Нийгэм
Зуслангийн ногоон бүс “Зуслангийн 4 ам”-ны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх ажлын санал асуулга
Одоогийн хэрэгжиж байгаа 2012 онд батлагдсан “ Зуслангийн ерөнхий төлөвлөгөө” нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсэж байна.
Иймээс Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газартай хамтран “Зуслангийн 4 ам”-ны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан зуслангийн бүсийн төлөвлөлтийн шийдлийг боловсруулж байна.
Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хуурай мухар, Бэлх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Шадивлан, Жигжид гэсэн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийснээр зуслангийн газрыг өмчлөх ажил түргэн шуурхай явагдах нөхцөл бүрдэх юм.
Зуслангийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол дахин хийх хэрэгцээ шаардлага:
– Авто зам болон бусад төлөвлөлтийн байгууламжууд нь бодит байдалд нийцээгүй төлөвлөсөн
– Авто зам, туслах замуудын одоо байгаа чиглэлийг өөрчилж иргэнд олгогдсон нэгж талбар, иргэдийн үл хөдлөх хөрөнгөтэй давхцуулсан
– Ойн сан болон гол, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил зааг нь бодит биш
– Уулын хэт налуу, үерийн усны хэсгээр төлөвлөсөн зэрэг бодит байдалтай нийцэхгүй байна.
Нийгэм
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” тоглолт төв талбайд 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагт болно
Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн.
Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулна.
Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд тус өдрийн 18:00-24:00 цагийн хооронд дулаан тохилог дулаан асарт урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ эрхлэх, халуун хоолны явуулын цэгүүд ажиллаж, иргэд олон нийтэд хүргэнэ. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад улсын (ахлах) байцаагч, албан хаагчид хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаас гадна эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлэн байдлыг ханган ажиллах юм.
Олон нийтийн үйл ажиллагааг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэн хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллаж эрсдэлд өртсөн, эцэг эх асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний 1 давхар 104 тоотод түр байршуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх юм.
Мөн иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах онцгой байдлын 70 алба хаагч гал унтраах зориулалтын 2 автомашинтай, он солигдох мөчид ёслолын буудлага хийх үеийн аюулгүй байдлыг хангуулан хамгаалалт, зохицуулалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Д.Сүхбаатарын талбай болон баг тойруугаар 107, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 485 алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт, шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа 18 их багтаамжийн автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 чиглэлд Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3,4 хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Нийгэм
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4,776 МВт эрчим хүч нийлүүлээд байна
Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц энэ сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 4,776 МВт эрчим хүч нийлүүлээд байна. Ингэснээр өдөрт дунджаар 25.000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байна. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.