Эдийн засаг
НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 80+ ХЭМЖЭЭНД БАРИХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад шаардлага тавиад байгаа юм. Тэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг борлуулж буй нүүрснийхээ тээврийн тарифыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаач ээ гэж хүсэлт шаардлага тавьсан.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд нүүрс олборлож, борлуулдаг компани. Тус компаниас нүүрс авсан компаниуд тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ямар үнээр, ямар компаниар тээвэрлүүлэх нь тухайн худалдан авагчийн асуудал байдаг. Гэвч Монголын тээврийн компаниудын, иргэд жолооч нарын эрх ашиг хохирсон асуудал гарах болсон учраас компани анхаарал тавин ажиллаж, тодорхой арга хэмжээ авснаар нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлээд байгааг албаны хүмүүс мэдэгдлээ.
Мөн энэ үеэр ногдол ашигтай холбоотой асуудлыг сэтгүүлчид тодруулав. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Иргэдийн ногдол ашгийн мөнгийг манай компани бүрэн шилжүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн бий. Үүнээс 1,6 сая нь хувьцааны дансаа нээлгэсэн, тэр дундаасаа 702 мянга нь банкны дансаа мэдүүлсэн гэж ҮЦТХТ мэдээлэл өгөөд байгаа бөгөөд 48,5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК гэрээнд заасан 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн. Иргэдэд тараах, дансанд нь шилжүүлэх ажлыг ҮЦТХТ /Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв/ ХХК хариуцдаг. Хэзээ яаж иргэдэд тараахыг тус компани мэднэ гэлээ.
Дэлгэрэнгүй ...
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.