Эдийн засаг
Монгол Улс Оюутолгойн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргачихсан

-Оюутолгойн хөрөнгө оруулагчид хооронд далд уурхайн санхүүжилт маргаан үүсгэжээ-
Оюутолгойн нийт баялгийн 80 хувийг агуулж буй далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт дахин олны анхаарлын төвд орлоо. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс” өөрийн толгой компани болох “Рио тинто”-той далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлаар арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн аж. “Туркойз хилл ресурс” компанийн танилцуулснаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа 21-29 сараар хойшилж, зардал 1.9 тэрбум ам.доллараар огцом өсөх тооцоо бий. Тиймээс “Рио тинто”-гийн зүгээс нэмэлт санхүүжилт болгон 500 сая ам.доллароос ихгүй зээл авах зөршөөрлийг “Туркойз хилл ресурс” компанид өгчээ. Ингэснээр “Рио тинто” өрийн асуудлыг хамтран шийдвэрлэх тохиролцоогоо зөрчиж байна гэж “Туркойз хилл ресурс” компани мэдэгдэлдээ дурджээ.
“Оюутолгой” компани анх далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж болзошгүйг 2018 оны аравдугаар сард Монголын талд мэдэгдсэн байдаг. Улмаар “Туркойз хилл ресурс” компани шинэчилсэн ТЭЗҮ танилцуулсан бөгөөд далд уурхайн төслийн зардал 6.6-7.2 тэрбум ам.доллар болж өсөх төлөв гарсан. Энэ нь анхны 5.3 тэрбум ам.долларын зардлаас 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн дүн болоод байгаа. Ийнхүү зардал өсөхийн хэрээр Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ногдох өр нэмэгдэнэ. Үүнийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ өнгөрсөн онд шалгаад, 92 дугаар тогтоолыг баталсан юм. Тиймээс Монголын нийгмийг олон жил талцуулсан Оюутолгойн асуудлаар УИХ-аас гарсан хамгийн сүүлийн шийдвэр бол 92 дугаар тогтоол. Өөрөөр хэлбэл, баялгийн нөөц, эдийн засгийн үр өгөөжөөрөө дэлхийн хэмжээний Оюутолгойн төслийн талаар Монгол Улсын эцсийн байр суурь гэж ойлгогдож байгаа. УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан.
Энэ тогтоол гарсны дараа Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани олон жил сунжирсан татварын асуудлаар Монголын Засгийн газартай Лондоны Unicitral арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандаж буйгаа онцолсон байдаг. Энэ маргаан анхных биш бөгөөд 2013 онд мөн татварын байгууллага “Оюутолгой” компанид 130 сая ам.долларын татварын акт тавьж байлаа. Тухайн актаас шалтгаалан далд уурхайн төсөл зогсонги байдалд орж, 2015 онд Дубайн гэрээ зурагдсанаар хөдөлсөн байдаг. Тэгвэл 2016 онд УИХ-аас гаргасан “Оюутолгой” төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн дээрх УИХ-ын тогтоол гарсан юм.
УИХ-аас өнгөрсөн онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, доор нь таван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсгүүд байгуулан өргөн хүрээтэй шалгалт явуулсан байдаг. Шалгалтын материалуудыг нэгтгээд товч 40 гаруй хуудас санал, дүгнэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргаж байлаа. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр бол УИХ-аас өгсөн чиглэл анхнаасаа хэрэгжээгүй. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай (хорь, хорин жилээр хоёр удаа сунгах) холбон тодорхойлсон байна. Ингэхдээ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ. Энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг бууруулж, бизнесийн зарчмаас гажиж байгааг ажлын хэсгийнхэн тайландаа дурдсан байдаг. Энэ мэт олон чухал асуудлыг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байдаг ч 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө энэ бүгдийг бүрхэгдүүлсэн гэж үзсэн. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байхаар зааж тогтоосон. Гэвч Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдсон өр тэрбум гаруй ам.доллар болж өсөөд байгаа. Ингэж ашиг хүртэх гэхээсээ илүүтэй өр үйлдвэрлэж байгаа болохоор АМНАТ-т оруулах хувилбар яригдаж эхэлсэн. УИХ-ын 92 дугаар тогтоол ийм агуулгатай гарсан. Одоо Засгийн газар дээрх тогтоолыг хэрэгжүүлэх асуудал үлдсэн.
Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн юм. Олон улсын зөвлөх, шинжээчидтэй ч хамтран ажиллаж буйгаа хэлсэн бөгөөд энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд Оюутолгойн маргаан бүх талаар эцэслэгдэнэ гэдгийг онцолсон.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа