АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орноо тэргүүлээд бүтэн нэг сар боллоо. Тэрбээр энэ хугацаанд дотоод болон гадаад бодлогодоо нэлээд зүйлийг өөрчилж амжив. Энэ бол өмнөх Трампын захиргааны бодлогыг бүрэн эргэн харах оролдлогын эхлэл гэж шинжээчид үзэж байна.
Жо Байден энэ сарын 19-нд болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал дээр “Би бүгдэд хэлье. Америк эргэлээ. Умард атлантын эвсэл эргэлээ. Бид хойшоо харж явахгүй” гэж мэдэгдлээ.
Энэ бүхнээс шинжээчид АНУ-ын бодлого ардчилагч Байдены үед бүгд найрамдах Трампын үеэр эрс өөр байх нь гэсэн дүгнэлт хийж байна.
“Байдены бодлого жилээр биш сараар явж байна. Энэ хугацаанд тэр Трампын үед гаргасан шийдвэрүүдийг өөрчлөхийн тулд бүхнийг хийлээ. Түүний бүхий л бодлого трампизмын эсрэг явж байна” гэж америк судлаач улстөрч Рафаэль Ордуханян “Газете.Ru” хэвлэлд ярьжээ.
Стратегийн зэвсэглэлийн гэрээ
Юун түрүү Оростой 2010 онд гарын үсэг зурсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах, хориглох цаашдын арга хэмжээний тухай СНВ-3 гэрээний үйлчлэх хугацааг АНУ-ын шинэ захиргаа сунгаж 2026 оны хоёрдугаар сарын 5 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх болголоо.
СНВ-3 бол Москва, Вашингтоны хооорондох зэвсэглэл хязгаарлах тухай үйлчилж байгаа сүүлийн гэрээ.
Трампын үед АНУ энэ гэрээнд Хятадыг оролцуулна гэж шаардаад гэрээг цаашид сунгах эсэх асуудлыг эцэслэн шийдэж чадаагүй юм. АНУ-ын өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Үндэсний олон нийтийн радиод ярилцлага өгөхдөө “Стратегийн тогтвортой байдлыг хангах талаар Оростой хамтрах өөр арга замуудыг Вашингтон эргэн харах болно” гэж байна.
Орос бол аюул, Хятад бол өрсөлдөгч
Жо Байден бүр сонгуулийн өмнө CBS телевизэд өгсөн ярилцлагадаа Москваг олон улсын харилцаан дахь Вашингтоны үндсэн аюул гэж нэрлэж байсан. Мөн энэ ярилцлагадаа АНУ-ын том өрсөлдөгч бол Хятад гэж нэрлэсэн юм. Байденыхаар бол энэ хоёр улс өрсөлдөгч хэвээр үлдэж цаашид нөхцөл байдал ноцтой болж хурцадвал бүх зүйл вашингтоны шийдлээс хамаарах болж байна.
Мюнхений бага хурал дээр үг хэлэхдээ ч Байден энэ хоёр улс Европын холбоо, НАТО-гийн эв нэгдлийг бутаргах гэж байна гэж буруутгалаа.
Энэ тухайд бол Байдены бодлогод нэг их өөрчлөлт гарахгүй, урьдынхаараа оросын эсрэг чигээ баримтлах нь гэж Рафаэль Ордуханян үзэж байна. “Оростой харилцах харилцааны тухайд ямар нэг нааштай өөрчлөлт гарахгүй нь. Дайсагнасан засагтай л бид харьцах нь. Шалтгаан нь тодорхой, өнөөдөр оросын эсрэг үзэл америкийн улстөрийн элитүүдийн гол үзэл” гэж улс төр судлаач хэлжээ.
Хятадын тухайд АНУ-ын ерөнхийлөгч барууны орнууд, холбоотнуудаа Бээжинтэй хатуу харьцаж ажиллахыг уриалж байна. Байден “Хятадтай өрсөлдөх нь хатуу байх болно. Би үүнийг хүсч, уриалж байна” гэжээ.
Ойрхи дорнодын асуудлаар Жо Байден өмнөх Трампынхаас арай өөрөөр хандаж ялгүй дэвшил гарахаар байна. АНУ-ын тэргүүн хоёрдугаар сарын 19-нд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх “5+1” хэлэлцээрт оролцохоо сэргээхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. “Бид европын бусад түншүүдтэйгээ нягт уялдаа холбоотой ажиллах болно” гэж тэр хэлсэн байна. Байден CBS телевизэд ярилцлага өгөх үеэрээ цөмийн хөтөлбөрийн талаарх Бүх нийтийн хамтарсан үйл ажиллагааны тухай хэлэлцээрийн ширээнд суутлаа Тегераны эсрэг тавьсан хоригоо цуцлахгүй гэж хэлж байсан юм. Харин Ираны удирдагч Али Хаменеи болохоор АНУ болон Европ өөрсдийнхөө бүх хүслийг биелүүлэхийн тулд Иранд болзол тулгах эрхгүй гэж байгаа юм.
АНУ энэ гэрээнээс 2018 онд Дональд Трампын санаачилгаар гарсан юм.
Иргэншил хийгээд цагаачлал
Байдены өөрчилсөн нэг чухал бодлого бол цагаачлалын шинэ бодлого. Жо Байден засаглалынхаа эхний өдөр л Трампын үед хориг тавьсан лалын орнуудын иргэдийг АНУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн гэж болно. Энэ нь Сири, Иран, Ливи, Сомали, Судан, Йемений иргэдэд АНУ үүдээ нээсэн гэсэн үг.
“Ерөнхийлөгч Дотоод аюулгүй байдлын сайдыг ерөнхий прокурортой зөвшилцөөд цагаачдын хүүхдүүдийг хамгаалах, АНУ-д хүүхдээ авч ирж байгаа залуу хүмүүст дарамт үзүүлдгийг болиулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг үүрэг болгосон” гэж Цагаан ордны төлөөлөгч Жен Псаки ярьсан байна. Үүний зэрэгцээ Байден цагаач иргэдэд иргэншил олгож байх тухай хуулийг төслийг Конгресст өргөн бариад байгаа. Энэ хуулийн төслөөр бол “чин сэтгэлээсээ ажиллаж байгаа”, “АНУ-д ирээд 10 жил болсон” хүмүүст америкийн иргэншил олгож магадгүй байна.
Коронавирус, цаг уур, арьсны үзэл
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа арваннэгдүгээр сард Байден коронавирус, эдийн засаг, цаг уур, арьсны үзлийн талаар явуулах бодлогоо тодорхойлсон. Эдийн засгийн хувьд бол коронавирустэй тэмцэх явдал гэж үзэж байгаа. Хоёрдугаар сарын эхээр Байден Цагаан ордонд үг хэлэхдээ цар тахлын аюулаас болоод улс орны эдийн засаг урьдынхаараа хүнд байна гэсэн. Түүнийхээр бол өнөөдөр 36 сая америк хүнд хүнс хүрэлцэхгүй байгаа болохоор 1.9 их наяд ам.доллар гаргаж эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээ авах ёстой гэнэ.
Цар тахлаас болж амь алдагсдын тоо ойрын өдрүүдэд 500 мянгаас давж, энэ нь дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн америкчуудын тооноос 70 мянгаар илүү гарах гэж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд АНУ дэвшил гаргаж уур амьгалын өөрчлөлийн талаарх Парисын хэлэлцээрт эргэн орлоо. Байден тангараг өргөсөн өдрөө л энэ талаарх баримт бичигт гарын үсэг зурсан, АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бүхий л түвшинд хийх хэлэлцээрт нэгдэх болно гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэж байна.
Дональд Трампын үед америкчуудын сэтгэлийг түгшээсэн нэг гол асуудал бол арьсны өнгөөр ялгаварлах үзэл дэвэрч байгаа явдал байлаа. Жо Байден хувийн шоронгуудтай хийсэн гэрээгээ сунгахгүй байхыг Хуульзүйн яамандаа тушаалаа гэж CNBC телевиз нэгдүгээр сарын 26-нд мэдээллээ. Энэ бол арьс өнгөөр ялгаварлахгүй тэгш байх талаар Жо Байдены бодлогыг хэрэгжүүлэх дөрвөн шинэ алхмын нэг нь гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна.
Энэ алхмууд бол шоронгийн тогтолцоог өөрчилж, арьс өнгөөр ялгаварлах байдалтай тэмцэх, омгийн засгийн газруудын тусгаар байдлыг хүндэтгэх, америкчуудын зүгээс ази гаралтай иргэдэд ялангуяа цар тахлын үед дээрэнгүй хандах хандлагатай тэмцэх явдлууд гэж телевиз мэдээлж байна.
Юутай ч Ардчилагч Жо Байден дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын тэргүүн болоод бүтэн нэг сарыг өнгөрөөлөө.
#МонголынМэдээСонин #Дэлхий