Дэлхий дахинд
Лавров: Гал зогсоох талаар Кулебатай тохиролцож чадсангүй
Туркийн Антальяд болсон Орос Украины хэлэлцээрээр гал зогсоох асуудлаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай тохиролцож чадсангүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. Турк, ОХУ, Украины Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын хэлэлцээр өнгөрөгч пүрэв гарагт туркийн Анталья хотод болсон юм. ОХУ-ын зүгээс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ хоёр улсын Гадаад хэргийн сайд нар анх удаагаа уулзаж байгаа нь энэ.
“Гал зогсоох талаар ноён Кулеба тохиролцохгүй гэсэнд би нэг их гайхахгүй байна. Энд гал зогсоох асуудлаар хэн ч тохиролцож чадсангүй” гэж Сергей Лавров хэлжээ.
ОХУ цэргийн тусгай ажиллагаагаа хоёрдугаар сарын 24-ны өглөөгүүр эхэлж Украин руу цэргээ оруулсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ ажиллагааны зорилгыг “Киевийн дэглэмийн хүчирхийлэл, бөөнөөр алан хядах ажиллагааны дарамтад найман жилийн турш байсан энгийн номхон ард иргэдийг хамгаалах явдал” гэж тодорхойлсон юм.
Түүнийхээр бол үүний тулд “Украиныг зэвсэггүй болгох”, Донбассын “энгийн номхон ард иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн” цэргийн бүх гэмт хэрэгтнийг шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр бол Зэвсэгт хүчин нь зөвхөн украины цэргийн байгууламжууд, дэд бүтцэд цохилт өгөхөөс биш энгийн ард иргэд, иргэний байгууламжуудад аюул учруулахгүй гэжээ. Гэхдээ Украиныг эзлэх тухай яриа байхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцолсон юм.