Эдийн засаг
Оюутолгойн хөрөнгө оруулагчид хоорондын зөрчилдөө Монгол Улсын нэрийг ашиглаж эхлэв
-“Туркойз хилл ресурс”, “Рио тинто” нар арбитрт далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлаар маргаж байгаа-
Ойролцоогоор 34 сая тонн зэс, 1200 тонн алт, 7200 тонн мөнгөний нөөцтэй Оюутолгойн ордыг тойрсон хөрөнгө оруулагчдын маргааныг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дахин онцолж эхэллээ. Гэхдээ энэ удаад “Монгол Улс “Рио тинто”-гийн Оюутолгой төслийг зогсоох уу” гэх мэт асуусан гарчигтайгаар онцолж. “Туркойз хилл ресурс” буюу TRQ компанийн хувьцаа хоёрхон өдрийн дотор олон улсын биржүүдэд 20 гаруй хувиар унаад байгаа. Учир нь тус компанийн хөрөнгө оруулагчдад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын явц, цаашлаад Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнүүд цуцлагдах талаар мэдээлэл хүрсэн хэрэг. УИХ-аас өнгөрсөн 2019 онд Оюутолгой ордоос Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтоол баталсан.
Tогтоолд Дубайн гэрээ буюу Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг эргэж харах, татварыг олон улсын жишгийн дагуу ногдуулах, гүний усны ашиглалт тэргүүтэй байгаль орчны асуудлуудыг тусгасан байдаг. Тэгвэл энэ удаад Засгийн газар дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах хүлээсэн үүргийнхээ хүрээнд хөрөнгө оруулагч талд УИХ-ын байр суурийг уламжилсан бололтой. Энэ талаар “Туркойз хилл ресурс” компани гаргасан мэдэгдэлдээ онцолсон болохыг хэвлэлүүд тодотгожээ. Тус мэдэгдэлд “Рио тинто” өнгөрсөн сард Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, анх тооцож байсан 5.3 тэрбум ам.долларын өртөг 6.75 тэрбум ам.доллар болж нэмэгдэх тооцоог танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас зардлын хэмжээ ийнхүү өссөн нь төслөөс хүртэх эдийн засгийн үр ашгийг бууруулж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Дубайн гэрээг цуцлах, эсвэл шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна” гэдгийг дурдсан байгаа юм. Энэ сарын 4-нд Засгийн газраас хөрөнгө оруулагчдад хаягласан энэхүү албан бичигт дурдсанаар Монгол Улс Оюутолгойгоос хэзээ ч ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо гарсан зэргийг дурджээ.
Үүний өмнө буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард “Туркойз хилл ресурс” компанийн зүгээс ч өөрийн толгой компани болох “Рио тинто”-гийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилттэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж байсан юм. “Рио тинто”-гийн зүгээс далд уурхайн нэмэлт санхүүжилтийг 500 сая ам.доллароос илүү өр үүсгэхгүй байхыг“Туркойз хилл ресурс”-д даалгасан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн 66 хувь эзэмшлээс өөр үндсэн хөрөнгөгүй “Туркойз хилл ресурс” компани далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийг өөрийн өмч, хувьцааг арилжих замаар босгохыг тулгасан гэж үзсэн юм. Гэвч “Туркойз хилл ресурс” компани далд уурхайн нэмэлт санхүүжилтийг түлхүү Оюутолгойн алтыг урьдчилан худалдах замаар босгоно гэх тооцоог танилцуулсан. Ерөнхийдөө Оюутолгойг тойрсон гол маргаан 66 хувийг “Туркойз хилл ресурс” болон түүний толгой компани болох “Рио тинто” хоёрын дунд өрнөж байгаа гэхэд болно. Тэдний маргаан дунд Оюутолгойн ордынхоо 34 хувийн эзэмшигч Монголын Засгийн газар бичиг шидсэнээр орж ирсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, монголчуудын бичгийг “Туркойз хилл ресурс”-ийнхэн толгой компанитайгаа хийсэн маргаандаа ашигласан байх магадлал өнөөгийн нөхцөл байдалд давуу харагдаж байгаа. Хөрөнгө оруулагчдын аль аль нь далд уурхайн бүтээн байгуулалтад нэмж гаргах шаардлагатай болсон 1.7 тэрбум ам.долларын санхүүжилтээс бага “хохирол” амсахыг хүсэх нь дамжиггүй.
Харин “Оюутолгой” компани “Туркойз хилл ресурс”-тэй зэрэгцэн гаргасан мэдэгдэлдээ Монголын Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан 649 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ голлон онцолжээ. Лондоны арбитрын шүүхэд үүсгэсэн маргаанд энэ асуудлыг нэмэлтээр оруулахаа ч дурдсан. Татварын ерөнхий газраас өнгөрсөн сард “Оюутолгой” компанийн 2016-2018 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнд үндэслэн 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан талаараа мэдээлсэн. Энэ нь ирээдүйд шилжүүлэх дүнгээрээ Монгол Улсын алдагдлыг 3.4 их наяд төгрөгөөр бууруулна гэдгийг ч онцолж байв. Үүнийг “Оюутолгой” компани эрс эсэргүүцэж байгаа бөгөөд татварын актын зарим хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнгийн үргэлжлэл гэж тайлбарласан. 2013 оноос эхтэй Оюутолгойг тойрсон татварын маргааныг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд АМНАТ буюу рояалтийн хувь хэмжээг хатуу тогтворжуулж өгсөнтэй холбон тайлбарладаг. “Рио тинто”-гийн зүгээс ч Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтуудыг баримтлан олон улсын арбитрын шүүхэд хандсан байдаг. Энэ маргааныг эцэслэхээр Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өнгөрсөн онд Оюутолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх 92 дугаар тогтоолыг баталсан юм. УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Өнөөдрийн байдлаар Засгийн газарт 92 дугаар тогтоолын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулах эрх нь нээлттэй байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын Засгийн газар өөрт ногдох 34 хувиа цаашид өрнөх талуудын маргааны явцад татвар, хураамжаар орлуулах магадлал бий.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм1 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент31 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент55 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо