Эдийн засаг
Хүү, түрээс хоёрт “ХӨЛ ХОРИО” тогтооё
Даанч хайрхамжгүй явсан монголчууд цар тахлыг дотооддоо алдаж, хилийн дээс алхуулсан учраас онц байдал зарлаж, хөл хорио тогтоов. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажил үүргийн тусгай хуваарьт шилжиж, үйлчилгээний байгууллагууд бараг үйл ажиллагаа “0” зогсолтод шилжлээ. Одоогийн байдлаар хүнсний зах, дэлгүүр, эмийн сан гэх мэт цөөн байгууллага л онцгой дэглэм дор үйлчилгээ явуулж байна. Ерөнхийдөө Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнгүй болж, бүгд хөл хорионы дэглэмд ороод байна. Энэ нь иргэддээ чиглэсэн халдвар тархахаас сэргийлэх үндсэн аргын нэг боловч, иргэдийн сэтгэлийн мухарт цалин, тэтгэвэр, ипотек, бизнесийн зээлүүд толгойны өвчин нэгэнт боллоо. Нэг үгээр хэлбэл бүх төрлийн зээл иргэдийн нуруунд дарамт болон очиж байгаа юм. Цаашлаад лангуу, дэлгүүр, байр сав түрээсэлж амьдардаг, бизнесээ явуулдаг иргэдийн санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй хугацаагаар хөл хорионд орлоо.
Монгол Улсын Засгийн газраас хөл хорио, хатуу чанад дэглэмтэйгээ хамтатган эрсдлийн үеийн санхүүгийн болон иргэд, аж ахуйн нэгжээ тэтгэх төлөвлөгөө гаргасан байх ёстой. Өнөөдөр албан ёсоор зарласан зүйл байхгүй байгаа ч Улсын онцгой комисс, Засгийн газар арилжааны банкуудтай хэлэлцээрт орж эхэлж байгаа талаар өчигдөр мэдээллийнхээ үеэр цухас дурдаад өнгөрнө лээ.
Өнөөдөр хоёр сая шахам иргэн ямар нэгэн байдлаар банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй гэсэн статистик тоо байдаг. Энэ хэрээр олон зуун мянгаар тоологдох түрээс төлөгчид үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор тав хоног онц байдал зарласан, хойшид байдал хаашаа ч эргэж болно. Тэр цаг үед би яах ёстой вэ. Банкныханд байгаа бүхнээ хураалгаж, түрээсийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас түрээслэгчид бүгд гудамжинд гарах уу гэдэг хатуу сонголтын өмнө ирж таарах нь. Өөрөөр хэлбэл онц байдлын хугацаа хэрхэн сунахыг таах аргагүй нөхцөл нэгэнт үүссэн. Тэгэхээр зээлтэй иргэд ямар ч хөдөлмөр хийх боломж алга, түрээс төлөгч нарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас Засгийн газраас зээлдэгч, түрээслэгч нарт зориулсан шийдвэр гаргах нь зайлшгүй шаардлагын нэн тэргүүний зүйл боллоо. Цаашлаад татвар, нийгмийн даатгалаас эхлээд иргэдээ болон бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол хүнд ковидын буулган доор тэд цагаан тугаа өргөхөд ойрхон байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалыг төр дааж, банкны зээлийн төлөлтийн хугацааг сунгасан зөв жишгээ үргэлжлүүлэх байх гэдэг итгэл иргэдийн дунд байгаа юм.
Олон улсад ч иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих бодлого гаргаж, асар их мөнгөн тэтгэмж хүртэл үзүүлж байна. Бид олон саяар тооцогдох тэтгэмж халамж нэхээгүй. Гагцхүү түрээс зогсоох, зээл түүний хүүгийн дарамтыг энэ онцгой нөхцөлд хөнгөлж өгөх нь төрийн бодлогын нэг хэсэг байх учиртай гэж байгаа юм. Өнөөдөр монголчууд түрээс, зээл төлөх бүү хэл хоногийн хоолоо яаж залгуулах вэ гэдэг асуудалтай нүүр тулсан нь нуух аргагүй үнэн. Тиймээс шийдвэр гаргах түвшинд энэ асуудлыг хурдан хэлэлцэж, шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо. Арилжааны банкууд болон түрээслэгч нарт хүнд шийдвэр боловч цар тахлыг хамтдаа даван туулахын тулд бид заавал даван туулах нөхцөл гэдгийг ойлгох ёстой. Хүн бүрийн энэ дарамтад арилжааны банк, ББСБ, түрээслэгчид уян хатан хандах сэтгэл бий гэдэгт иргэд итгэсээр байгаа юм. Төрийн зүгээс төрөл бүрийн татваруудаа царцаачихад болчихно доо гэсэн хүмүүс маш олон байна.
АНУ-д гэхэд жилдээ 75 мянган ам.доллараас бага орлогтой иргэддээ сар бүр манай мөнгөн ханшаар 1.8 сая төгрөг олгож байна. Тус улс нийт иргэд, аж ахуйн нэгжээ дэмжихэд зориулж хоёр их наяд ам.доллар зарцуулаад байгаа аж.
Тэгвэл манай нүүрсний гол өрсөлдөгч Австрали улс нийт 6.5 сая иргэнд зориулж, 750 австрали доллар олгож байгаа бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэддээ 550 австрали долларын тэтгэмж олгож байгаа юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаад боломжгүй болсон иргэд гээд гол төлөв зорилтот бүлэгт олгож байгаа ч бүх ажил хөдөлмөр эрхлэж байгаа иргэддээ мөнгөн тэтгэмж олгож байгааг зориуд онцлох хэрэгтэй. Австрали долларыг манай мөнгөн ханшаар авч үзэхэд 750 австрали доллар нь 1.5 сая төгрөг, 550 австрали доллар нь 1.1 сая төгрөг гэхээр өндөр тэтгэмж сонсогдож таарна. Дэлхийд халамжаараа алдартай Герман улс гэхэд таваас доош ажилтантай Аж ахуйн нэгжид 9000 евро, 10 ажилтантай Аж ахуйн нэгжид 15 мянган евро олгох зэргээр иргэд, аж ахуйн нэгжээ тэтгэсэн бодлого дор тэтгэж, тордон ажиллаж байна. Хүн ам, эдийн засгийн хувьд манай улстай харьцуулах аргагүй ч олгож байгаа мөнгөн дүнгээс харахад л нэгийг хэлж хоёрыг бодогдуулах биз ээ.
Тэгэхээр Монгол Улс аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн ямар арга хэмжээ авав гэхээр хэлэх үг тун бага. Яахав, цар тахалтайгаар холбоотойгоор урьд өмнө олгож байсан “Хүүхдийн мөнгө”-ийг сар бүр 100 мянга болгож өсгөсөн, өнгөрөгч аравдугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн гэх мэт ёс төдий арга хэмжээ бол авсан. Иймээс өндөр эрсдэлтэй үед иргэд, Аж ахуйн нэгжид хангалттай тэтгэмж олгож чадахгүй ч ядахад банкны зээлийг зогсоож, түрээс төлж байгаа иргэддээ онцгой анхаарал хандуулах, яаралтай арга хэмжээ авахыг иргэд хүсэж байна. Үүнийг цаг алдахгүй хэрэгжүүлэхийг иргэд олон нийтээс шаардсаар байна. Түрээслэгчид, зээлдэгчид чинь бүгд гэртээ хөл хорионд байна. Тиймээс тэднийгээ дэмжин зээл, зээлийн хүү, түрээсийг хөл хорионд оруулах цаг зайлшгүй болсон шүү.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.