Дэлхий дахинд
ЗЕЛЕНСКИЙ УТСААР ЯРИХДАА БАЙДЕНЫГ УКРАИНД АЙЛЧЛАХЫГ УРЬЖЭЭ
Ням гарагт Украин, АНУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярилцах үеэр Зеленский Байденыг ойрын өдрүүдэд эх орондоо айлчлан ирэхийг урьсан байна.
“Ойрын өдрүүдэд та Киевт айлчлан ирвэл нөхцөл байдлыг тогтворжуулж, сөргөлдөөнийг намжаахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж Зеленский Байденд хэлснийг Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Оросын цэрэг халдан довтлох магадлал өндөр болсон шалтгаанаар АНУ, Их Британи, Израил, Австрали улсууд иргэдээ Украинаас гарч явахыг анхааруулаад байгаа.
Харин Украины ерөнхийлөгч Киев болон бусад хотуудад амьдрал хэвийн үргэлжилж, дайны аюул хол байгааг мэдэгдсээр байна.
Украины албаны эх сурвалжийн мэдээлснээр Зеленскийн урилгад Жо Байден “нааштай хариу” өгөөгүй гэнэ.
Цагаан ордноос гаргасан албан мэдээнд Зеленскийн урилгын тухай дурдаагүй байна. Харин Байден Зеленскийд “Оросын цэрэг Украинд халдвал холбоотнуудынхаа хамтаар эрс шийдэмгий хариу арга хэмжээ авах” тухай амласныг мэдээлжээ.
Өрнөдийн хэвлэлүүд Оросын цэрэг Украинд халдан довтлох хугацааг янз бүрээр таамаглаж байна. Тухайлбал Блүүмбэрг суваг Лхагва гарагт “дайн эхлэх магадлал өндөр” гэж мэдээлсэн юм.
Бямба гарагт Зеленский ямар үндэслэлээр Оросын зүгээс Украинд халдан довтлох хугацаа ойртсон гэж үзэж байгаагаа тайлбарлах, энэ талаар ямар нэг тагнуулын мэдээлэл байгаа бол хуваалцахыг АНУ-ын талаас хүсэж байв.
Эх сурвалж: Russia Today