Дэлхий дахинд
Оросын сансрын хөлөг хятадын “Тяньгун” станцад холбогдоход хүндрэлтэй
Бусад улс орны сансрын хөлгүүд хятадын сансрын тойрог замын “Тяньгун” станцад хүрч холбогдож болох ч ганцхан Оросын хөлгүүд сансрын буудлын нь газар зүйн байрлалаас болоод энэ станцад холбогдоход хүндрэлтэй болно гэж Олон улсын сансрын нисэгчдийн холбооны Сансрын тээврийн хорооны орлогч дарга, Хятадын агаар-сансрын эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн корпорацийн профессор Ян Юйгуан хэлж байна.
Түүнийхээр бол хятадын тойрог замын сансрын станц руу бусад улс орнууд хөлгөө илгээж ажиллаж болно гэнэ. “Харин Оросын хувьд бидний тооцож үзвэл зохих ганцхан хүчин зүйл байгаа. Оросын газар нутаг нь асар өндөр өргөрөгт оршдог. Хятадын сансрын станцад холбогдохын тулд үндсэн нэг шаардлага бий. Сансрын буудал нь 42 гардусаас өндөр өргөрөгт байх ёсгүй, энэ л Оросын хувьд хүндрэл үүсгэж байгаа юм” гэж Ян Юйгуан хятадын CGTN телевизээр мягмар гарагт ярихдаа мэдэгджээ.
Харин Францын Гвиане дэх сансрын Куру буудлыг ашиглаж хөлгөө хөөргөдөг Европын холбооны орнууд, дээр нь АНУ, Япон улсын хувьд ийм хүндрэл гарахгүй гэж Ян Юйгуан онцолсон байна.
Хятад улс тойрог замын сансрын “Тяньгун” станцыг 2021 оноос барьж эхлээд энэ онд дуусгахаар төлөвлөж байгаа юм. Энэ станцад нэг ээлжинд гурван сансрын нисэгч байнга ажиллаж ээлж солих үеэр зургаан хүн байх боломжтой юм.