Дэлхий дахинд
АНУ, Тайванийн асуудлаар үгээ цэгнэхийг Хятад уриалав
Тайванийг Бээжингээс хамгаалахын тулд бүхий л арга хэмжээ авч байгаа Вашингтоны төлөвлөгөөг тайлбарлаж АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Лю Пэнъюй арлын улстай холбоотой өөрсдийн үйл ажиллагаа төлөвлөгөө, хэлэх үгээ болгоомжтой сонгохыг АНУ-д уриаллаа гэж ТАСС агентлаг мэдээллээ.
“АНУ-г манай “Нэг Хятад” зарчим, хятад-америкийн хамтарсан гурван мэдэгдлийг сайн сэтгэлээр дэмжин үнэнчээр сахиж тайванийн асуудлаар үйл ажиллагаа, үг хэлдээ болгоомжтой байх, “Тайванийн тусгаар тогтнол” хэмээн салан тусгаарлагчдад зохисгүй дохио санамж өгөхөөс зайлсхийж Хятад, АНУ-ын харилцаа, Тайванийн хоолойн хоёр талд энх тайван тогтвортой байдалд ноцтой хохирол учруулахгүй байхыг уриалж байна” гэж Пэнъюй мэдэгджээ.
Түүнийхээр бол энэ нь Хятадын дотоод асуудал, гаднаас хэн ч хөндлөнгөөс ямар нэг байдлаар оролцох ёсгүй зүйл гэнэ. Пэнъюй бас Хятадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ашиг сонирхлын тулгуур асуудлаар Бээжин ямар ч буулт хийхгүй гэжээ.