Улс төр
Улсын Их Хурлын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар (2023.09.12) БНСУ-ын Үндэсний Ассамблейд зочилж, “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлэгт оролцлоо.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэргэд дэх Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хорооноос санаачилсан уг хэлэлцүүлэг гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгт эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяа байнгын хороодын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Аливаа хэлэлцүүлгийг зохион байгуулахад Үндэсний Ассамблейн гишүүд сайн дураараа оролцдог ба өнөөдрийн арга хэмжээнд Аюулгүй байдал болон Нийгмийн асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гэлээ. Тэрбээр, уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж олгох асуудлыг хялбарчлах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд оршиж байгаа юм. Учир нь манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн цөөнгүй хувь нь оршин суух эрхийн хугацаагаа хэтрүүлсэн байдаг. Үүнийг дагаад хүүхдийн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн болоод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх нь хумигддаг. Иймд миний бие Үндэсний Ассамблейн дэргэд Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хороо байгуулж, Хүүхэд хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, БНСУ-д оршин сууж байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ээлжит хэлэлцүүлэг зохион байгуулж буй талаар өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү-тэй уулзах үеэр мэдсэн. Бидний хувьд Монгол хүүхдийн эрхийг хамгаалах уг хэлэлцүүлэгт оролцох нь нэр төрийн хэрэг мөн гэж үзсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх чиглэлээр дэд хороо байгуулж, улмаар хуулийн төсөл боловсруулан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад манлайлан ажиллаж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Эрхэмсэг хатагтай Ким Ён Жү танд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр улсад иргэдийнхээ хүүхдүүдэд боловсрол олгох сургалтын байгууллага байдаг. Иймд эдгээр сургуулиудын үйл ажиллагааг харилцан ажиллуулах зарчмаар улсаас дэмжих бодлого баримталж, сургалтын тогтолцоо, боловсон хүчин, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг харилцан хүлээн зөвшөөрөх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх тал дээр хоёр улсын Боловсролын байгуулага анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Монгол Улсын хүн амын 60 хувийг залуучууд эзэлдэг ба гуравны нэг нь хүүхэд юм. Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь бидний хувьд тэргүүлэх зорилт юм.
Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог 40 хувиар нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан. Иймд бид гадаад улс орнуудын парламентын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна. Өнөөдөр БНСУ-ын парламентын хэлэлцүүлэгт оролцуулах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний Ассамблейн гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг Үндсэн хуульд тусгах, гадаад иргэдийн эрх зүйн зохицуулалтыг нэн яаралтай шинэчлэх зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Эдүгээ БНСУ-д Монгол Улсын 56 мянга орчим иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ