршуулж байгаа нь төр иргэнийхээ хувийн нууцад ямар ч хууль журам зөвшөөрөлгүй халдаж байгааг хөндөж байна.
ЦАГДААГ АВТОМАТЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ЭРСДЭЛ
Хориннэгдүгээр зуунд дижитал технологиос зугтах аргагүй. Гэвч ямар ч бэлтгэл, зохион байгуулалт, хууль журамгүйгээр цахим хувьслыг дагаж бүхнийг хялбарчлахаар зүтгэх нь хүний хувийн нууц, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл юм. Угаас технологитой зэрэгцэн кибер аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Үүний нэг жишээ нь гэмт хэргийг бууруулж, хууль хүчний байгууллагын ажлыг хөнгөвчлөхөөр санаачлан хэрэгжүүлж буй царай таних технологи юм.
Царай таних систем гэдэг нь видео бичлэг дээр суурилсан хүний царайг таньж, тогтоох чадвартай программ хангамж. Энэхүү технологи нь дижитал бичлэг эсвэл зурагнаас хүний царайг танин, хэлбэр хэмжээ, сүүдэр зэргийг нь харьцуулж, анализ хийсний үр дүнд тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулах, түүнийгээ нэгтгээд, дата бааз үүсгэдэг биометрийн програм хангамж хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, аль нэг байгууллагад нэвтэрсэн хүний бичлэгийг шүүж үзэхийг хүсвэл цаг эсвэл байршлын мэдээллийг оруулахгүйгээр ямар нэг тодорхой шинж тэмдгээр нь түлхүүр үг хийж хайхад тухайн хүний бичлэг гарч ирдэг ухаалаг технологи юм.
Түүнчлэн автомашиныг өнгөөр нь хайж гаргаж ирэх гэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар царай таних технологиор гэмт хэрэгтнийг хянахын тулд Монгол Улсын гурван сая иргэний гадаад төрх, хувийн мэдээлэл нэг компьютерт байршина. Барометрийн тусламжтайгаар мэдээллийг нарийвчлан харж болох юм. Муугаар яривал нэг л компьютерыг хакердахад Монголын бүх иргэний мэдээлэл аюулд орж ямар ч байдлаар ашиглаж болох эрсдэлтэй. Үнэндээ манайх шиг иргэнийхээ хувийн мэдээллийг замбараагүй хуулбарлах эрх олгож, төрийн төв сервер нь цаг минут тутамд халдлагад өртөж байдаг улс оронд царай таних технологи ахадна гэдгийг тодотгож буй.
Манай улс царай таних технологийн тусламжтайгаар хотыг бүхэлд нь камержуулж аюулгүй болгоно гэж төрийн албаныхан тайлбарлаж байгаа. Нэг ёсондоо камерын хяналт нь хүнийг мөрдөн мөшгөж буй үйлдэл юм. Ингэж цагдааг автоматжуулснаар гэмт хэрэг буурна гэж байгаа ч цаадах эрсдэл, аюулыг нь бүрэн тооцоолсон эсэх нь бүрхэг байна. Хүний хувийн өгөгдлийг зөвхөн хуульд заасан үндэслэл, шаардлага, хэмжээгээр, эсхүл өгөгдлийн эзний зөвшөөрлийн дагуу боловсруулах ёстой ч манай улсад өгөгдөл хамгаалах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Өгөгдөл хамгаалах хууль гэж өнгөрсөн жилээс хойш ярьсан ч ахиц дэвшил гарч, баталгаажуулсангүй.
Хувийн эмзэг өгөгдлийг боловсруулах зохицуулалт байхгүй нөхцөлд нийслэлд хэрэгжүүлж буй “Нэг тархи” нэгдсэн системийн хүрээнд гурван үе шаттайгаар гудамж, талбайн 80 хувийг хянахын тулд хүний нүүр царайгаар таньдаг ухаалаг 2000 камерыг суурилуулах гэж байна. 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт, 1400-г нь нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулахаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх онд хотын суурьшлын бүсийн 40, 2022 онд хотын 80 хувийг хянахаар тооцоолжээ.
Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт 50 хувь буурна гэж үзэж 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Энэхүү нүүр таних технологийг эерэг талаас нь харвал гэмт хэрэг бууруулах нэг шийдэл байж болох ч эрсдэлийг нь тоохгүй өнгөрч боломгүй. Нэгдүгээрт, царай таних камер нь хувийн нууц, хүний эрхэд халдсан үйлдэл үү. Хувийн мэдээлэл агуулсан их хэмжээний датаг аюулгүй хадгалж чадах уу. Хувийн мэдээллийг нь ашиглахдаа иргэнээс зөвшөөрөл авах хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн зэргээр олон асуулт гарч ирнэ. Гэвч одоогоор энэ бүх асуултын хариулт тодорхой бус байна.
Үндсэн хуульд зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно. Мөрдөгч харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж холбогдох хуульд заасан. Мөн эрх бүхий албан тушаалтан хувийн зорилгоор албаны техник хэрэгсэл ашиглан бусдыг мөрдөж мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр хүнийг нүүр царай, хөдөлгөөн, үйлдлээр хянах технологи хүний эрх, хувийн нууцад халдаж байгаа хэрэг бус уу.
ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДДОГ 20 МЯНГАН ХҮНИЙГ ХЯНАХЫН ТУЛД 1.5 САЯ ХҮНИЙГ ХАМТ МӨРДӨНӨ
Хувийн байгууллагууд иргэдийн хурууны хээг авахдаа ямар ч зөвшөөрөл авдаггүй. Хянадаг газар ч байхгүй. Гэтэл гадаад дотоодоос аж ахуйн нэгж байгууллагуудын серверт хадгалагдаж байсан мэдээллийг хуулбарлаж аваад мөнгө нэхдэг. Хоёр байгууллагын хоорондох мэйлийг хакердаж мэдээллийг нь өөрчлөөд мөнгийг нь авчихдаг хэргүүд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст цөөнгүй бүртгэгдсэн.
Мөн хүний хувийн нууцыг задруулж, мөрдөж мөшгөсөн хэрэг ч гарч байна. Тэгвэл гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр нүүр таних технологи нэвтрүүлж нийслэлчүүдийг гудамж талбайд явахад нь байнга харж хянах царай таних технологийн цаана ямар эрсдэл нуугдаж байгааг хэлж мэдэхгүй.
Лондонд нэг хүнийг баривчлахын тулд 13200 хүний царайг скайнердсан гэх мэдээлэл бий.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сэжигтэй тохиолдлыг шинж тэмдгээр нь таньж, тухайн хүний байрлал, явсан мэдээллийг илрүүлэх нь хотын бүх оршин суугчийг гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэж, камераар хянана гэсэн үг. Хэрэг хийгээгүй мөртлөө хэрэгтэн мэт хэзээ, хаагуур явж, хэнтэй уулзаж буйгаа байнга мөрдүүлнэ гэсэн үг хэмээж буй.
Лондонд нэг хүнийг баривчлахын тулд 13200 хүний царайг скайнердсан гэх мэдээлэл бий. Тэгвэл манайд цагдаагийн байгууллагын мэдээллээр жилд 18000-20000 гэмт хэрэг бүртгэгддэг.
Тухайлбал, 2019 онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг гарсны 20 261 нь нийслэлд бүртгэгджээ. Үүний 27 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн байна. Ингэж тооцвол гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй 20 мянган хүнийг хянахын тулд 1.5 сая хүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй ямар нэг хууль дүрэмгүйгээр мөрдөн мөшгөж, хажуугаас нь байнга камераар харж хянах юм.
Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад, дүнгээ өөрчилж байна.
Энэ талаар Нийслэлийн мэдээллийн технологийн газар “Хүний царай таних, харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар, зогсоолын сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан машин, хүний байрлал, маршрутыг дагаж мөрдөх, осол гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг давуу талтай ухаалаг систем нэвтрүүлнэ.Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар, эсвэл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних, хайх боломжтой” гэж тайлбарласан.
Төр, хувийн хэвшил гэлтгүй технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, ажлаа амарчлахын тулд бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэхдээ технологиор зэвсэглэж байгаа нь сайн ч мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг орхиж хэрхэвч болохгүй. Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад, дүнгээ өөрчилж байна.
Хэсэг залуус нийлж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан, сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй их сургуулийн оюутнууд сургуулийнхаа системд нэвтэрч тааруухан дүн авсан нэгнээ тэтгэлэгт хамруулсан, сайтын серверт хандаж хэдэн мянган ном хуулбарласан. Монголын томоохон худалдааны компаниудын өмнөөс түнш байгууллагуудтай нь харьцсан, цахим шууданд хортой кодоор нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан зэргээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд олширч байгаа нь Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт буйн баталгаа юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.