Эдийн засаг
Ипотекийн зургаан хувьийн хүүтэй зээлд насны хязгаарлалт байхгүй
Ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулж, арилжааны банкуудаар олгож эхэлсэн билээ. Тэгвэл ипотекийн зээлийн хүүг 6 хувь болсонтой холбогдуулан журамд ямар өөрчлөлт орсон эсэх талаар БХБЯ-ны төлөөллөөс тодруулга авч хүргэсэн. Гэсэн ч иргэд журамтай холбоотой зарим асуултыг тавьсаар байгаа юм. Тиймээс Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингээс ипотекийн зээлтэй холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
-Зургаан хувийн зээлийг олгож эхэлсэн талаар БХБ-ын сайд мэдээлсэн. Гэтэл арилжааны банкууд Монголбанкнаас зээлийн эх үүсвэр ирээгүй байгаа учраас олгож эхлээгүй байна гэх тайлбарыг өгч байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орсон. Улмаар аравдугаар сарын 1-нээс хойш олгож эхэлсэн ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод буурчихсан байгаа. Манайх ямар зарчмаар зээл олгож талаар тайлбарлая. Банкууд эхлээд харилцагчийнхаа зээлийг шийдээд, олгосны дараа санхүүжилтээ өгдөг. Банкуудад аравдугаар сарын 1-нд эх үүсвэрийг хуваарилаад, мэдэгдчихсэн. Арваннэгдүгээр сарын 5-нд зээлээ шийдүүлсэн зээлдэгчдийнхээ бүх мэдээллийг нь ирүүлвэл бид санхүүжилтыг нь өгнө гээд хэлчихсэн байгаа. Тэгэхээр банкууд аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 5-ны хооронд манай хуваарилсан дүнтэй тэнцэх хэмжээгээр харилцагчдаа зээлийг нь олгосны дараа бид нөхөж санхүүжилтийг нь өгдөг байхгүй юу. Түрүүлээд манайх эх үүсвэрийг нь өгөөд, банкууд цааш нь зээл олгодог гэж ойлговол буруу. Өнгөрсөн даваа гарагаас эхлээд 6 хувийн зээл олгож эхэлсэн. Бид өдөр болгон асууж, шалгаж байгаа. Банкууд бүгдээрээ зээлээ хэвийн олгож байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
-Өмнө нь банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг өөр зорилгоор ашигласан байж магадгүй зөрчилж илэрч байсан санагдаж байна. Түүнээс болоод санхүүжилтийг нь нөхөж олгодог болсон уу?
-Банкуудыг илүү шахаж байна л гэсэн үг. Та нар зээлээ шийдчих, түүний дараа санхүүжилтийг чинь олгоно гэж байгаа нь хяналт сайжирч буй хэрэг.
-35-аас дээш насныханд ипотекийн зээл олгохгүй гэдэг мэдээлэл бас гараад байгаа. Банкууд тийм журам баримталж байгаа юм уу?
-Тийм хязгаарлалт байхгүй. Манай журмаар ипотекийн зээлийн хугацаа 30 хүртэлх жил. Тэгэхээр 35-аас дээш насны хүн 30 жилийн хугацаатай зээл авбал тэтгэврийн насанд хүрээд, эрсдэл үүснэ гэх мэт дэл сул мэдээлэл гараад байгаа юм. Бидний банкуудад тавьж байгаа шаардлага бол ипотекийн зээлийн хугацаа 30 хүртэлх жилээр байж болно. Зээл авч байгаа хүний нас өндөрсөх тусам зээлийн хугацааг нь богино болгож болно гэж байгаа юм. Хэрвээ харилцагчийн орлого баталгаатай, төлж дийлж л байвал илүү богино хугацаатай зээл авч болно шүү дээ. Түүнээс биш 35-аас дээш насныханд зээл өгөхгүй гэсэн хязгаарлалт огт байхгүй.
-8 хувийн зээлээ төлж дууссан иргэд дахиад 6 хувийн зээл авах боломжтой юу. Банкууд энэ тохиолдолд зээл олгохгүй гэж байна гэсэн мэдээлэл гараад байна?
-Монголбанкны журмаар бол ипотекийн зээл авч байгаа иргэн ийм төрлийн зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Гэхдээ тодорхой хэмжээний хязгаарлалтууд журамд байгаа учраас банкууд голчлон шинэ зээлдэгчид зээл өгөх сонирхолтой байдаг юм.
-Хамтран зээлдэгч дараа нь үндсэн зээлдэгчээр ипотекийн зээл авах нь нээлттэй биз дээ. Энэ талаар иргэд их сонирхож байна?
-Өмнө нь өөр нэг хүний хамтран зээлдэгчээр орсон хүн дараа нь үндсэн зээлдэгчээр ипотекийн зээл авах боломжтой.
-Тодорхой жишээ татаж асууя. Нөхөр нь ипотекийн зээл авахад эхнэр нь хамтран зээлдэгчээр ордог шүү дээ. Тэр тохиолдолд дараа нь эхнэр нь ипотекийн зээл авч болох уу?
-Үүнийг хязгаарласан заалт журамд байхгүй. Тэр хүн өөрөө л өмнө нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээл авч байгаагүй л байхыг шаардана. Үндсэн зээлдэгчид л хязгаарлалт байгаа гэсэн үг. Дахиад хэлье, хамтран зээлдэгч дараа нь ямар нэг зээл авахад хязгаарлалт байхгүй. Энэ бүх журмыг Монголбанкны албан ёсны цахим хуудсаас уншиж болно.
-Ирэх оны төсөвт 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд зориулж хөрөнгө мөнгө суулгаагүй. Тэгэхээр Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй мөнгөө л буцааж зээлэх зарчмаар хөтөлбөрийн санхүүжилтыг олгох уу?
-Монголбанкнаас татаасын хэлбэртэй арга хэмжээг төсөвт мөнгө суулгах замаар хэрэгжүүлэх ёстой гэдэг санал хүсэлтийг байнга л тавьж байгаа. Засгийн газрын зүгээс төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт гэж мөнгө суулгаагүй. Ирэх онд яаж явах нь тодорхойгүй л байна. Монголбанк энэ онд ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа эрх зүйн үндэс нь Цар тахлын хууль. Цар тахлын тухай хуулийн үйлчлэл арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болбол түүнээс цааш яах вэ гэдэг нь одоохондоо тодорхойгүй л байна.
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө зургаан сараар хойшлуулсан олон хүн байгаа. Үүнээс шалтгаалаад эргэн төлөлтөөс орж ирэх мөнгө багассан нь тодорхой. Тэгэхээр Монголбанкнаас гаргах ипотекийн зээлийн эх үүсвэр буурсан байгаа байх. Энэ он дуустал эх үүсвэрээ ямар байдлаар олгох юм бол?
-Ипотекийн зээлийн төлөлтийг 6 сараар хойшлуулах арга хэмжээнд 38 мянган зээлдэгч хамрагдсан. Үндсэндээ 2 их наяд төгрөгийн зээл авсан зээлдэгчийн эргэн төлөлт зургаан сараар хойшилсон. Энэ хэмжээгээр эх үүсвэр мэдээж буурч байгаа. Гэхдээ бид банкуудын эх үүсвэрийг оролцуулах замаар нийт санхүүжилтынхээ хэмжээг аль болох бууруулахгүй байхын төлөө л ажиллаж байна. Тиймээс энэ онд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо хэмжээний санхүүжилт олгоно
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.