Дэлхий дахинд
Алдарт “Титаник” хөлөг живээд 110 жил боллоо
Өдгөөгөөс яг 110 жилийн өмнө 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХХ зууны далайн хамгийн томд орох осол Атлантын далайд болж Британийн Саутгемптоноос Америкийн Нью-Йоркийг зорьж явсан зорчигч тээврийн “Титаник” хөлөг мөсөн уултай мөргөлдөн живсэн юм.
Осол болсны дараа живж байгаа хөлгөөс аврах 15 завь, хоёр сал буулгасан ч дөнгөж 700 хүнийг л аварч 1400-1517 хүн амь алдсан юм. Хөлгийн багийнхан бүгд амь үрэгдсэн байна.
Хөлөг онгоцны “Уайт Стар Лайн” компанид 1912 онд барьж далайд анх гарсан “Титаник” хөлөг нь тухайн үедээ хамгийн том, хамгийн тансаг хөлөг байсан юм. Хөлгийн урт нь хотын гурван гудамжны хэмжээтэй бол өндөр нь гурван давхар барилгатай тэнцэж зангууг нь л гэхэд хамгийн хүчтэй 20 мориор чирэхээр байжээ.
Хөлөг эзэмшигч “Уайт Стар Лайн” компани энэ хөлгөө хэзээ ч “живэхгүй”, аялагч зорчигдын аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж мэдэгдэж байсан ч хэдхэн сарын дараа анхны аяллаараа мөсөн уултай мөргөлдөж живсэн юм.
Мөсөн уултай мөргөлдөх үеэр хөлгийн баруун тал хошуунаасаа эхлээд 90 метр газар зүсэгдсэнээр онгоц живсэн байна. Живсэн хөлгийн хэсгүүд далайн гүнд өнөө хүртэл хөндөгдөөгүй байсныг далайн археологич Роберт Боллард Францын хамтрагчидтайгаа 1985 оны есдүгээр сарын 1-нд Канадын Ньюфаундленд арлын эргээс 325 милийн зайнаас олж илрүүлсэн юм.