Нийгэм
Оюутолгойн алтны үйлдвэрлэл оны төгсгөлд ӨСӨХ төлөвтэй
Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг ирэх онд 5 хувиас давж өсөх болов уу гэсэн төсөөллийг хийхдээ тулгуурлан авч үзсэн гол үндэслэлүүдийн нэг нь Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж 2021 онд нэлээд өснө гэсэн хүлээлттэй холбоотой байсан.
Тэгвэл “Оюутолгой” компаниас гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулахдаа алтны агууламжтай холбоотой таатай мэдээ өгч байна.
Монгол Улс коронавирусний тархалтыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоосон энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлд дараа дараагийн ямар арга хэмжээнүүдийг авах нь зөв бэ гэдэгт нэгдсэн тодорхой байр суурь дутмаг байгаа энэ үед Оюутолгой төслөөс авах үр өгөөж буурахгүй байх тухай мэдээлэл байгаа нь бидний хувьд өнөөдрийн байдлаар САЙН МЭДЭЭ юм.
Мэдээллээс эшлэн хүргэе.
Уулын ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өслөө.
Хатуулаг багатай хүдрийн хэмжээ ахиу байсан тул энэ оны гуравдугаар улирлын баяжуулах үйлдвэрийн гарц өмнөх оны гуравдугаар улирлын мөн үеийнхээс бага зэрэг илүү байлаа. Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155,000 – 180,000 унц үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна. Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй байна гэж мэдээлэлд дурджээ.
2020 онд ил уурхайн агуулга сайтай хэсэг рүү олборлолт шилжсэнтэй холбоотойгоор үйлдвэр улирал дараалан тогтвортой байдлаа хадгалж байна. 2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байна. Эдгээр хэсгийг анхлан 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байсан юм.
Гүний уурхайн агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт шилжсэн хэвээр байна. Агааржуулалтын хойд амны татлага суурилуулах зэрэг амны нэвтрэлтэд бэлтгэх ажлууд ахицтай байлаа. Цаашид хийгдэх ажлуудад гүний уурхайн амны нэвтрэлтэд мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд хэрэгтэй бөгөөд эдгээр гэрээт ажилтны заримыг 2020 оны сүүл гэхэд татан авах зорилготой ч сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай.
Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн ахицтай явж байна.
Тогтвортой үйлдвэрлэл явуулахад шаардлагатай гадарга дээрх дэд бүтцийн ажил бүгд дууссан тул нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг анхны тэсэлгээ хийх үед хийсэн байхад шаардлагатай түвшинд нь хүргэхээр багууд ажиллаж байна. Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажил дууссаны дараа гүйцээн дуусгах боломжтой дэд бүтцийн байгууламжууд тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд төдийлөн хамааралгүй ч үйлдвэрлэлийг өсгөхөд нэн шаардлагатай бүтээн байгуулалт байх болно.
Нарийвчилсан тооцооллын эхний үзүүлэлтээс харвал 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэх төлөвтэй байна. Бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хэмжээнд байхаар тооцоолж байна. Энэхүү тооцооллоо КОВИД-19-ээс үүдэлтэй зардал болон хуваарийн нөлөөллийг оруулан шинэчилж байгаа бөгөөд тайлан гарч байх энэ үеийнхээс КОВИД-19-тэй холбоотой аяллын болон бусад хязгаарлалтууд тавигдана гэсэн хүлээлттэй байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд эцэслэгдэх Панель 0-ийн зардлын тооцоолол бэлэн болох үед эдгээр тооцоолол өөрчлөгдөх магадлалтай.
Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долоодугаар сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна. Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-г албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-г хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заасан. 2021 онд Огтлох түвшний малталт эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө гүний уурхайн төслийн ерөнхий зардлын тооцоолол тусгагдсан ТЭЗҮ20 батлагдсан байх шаардлагатай юм гэжээ.
Сануулахад, Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан.
“Туркойз Хилл Ресурс” компани “Рио Тинто” компанитай 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр Оюутолгойн Далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаа заавал биелүүлэх шаардлагатай гэрээ биш болохыг ус компанийн зүгээс тодотгож буй.
Санамж бичигт “Туркойз Хилл Ресурс” гол хөрөнгө оруулагчийн хувиар олон улсын санхүүгийн байгууллагуудаас 500 хүртэлх сая ам.долларын нэмэлт санхүүжилт босгохоос гадна хувьцааны санхүүжилтээр бусад шаардлагатай санхүүжилтийг босгох тухай агуулгыг тусгасан юм.
“Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Ульф Куэльман хэлэхдээ “Бид Рио Тинтотой байгуулсан Санамж бичгийн хүрээнд Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэхээс илүүтэй хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцтэй байдлаар бүрдүүлэхээр зах зээлд оролцогчидтой хамтран ажиллаж байгаа” хэмээн мэдэгдээд байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.