Эдийн засаг
Мөнгө угаахтай тэмцэх чиглэлд хамтарч ажиллана
Санхүүгийн зохицуулах хороо салбарын мэргэжлийн холбоодуудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын банкуудын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын болон Монголын даатгалын холбооныхонтой хамтран ажиллах гэрээ үзэглэсэн бол өнөөдөр Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоотой сургалтын чиглэлд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Л.Дэлгэрбаяр болон Хорооны газар, нэгжийн зарим дарга, холбооны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.
Ажлын албаны дарга Т.Жамбаажамц энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хорооны зүгээс санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх зорилгоор мэргэжлийн холбоодтой байнга хамтран ажилладаг бөгөөд цаашдаа ч хамтын ажиллагааны хүрээг улам бүр тэлэх зорилго тавин ажиллаж байна.
Үүний нэг бодит жишээ нь өнөөдрийн энэ үйл явдал. Тодруулж хэлбэл, Алт арилжаалагчдын холбоо, Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” холбоо, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Үнэт эдлэлийн холбоо зэрэг үнэт металлын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй холбоод нэгдэж байгуулсан Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа нь салбарын хөгжилд дэвшил авчирна гэдэгт бид итгэлтэй байна. Хамтдаа салбарын бодлого стратегиа боловсруулах, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдынхоо эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах гээд хийж хэрэгжүүлэх олон ажил биднийг хүлээж байна.
Та бүгдийн хувьд ч Хороотой хамтран ажилласнаар санхүүгийн салбарын бусад холбоодтой хамтдаа хөгжих, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл авах, сургалтын нэгдсэн стандарт, ижил үнэлгээтэй болох орчин бүрдэнэ. Хорооны зүгээс ч бүх талаараа дэмжиж, хамтарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийх эхний ажил нь энэ сарын 30, ирэх сарын 1-ний өдрүүдэд болох үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд зориулсан сургалт юм. Тус сургалтаар салбарын өнөөгийн байдал, эрхзүйн зохицуулалтын орчин, мөнгө угаахтай тэмцэх, комплайнс, QR код, тайлан мэдээ гаргах зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өгөх юм.
Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулсантай холбогдуулж УИХ-аас санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч болох үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж, зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр өнгөрсөн нэгдүгээр сард хуульчилж байсан.
Үүний дагуу Хороо “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг өнгөрсөн гуравдугаар сард баталж, холбогдох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 17 хуулийн этгээд, 372 иргэнд олгоод байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.