Дэлхийн улс орнууд цар тахлын аюул гамшгийг даван туулахын тулд тухайн өвчинтэй тэмцэхээс гадна ард иргэддээ мөнгөн тусламж үзүүлэх, худалдан авалтаар нь дамжуулан үйлдвэр, аж ахуйгаа санхүүжүүлэх зэрэг нэн оновчтой, тодорхой арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засагт тулгарсан хямрал, үйлдвэр аж ахуйн доройтол, ард иргэдийнхээ амьдралд учирч буй зовлон, бэрхшээлийг цогцоор шийдвэрлэх, алсын хараатай, үр дүнтэй, дэмжлэгийн бодлогыг тууштай явуулж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Энэхүү тогтоолын төсөл нь цар тахлын хүнд үед “Өрх бүрт нэг сая төгрөг”-ийн дэмжлэг үзүүлэх, өрхийн худалдан авалтаар дамжуулан үндэсний үйлдвэр, аж ахуйгаа дэмжих үндсэн зорилгын хүрээнд боловсруулсан бөгөөд санхүүжилтыг нь “оффшор бүсээс татагдсан” хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанкинд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Өрх бүрт нэг сая төгрөг” өгөх тогтоолын төслийн тухай эдийн засагчдын байр суурь болоод хэрхэн шийдэх арга замын талаар зарим эдийн засагчдаас тодрууллаа.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор,”Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал Д.АМГАЛАН
Ерөнхийлөгчийн санаачилгыг яг энэ цаг үед бол дэмжиж байна. Ваучер хэлбэрээр үндэсний үйлдвэрийн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн хэлбэрээр олгоно гэдэг нь нийлүүлэлтээр дамжуулан эргэлтээ дэмжиж байгаа нэг арга мөн. Хоёр сар гаруй хугацаанд айл өрх ч, аж ахуйн нэгж ч мөнгөгүй болсон. Бусад эдийн засгийн арга хөшүүргүүдийг хүлээх хугацаа үнэндээ байхгүй болсон. Тиймээс түр боловч амьсгал авах хэрэгтэй биз дээ. Иймээс дэмжиж байна. Харин нийлүүлэлтийн хомсдолтой үед шууд 100 хувь бэлэн мөнгө тараавал үнэ хөөрөгдөх эрсдэл бий.
Шийдэл заавал байх хэрэгтэй. Эдийн засаг талаасаа байсан боломжоо алдсаар байна. Цар тахалтай зэрэгцэн хэт улстөржих, халамжийг хавтгайруулан, ямаанд хүртэл мөнгө өгсөн, төсвийг огцом тэлсэн явдал нь төсөв тэлэх орон зайг үлдээгээгүй. Мөн нийлүүлэлтийг хэт хумьсан нь хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөх эрсдэлтэй зэргээс шалтгаалан байсан орон зай, боломжоо алдаж байна. Өөрөөр хэлбэл судалгаа, үндэслэлгүй олон хоногоор хорио цээр тогтоосноор шүү дээ.
Боломжтой гаргалгааг харвал, нийлүүлэлт талаасаа дэмжих цор ганц бодлогын орон зай, боломж үлдсэн гэж харж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэр аж ахуй нэгжээ дэмжинэ гэсэн үг. Мөн мөнгөний бодлогоор дамжуулан нийлүүлэлтийг дэмжих орон зайг ашиглах буюу бизнесийн байгууллагуудыг хямд өртөгтэй зээлийн эх үүсвэрээр хангах хэрэгтэй байна.
Эдийн засагчид бэлэн мөнгө, аливаа зүйл тараахын эсрэг байдаг, бэлэнчлэх сэтгэлгээний эсрэг байдаг. Энэ нь эдийн засагт маш хортой. Энэ удаа яалтай билээ. Айл нь ч, аж ахуйн нэгжүүд нь ч хүнд байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилга бол нийлүүлэлт талдаа буюу үндэсний үндэсний аж ахуйн нэгжээ дэмжих замаар өрх бүрийг тэтгэж байгаа нь үнийн өсөлтөд төдийлөн нөлөөлөхгүй гэж харж байна. Харин энд ваучераар худалдаа эрхлэх бизнесийн байгууллагуудын ёс зүй, хандлага маш чухал. Мөн дээрээс нь хомсдолоос үүдэлтэй үнийн шударга бус байдалд зохих ёсны газрууд хяналтаа тавих хэрэгтэй.
Үүний дараа дунд, урт хугацаанд чиглэсэн эдийн засгийн шинжтэй төсөв, мөнгөний бодлого чухал юм.
Хөгжлийн эдийн засагч Ц.ЛУТ-ОЧИР
Ковид хямралтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл нь 2021 оны төсвөө тодотгоод үр өгөөжгүй, бетон зуурдаг 3.5 их наядын дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийг царцааж, хэмнэсэн мөнгөөрөө ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах болоод байна. Өдрийн орлогоор амь зуудаг иргэд ядууралд ороод ломбард руу гүйгээд эхэлсэн. Төрийн бодлого Ковидыг хязгаарлах бус энэ хямралаас нийт нийгмээрээ аль болох хохирол багатай даван туулах алсын харааг барих ёстой баймаар. Ажилгүйдэл, ядуурал, түүнээс үүдэлтэй архидалт, гэмт хэрэг бидэнд том асуудал үүсгэх магадлалтай. Хорионоос шалтгаалан улсын эдийн засагт хоногт 50 тэрбумын хохирол учирч байна. Хорио 1 сар үргэлжилбэл 432,600 хүн ажилгүй болох тооцоог МҮХАҮТ хийсэн. Гэтэл бид 60 хоногийн хатуу хөл хорионд сууж, эдийн засагт гурван их наядын хохирол учирлаа. Богино хугацаанд шуураад өнгөрөх ханиадны төлөөсөнд урт хугацаанд хохирол учруулах нийгмийн хямралд орохгүй юм сан. Хорио тавигдлаа ч байдал хурдан дээрдэхгүй. Цаашдаа эдийн засаг, нийгмийн байдал яаж доройтож, хэдэн хүн ядуурал, архидалт, гэмт хэргийн хохирогч болохыг таашгүй. Улс эмзэг бүлгийн хүмүүстээ хүнсний талон, мөнгөн тусламжаа өгч байгаа. Гэтэл улсад НДШ төлдөг, татварыг бүрдүүлдэг дундаж давхарга хаягдаж байгаа нь шударга бус юм. Тиймээс эдийн засгаа идэвхжүүлэх, мөнгөний эргэлтийг хурдасгахын тулд ковидийн нөлөө байгаагүй үе болох 2019 оны 12 дугаар сард НДШ төлсөн бүх иргэндээ нэг удаад буцаан олгохыг санал болгож байна. Нийт дүн 331 тэрбум төгрөг буюу нэг сарын нийгмийн даатгалын сангийн орлогын дүн юм. Энэ бүх гүйлгээ зөвхөн Монголдоо эргэлдэж, гадагшаа доллар болоод урсаад явчихгүй байлгахын тулд зөвхөн дотоодын бараа, ажил, үйлчилгээ авах эрхтэй “Хэрэглээнд” зориулагдсан карт (эсвэл одоо байгаа цалингийн карт), түүн дотор төгрөгтэй ижил үнэ цэнэтэй виртуал төлбөрийн нэгж Монгол банк, Сангийн яам хамтран гаргаж болно. Картны виртуал нэгжээр бараагаа зарсан компани ханган нийлүүлэгчдээ “Хэрэглээ” нэгжээр төлбөр хийх ба улсад төлөх татвар, НДШ-ээ төлж болно. Дансны үлдэгдэл дүнгээс сар бүр нэг хувь татвар суутгах тул хурдан хэрэглэх хандлагатай байх ба бусдын бараа үйлчилгээг дэмжиж, мөнгөний эргэлтийг түргэсгэнэ. Ийм төрлийн төлбөрийн хэрэгсэл ашиглаж байсан туршлага байгаа.
Эдийн засагч Б.ЛАКШМИ
Коронавирус цар тахал гарсантай холбоотой дэлхий нийтийн эдийн засаг 2020 оноос өсөхгүй буурах хандлагатай байна. Улс орнуудын засгийн газар ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих мөн ард иргэдийнхээ орлогыг тасалдуулахгүй байхыг хичээж ажиллаж байна. Ийм дэмжлэгийн нэг нь бэлэн мөнгө өгөх мөн ваучер зэрэг асуудал орж байна. Жишээ нь, Сингапур бэлэн мөнгө болон ваучер өгсөн.
Монгол Улсын хувьд ч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн мөн хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус, айл өрхүүдийн орлого буурсан зарим тохиолдолд бүр орлогогүй болсон зэрэг нөхцөл байдалтай нүүр тулж байна. Эдийн засгийн өсөлт буурсан мөн орлого багассан ийм үед ард иргэдийн худалдан авалт буурдаг. Ингэснээрээ эргээгээд ААН-үүдэд борлуулалт буурч хүндрэлд ордог. Өрх бүрт нэг сая төгрөг олгох асуудал өнөөдрийн нөхцөл байдалд тохиромжтой юм болов уу. Гол санаа нь 200,000 төг бэлнээр харин үлдэгдлийг нь ваучераар гэж тодорхойлсон байгаа. Тэгэхлээр хэрэгжүүлэхдээ эдийн засагтаа ачаалал үүсгэхгүй байх нь чухал. Ваучераараа зөвхөн тухайн аймагтаа болвол орон нутгийн ААН-ээс худалдан авалт хийхээр зохицуулвал илүү үр дүнтэй байна. Ингэснээр нэг талаасаа худалдан авалтыг бий болгоно нөгөө талаасаа бас ААН-үүдийн орлого буурсан байгаа энэ үед дэмжинэ. Эхний ээлжинд хүнд байгаа өрхүүддээ олговол зохистой байх.
Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ
-Өрх бүрт нэг сая төгрөг бэлнээр өгөх боломж муу. Харин 20 хувийг бэлнээр, үлдэх 80 хувийг нь ваучер хэлбэрээр өгөх бүрэн боломжтой. Үүний тулд төсвийн тодотголоо хийж, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа царцаах ёстой. Ерөнхийлөгч “Өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх” хөтөлбөр боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгох гэсэн санал нь энэ цаг үед байж болох хувилбар гэж харж байгаа. Харин үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхинаас бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох гэдэгт эзнээ зөв олох хэрэгтэй. Үүнд үйлчилгээ, нийтийн хоолны салбар, үсчин, хувийн эмнэлэг зэргийг бас хамруулах нь зөв. Улсын том эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Гэтэл хувийн жижиг эмнэлгүүд хүнгүй сууж байна. Хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэх эрхийн бичиг олговол маш их үр дүнтэй. Энэ мэт эзнээ зөв олох нь нийлүүлэлтийг дэмжинэ.