Дэлхий дахинд
МЬЯНМАРЫН БАЙДАЛ ОЛОН УЛСЫН АНХААРАЛД ӨРТӨВ
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хурал зарлалаа
Энэ хоёрдугаар сарын 1-ний өглөө Мьянмарт цэргийн эргэлт гарч Нобелийн энх тайвны шагналт, эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний лиг” намын дарга, Гадаад хэргийн сайд, Төрийн зөвлөх, тус улсын албан бус удирдагч Аун Сан Су Чи, улсын Ерөнхийлөгч Вин Мьин болон эрх баригч намаас парламентад сонгогдсон гишүүдийг баривчилж, төрийн эрхийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаингу гартаа авсан билээ. Аун Сан Су Чи-н тэргүүлдэг “Ардчиллын төлөө үндэсний лиг” нам 2020 оны 11 дүгээр сард явуулсан сонгуульд ялалт байгуулан парламентын 476 суудлын 396-г авч дахин таван жил эрх барихаар болсон бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Засгийн газраа шинээр бүрдүүлэх гэж байсан ч ийнхүү цэргийнхэн гэнэтийн төрийн эргэлт хийсэн юм. Баривчлагдсан хүний тоо одоогоор хэдэн зууд хүрээд байна. Тэдний дотор үндэсний цөөнхийг төлөөлдөг намын гишүүд, цэргийнхнийг шүүмжилдэг улстөрчид, эрх баригч намын удирдагчдын гэр бүлийнхэн байгаа ажээ. Цэргийнхэн 2020 оны 11 дүгээр сард болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ийнхүү хөдөлж, улс орондоо нэг жилийн хугацаатай онц байдал тогтоосон юм.
Уг үйл явдал тэр даруйдаа олон улсын анхаарлын төвд орсон билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Мьянмарын нөхцөл байдал, цэргийнхний үйлдэлд олон улс хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Их Британиас НҮБ-д суугаа Элчин сайд Барбара Вудворд Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 2-нд уг асуудлаар яаралтай уулзалт хийх талаар мэдээллээ. Гадаад орнуудад амьдарч, сурч, ажиллаж буй Мьянмарын иргэд нутагт нь болж байгаа үйл явдалд дургүйцсэнээ илэрхийлэн улсынхаа Элчин сайдын яамны өмнө жагсаал хийж буй ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден засгийн эрхийг гартаа авсан цэргийнхнийг шүүмжилж, хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв. Бусад олон оронд ч хүчээр засгийн эрхийг төвлөрүүлсэн цэргийн дэглэмийнхнийг шүүмжилж байна.
Колоничлолын эсрэг тэмцлийн баатар генералын охин Аун Сан Су Чи
Мьянмар өмнө нь Бирм нэртэй байсан бөгөөд 2011 оны ардчилсан өөрчлөлтөөс өмнө олон жил цэргийн дэглэм дор байсан билээ. Эрх баригч намын лидер, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи олон жил гэрийн хорионд байж, тус улсын ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болж байв. Харамсалтай нь Мьянмарт исламын шашинт Роханжи үндэстнийг хавчин гадуурхаж, тэд хөрш Бангладеш улс руу олноороо дүрвэснээс шалтгаалан түүний нэр хүнд гадаад ертөнцөд сүүлийн үед унасан юм.
Тус улсад 2015 онд сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж, Аун Сан Су Чи үнэмлэхүй дээд амжилтаар сонгуульд ялсан. Тэрээр улсын Ерөнхийлөгч болох бүрэн боломжтой байсан ч хүүхдүүд нь гадаад улсын иргэншилтэйн улмаас чадаагүй юм. Аун Сан Су Чи Оксфордын их сургуульд сурч байхдаа Их Британийн эрдэмтэн Майкл Аристай гэрлэж хоёр хүүтэй болсон бөгөөд хөвгүүд нь гадаадын харьяат байсан нь тийнхүү Ерөнхийлөгчийн сэнтийд суугаагүй шалтгаан болсон ч улс орны албан бус лидер гэгдсээр ирсэн түүхтэй.
Аун Сан Су Чи нь Колоничлолын эсрэг тэмцлийн баатар генерал Аун Саны охин юм. Мьянмар 1948 онд Их Британийн колониас гарч, тусгаар тогтнолоо тунхаглахын босгон дээр аав нь амь үрэгджээ. Аун Сан Су Чи тэгэхэд хоёр настай байлаа. Тэрээр 1960 онд Энэтхэгийн Делид Элчин сайдаар томилогдсон ээж Дау Хин Жиг даган явж, улмаар Их Британид очиж Оксфордын оюутан болсон байдаг. Япон, Бутанд ажиллаж, их төлөв Их Британид суурин байсан тэрээр хожим 1988 онд хүндээр өвдсөн ээжийгээ асрахаар Рангун буюу одоогийн Янгон хотод буцаж иржээ. Эх орондоо ирэхэд нь цэргийн дэглэм дор зүдэрсэн олон мянган иргэн, оюутан, сэхээтнүүд, буддын санваартнууд ардчиллын төлөө хөдөлгөөн өрнүүлэн гудамж талбайд гарсан байв. Аун Сан Су Чи үүнийг хараад тэвчсэнгүй. “Аавынхаа нэгэн адилаар болж буй бүхнийг хараад тайван сууж чадахгүй” хэмээн мэдэгдэж тухайн үеийн цэргийн эрх баригч генерал Не Винийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн. Тэрээр эх орныхоо өнцөг булан бүрт хүрч иргэний нийгэм, чөлөөт сонгууль, ардчиллын төлөө жагсаал, хөдөлгөөнийг манлайлжээ. Гэвч цэргийнхэн тэмэл хөдөлгөөнийг нухчин дарж, 1988 оны есдүгээр сарын 18-нд яг өнөөдрийнх шиг цэргийн эргэлт гаргажээ. Дараа жил нь Аун Сан Су Чи-г гэрийн хорионд оруулсан юм.
Сүүлийн өдрүүдэд болж буйтай ижил үйл явдал 1990 онд өрнөж, тухайн жилд болсон сонгуульд Аун Сан Су Чи-н талынхан жинтэй ялалт байгуулсан ч цэргийн хунтынхан санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрсөнгүй. Хатагтайг 1995 оны зун гэрийн хорионоос сулласан боловч 2000 оны намар дахиад л хорионд суулгав. Учир нь түүнийг хориглосоор байтал нийслэлээс гарч Мандалай хот руу явсан гэж буруутгажээ. 2002 онд хорионоос эргэн гаргасан ч түүний талынхан эрх мэдэлтнүүдтэй мөргөлдөж сөргөлдсөн хэмээн буцаан хорив. Эхний үед түүнийг гэрт нь бүрэн чандлан тусгаарлаж байснаа намынхан болон гадаадын зарим дипломатчидтай хааяа уулзаж байхыг зөвшөөрчээ. Харин гэр бүл, хөвгүүдтэй нь уулзуулахгүй байсаар нөхөр нь 1999 онд Их Британид хорт хавдраар өөд болжээ. Засаг захиргаанаас нөхөртэйгөө сүүлийн удаа очиж уулзах зөвшөөрөл өгсөн ч Аун Сан Су Чи эх орондоо эргэн ирэхийг нь хориглох байх гэхээс болгоомжлон явалгүй үлдэв.
Тэрээр 2010 оны сонгуульд өрсөлдөхийг хүссэн ч гэрийн хорионд суулгасаар санал хураалтаас зургаа хоногийн дараа л сая наранд гарах эрх өгчээ. Хүү Кимд нь ч ээждээ ирэх боломж нээгдэв. Засгийн газраас шинэчлэлт хийж эхлэхэд Аун Сан Су Чи намынхантайгаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох болжээ. 2012 оны дөрөвдүгээр сард болсон дундын сонгуулиар парламентын 45 мандатын 43 суудлыг түүний удирдсан “Ардчиллын төлөө үндэсний лиг” нам эзэлж, Аун Сан Су Чи депутат, сөрөг хүчний удирдагч боллоо. 2013 оны тавдугаар сард 24 жилийн хугацаанд анх удаа хилийн дээс алхав.
Тэрээр Монгол Улсад айлчлах үеэрээ дүр эсгэсэн ардчилал буруу замаар хөгжих нь аюултайг хурцаар шүүмжилж байсан билээ.
Аун Сан Су Чи Төрийн зөвлөх болсныхоо дараа Аракан мужид голлон суудаг ислам шашинт Роханжи үндэстний асуудалтай тулгарсан. 2017 онд “Аракан Роханжиг аврах арми” нэртэй хөдөлгөөн цагдаагийн газруудад халдаж, Мьянмарын армийнхан тэднийг дарсан юм. Олон улсын нийгэмлэгийн зүгээс Роханжи нарт хэтэрхий харгис хатуу хандсан хэмээн Аун Сан Су Чи болон засаг захиргааныхныг буруутгав. Хэдэн зуун мянган роханжи нар хөрш Бангладеш рүү дүрвэсэн билээ. Гаагийн олон улсын шүүхээр роханжичуудыг хоморголон хэлмэгдүүлсэн асуудлыг өдгөө авч үзэж байгаа бөгөөд Олон улсын Эрүүгийн шүүхээс хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг судалж байгаа юм. Барууны орнууд дахь Аун Сан Су Чи-г дэмжигчид түүнийг уг харгислалыг таслан зогсоох талаар юу ч хийгээгүй учир Нобелийн шагналыг нь хураах ёстой гэдэг бол зарим нь прагматик улстөрч болох түүнд маш төвөгтэй түүхтэй олон үндэстний улсыг удирдахад амар биш хэмээн үзэж буй. Эх оронд нь, ялангуяа буддын шашинт олонх түүнийг “Хатагтай” хэмээн хүндэтгэсээр байдаг билээ. Өнгөрсөн онд болсон санал асуулгаар судалгаанд оролцсон иргэдийн 79 хувь нь түүнд итгэдэг гэжээ. 2020 оны 11 дүгээр сард болсон сонгуулийн дүн үүнийг батлан харуулав.
Цэргийнхэн засгийн эрхийг хүчээр гартаа аваад буй Мьянмарт коронавирусний халдварын байдал хүнд байгаа нь олон улсын санааг зовоож байна. Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт хангалтгүй, хөл хорио олон гэр бүлийн амьжиргааг дордуулжээ. Төрийн эргэлтийн улмаас интернэт, утсан харилцаа тасарсан нь гадаад ертөнцөөс тусгаарлагдахад хүргээд байна. Ийнхүү Мьянмарын байдал дэлхийн халуун цэг болж, олон улсын анхаарлыг татах боллоо.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр19 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр16 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо