Дэлхий дахинд
Кадыров “хаалгыг чинь тогшино” гэж Украиныг заналхийлэв
ОХУ-ын Чеченийн бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын дарга Алексей Арестовичид утасдаж ”хаалгыг чинь тогшино шүү” хэмээн заналхийлж байгаагаа Telegram хуудсандаа бичсэн байна.
Энэ мэдээллийн араас Арестович хэрвээ Кадыров Киевт ойртож ирвэл Украины Зэвсэгт хүчин түүнийг устгана гэжээ. Чеченийн тэргүүн харин “Яагаад “хэрэв” гэж. Чи зураг үзээгүй юм уу, би чиний хаалгыг чинь тогших ёстой” гэж хариулсан байна.
Рамзан Кадыров үүний өмнө чеченийн цэргийн салбарууд Киевээс нэг их холгүй очоод байна гэж мэдээлж байсан юм. Чеченийн тэргүүн Украинд явуулж байгаа оросын цэргийн тусгай ажиллагааны бүсэд очоод байна гэж RT телевиз мэдээлжээ.
Кадыров ч өөрөө оросын цэргийн ажиллагаанд оролцож байгаа чеченийн дайчдын дунд, Киевээс холгүй Гостомельд байна гэсэн байна. “Танай тагнуул будилж байна. Бид Гостомельд ирээд байна. Өнөөдөр бид та нараас ердөө 20 км зайд байна” гэж Кадыров Telegram сувагтаа бичжээ.