Эдийн засаг
Монгол Улс эрдэс баялгийн орлогынхоо 1 ам.доллароос ЕРДӨӨ 1 ЦЕНТИЙГ хойч үедээ хуримтлуулдаг
Дэлхийн Банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Тус тайлан нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн загварыг үнэлсэн гэдгээрээ онцлогтой.
Уг тайланд үндсэн гурван бүлэг асуудлыг хөндсөн.
- Эхний бүлэгт, Макро эдийн засгийн тогтворгүй байдлын шинж чанар, суурь шалтгаан, төсөв, мөнгө, ханш, санхүүгийн салбарын бодлогоор дамжуулан тогтворгүй байдлыг хэрхэн бууруулах талаар авч үзнэ.
- Удаах бүлэгт, Хоёрдугаар тулгуурын дагуу бүтээмжийн асуудлыг макро болон компанийн түвшинд авч үзээд бүтээмж бага байгаагийн суурь хүчин зүйлийг тодорхойлж, бодлогын зөвлөмжийг өгнө.
- Эцсийн бүлэгт, Гуравдугаар тулгуурын дагуу Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийн хязгаарлагдмал байдал, суурь шалтгаан болон бодлогын зөвлөмжийг танилцуулна.
Хүний болон институцийн хөгжил нь улс орны ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх учиртай
“Уул уурхай ба оюун ухаан” эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаанаас онцлоход: “Уул уурхайн салбар нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгуур болж байгаа ч хүний болон институцийн хөгжил нь улс орны ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх учиртай. Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгийн өнөөгийн загвар нь ирээдүйд тогтвортой өсөлт авчрах нь эргэлзээтэй бөгөөд ирээдүйн өсөлтийн зогсонги байдалд ч хүргэх эрсдэлтэй” хэмээн бичжээ.
Түүнчлэн Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөнджээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг зөвлөсөн байна.
МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС УЛАМ ХАРААТ БОЛЖ, ҮНИЙН САВЛАГААНД УЛАМ ӨРТӨМХИЙ БОЛЖ БАЙНА
Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улс хүн болон институц гэх мэт өгөгдсөн суурь баялгаа дутуу ашиглаж байгаагаас үйлдвэрлэл болон экспортыг төрөлжүүлж чадахгүй байна. Улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлээс улам хараат болж, үнийн савлагаанд улам өртөмхий болж байна. Энэ мухардмал байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдаг шигээ оюун ухаан буюу хүн болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулах хэрэгтэй гэв.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ УУЛ УУРХАЙ ТОДОРХОЙЛЖ БАЙНА. ХАРИН МАРГААШИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ХҮНИЙ БОЛОН ИНСТИТУЦИЙН ХӨГЖИЛ ТОДОРХОЙЛНО
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану, Энэ удаагийн тайланг “Уул уурхай ба оюун ухаан” нэртэй гарч байна. Монгол Улсын хөгжлийн загварын ихэнх нь уул уурхайд түшиглэж байна. Эдийн засгийн хөгжлийг нь дэмжиж байгаа зүйл нь уул уурхай ба үүнтэй холбоотой орлого байна. Энэ нь дунд болон урт хугацаандаа тогтвортой, өгөөжтэй, зөв өсөлтийн загвар биш юм. Нөгөөтээгүүр уул уурхайд түшиглэн хөгжиж байгаа улс орнууд ямар эдийн засгийн хөшүүргийг ашиглаж амжилттай байгаа вэ гэдгийг авч үзнэ. Энэ нь оюун ухаан буюу хүний хөгжил, институцийн чанар юм. Эдгээрт илүү их анхаарч, маш сайн хөрөнгө оруулалт хийвэл зөв хөгжил рүү шат ахих юм. Одоогоор Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг уул уурхай тодорхойлж байна. Харин маргаашийн эдийн засгийн хөгжлийг хүний болон институцийн хөгжил тодорхойлно. Тиймээс хүний хөгжлийг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт хийж анхаарах нь зүйтэй.
Эдийн засгийн зөв өсөлтийг хүмүүсийн бүтээмжээс харж болно. Гэтэл Монгол Улсын сүүлийн арван жилийн хугацаанаас харахад хүмүүсийн бүтээмж маш их удаашралтай байна.
Түүнээс уг тайланд хөдөлмөрийн зах зээл ба боловсролын асуудлыг хэрхэн хөндсөн талаар асуухад тэрээр, Сүүлийн жилүүдэд Монголд нийгмийн салбар руу чиглэсэн мэргэжлээр төгсөж буй оюутны тоо их байна. Энэ нь боловсролын систем, сургалтын хөтөлбөр нь зах зээлийн эрэлттэй нийлэхгүй байгааг харуулж байна. Тухайлбал, шинжлэх ухаан, инженерчлэл буюу эдийн засгийг төрөлжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэхэд илүү их анхаарах хэрэгтэй. Үүнд засгийн газар, хувийн байгууллага, сургууль гэх мэт олон талын оролцоо чухал.
Уг тайлангаас үндэслэн Монгол Улсад хамгийн яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй талаар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нганугаас тодрууллаа. Тэрээр, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварт анхаарал хандуулах ёстой гурван зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Макро эдийн засгийн тогтворгүй байдал юм. Зарим орнууд тодорхой хугацааны дараа тохиолддог бол Монгол Улсад богино хугацаанд олон давтамжтай тохиолдож байна. Хоёрдугаарт, Эдийн засгийн зөв өсөлтийг хүмүүсийн бүтээмжээс харж болно. Гэтэл Монгол Улсын сүүлийн арван жилийн хугацаанаас харахад хүмүүсийн бүтээмж маш их удаашралтай байна. Үүнд анхаарал хандуулах шаардлагатай. Гуравдугаарт, Уул уурхайгаас илүүтэй хүний хөгжил, институцийн хөгжилд гол анхаарлаа тавих хэрэгтэй. Уул уурхайтай эн тэнцэхүйц буюу түүнээс илүү ач холбогдол өгөх хэрэгтэй гэж зөвлөж байна.
ТУС ТАЙЛАНД ӨНӨӨГИЙН МАНАЙ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦООНЫ СУЛ ТАЛЫГ Ч МӨН ОНОВЧТОЙ ОЛЖ ХАРСАН БАЙНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Дэлхийн банкны судалгаа үнэхээр цаг үеэ олсон байна. Монгол Улс хөгжлөө зөв чиглүүлэхийн тулд уул уурхайд бус оюун ухаанд түшиглэх шаардлагатай гэсэн үндсэн агуулгыг хөнджээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Пунцагийн Жасрай өвөө маань “Монгол Улсын хөгжил Оюутолгойгоос хамаарах биш Монгол толгойгоос хамаарна” гэж хэлж байсан нь санаанд минь тод буулаа. Тус тайланд өнөөгийн манай нийгмийн халамжийн тогтолцооны сул талыг ч мөн оновчтой олж харсан байна гэлээ.
Төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд дараах бодлогын зөвлөмжийг тус тайланд тусгажээ. Үүнд:
- Олсноороо хэрэглэх бус харин бизнесийн мөчлөгийн дагуу орлогоо жигд хуваарилан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх. Үүнийг төсвийн ил тод дүрэм, тодорхой шаардлагууд, төсвийн хараат бус зөвлөл, зах зээлийн жамаар тогтох валютын ханш, үр ашигтай ажиллах тогтворжуулалтын сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх.
- Өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах. Бүтээмж өндөртэй аж ахуй нэгж, компаниуд өсөн дэвжих хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийн тулд таатай орчинг бүрдүүлэх, дорвитой реформуудыг авч хэрэгжүүлэх.
- Эдийн засгийн төрөлжилтийг зөвхөн бүтээгдэхүүний төрөлжилт гэж харахаас илүүтэй өгөгдсөн суурь баялгаа сайн ашиглах, тэлэхэд анхаарах. Тухайлбал, залуу мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчин /ялангуяа эмэгтэй ажиллах хүчин/-ээ бүрэн дүүрэн ашиглах нь энэ чиглэлээрх эхний алхмын нэг юм.
- Эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хяналт зохицуулалтын реформуудыг хурдасгах. Үүнд Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, авлигатай тэмцэх асуудлууд хамаарна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.