Нийгэм
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд хэллээ.
Харин шинээр баригдсан цахилгаан станцууд төвийн системд эрчим хүч хэрхэн нийлүүлж буй талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх томоохон зорилгыг 2024 онд тавьж байсан. Нэг жилийн хугацаанд энэхүү зорилгодоо хүрч чадлаа. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станцын туршилтын галлагааг энэ сарын 25-ны орой 09:00 цагаас хийж эхэлсэн бол төвийн эрчим хүчний системд цаад тал нь энэ сарын 29-нд эрчим хүчийг нийлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаа онцлогтой” гэв.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн явуулсан байна.
Ташрамд, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.