Улс төр
Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ…

МАН бүлэг: Итгэлцүүрийг жил бүр батлаж, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.06.19/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Батжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн мэдээллийг сонслоо. Хуулийн хуулийг 2023 оны хаврын чуулганы хугацаанд батлах зорилт тавьсан. Үүнтэй холбоотой Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужингаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, анхны хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон байна. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэв.
П.Анужин: Хуулийн төсөлд биечлэн уулзалт, цахим хаягаар нийт 30 гаруй мянган иргэнээс санал авсан
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үүний дараа ажлын хэсэг байгуулж улс орон даяар хуулийн төслөө танилцуулж, төлөөллийн байгууллага болох ҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, залуучуудын байгууллагууд, сайн дурын даатгал төлөгч, хамрагчид зэрэг нийгмийн бүхий л төлөөллийг хамарсан уулзалтуудыг хийсэн. Нийт 21 аймгаас 11-т нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг танилцуулж, иргэдийн саналыг авсан. Цахим хаягаар дамжуулж нийт 30 гаруй мянган иргэдээс санал авч, багцалж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж, ажлын хэсэг дээрээ нэгтгэн ажиллаж байна.
Нийгмийн зүгээс тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг таван жил болгох саналыг тавьж байгаа. Энэ асуудал хоёр талтай. Иргэдийн зүгээс урт хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн, мөн огт төлөхгүй байсан хүн сүүлийн таван жилээ өндөр төлөөд өөрт ашигтай байдал үүсгэж байгаа нь “шударга бус байдал үүсэх юм биш үү” гэдэг хоёр талын байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ хуулийн гол зорилго бол “шударга зарчимд суурилна” гэж байгаа учраас дараалсан таван жилээр бодохдоо нийгмийн даатгал төлөх дээд таазыг тогтоож өгсөн. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн хувь хэмжээтэй тэнцүү байхаар сайн дураараа даатгуулагч төлөх зэргээр хуулийн хязгаарлалтуудыг хийж өгч байна. Ингээд хуулийн төсөлдөө дараалсан 7 жилийг 5 жил болгох хуулийн зүйл заалтыг тусгаж өгч байна. Мөн иргэдийн дунд дараалсан 7 жилийг 5 жил болгохоор зөрүүг хэрхэн арилгах, хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуулт ирж байна. Бид зөрүүг арилгаж, шийднэ гэж хуулийн төсөлд тусгасан.
Мөн Тэтгэврийн сангийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Тус сангийн орлого жил бүр буурсаар байгаа. Улсын төсвийн татаас нэмэгдсэн гэдэг статистик байна. Монгол Улсад 223 мянга орчим малчид байна. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь хамрагдалт бага хувьтай байна гэсэн үг. Иймд хуулийн төсөлд хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улс 50 хувийг нь төлж өгнө гэсэн чухал заалтыг тусгасан. Энэ нь нэг талдаа Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, нөгөө талдаа олон малчдыг дэмжих, ирээдүйн баталгааг хангах чухал суурь заалтыг тусгасан” гэв.
Х.Булгантуяа: Нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлж, өвлүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмэх асуудлыг тусгасан. Саяхан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголд бараг 10 жилийн дараа үнийн өсөлттэй уялдуулж, итгэлцүүрийг шинэчлэн баталлаа. Тэтгэврийн 200 орчим тэрбум төгрөгийн зөрүүг арилгасан. Бид жил бүр итгэлцүүрээ батлаад, жил бүр инфляцитай уялдуулж тэтгэврээ нэмэгдүүлээд явбал тэтгэврийн зөрүү гэдэг асуудал үүсэхгүй. Нийгмийн даатгалын багц хууль дээрээ тусгаж өгсөн том өөрчлөлт, шинэчлэл нь энэ болж байна. Жил бүр итгэлцүүрийг Засгийн газар тогтоож, мөн УИХ төсвийг хэлэлцэхдээ тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмж батална гэж тусгасан.
Мөн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлэхээр тусгасан. Тэтгэврийн шимтгэлийн 17 хувиас 2 хувийг нь одоо төлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээс буцаагаад шууд тэтгэвэр олгоод явж байна. Иргэд дансандаа хэдэн төгрөгтэй байна вэ гэдгийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн асуудаг. Ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн тэтгэврийн шимтгэлийн хоёр хувь нь бодит байдлаар мөнгөжнө. Энэ нь эдийн засаг, төсвийн орлого нэмэгдэх тусам хоёр хувь нь өсч бодитоор мөнгөтэй байх тогтолцоо руу шилжиж байна. Үүнтэй холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хийхээр хуулийн төслийг боловсруулж байна. Баялгийн сангийн хуультай хамт оруулж ирэхээр төлөвлөж байна. Иргэдийн тэтгэврийн шимтгэл, дээр нь баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсээд ипотекийн зээл зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээнд зарцуулах бүрэн эрхийг нь нээж өгнө.
Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа орлогын тодорхой хувийг өвлүүлэх эрх зүйн орчныг Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгож байна. Даатгуулагч олон эх үүсвэрээр тэтгэвэр авах боломжийг бүрдүүлж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоонд тусгаж өгөөд, татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, санхүүгийн зах зээлд оролцох боломжийг нь нээж өгсөн” гэв.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм19 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм22 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр19 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно