Улс төр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг Ерөнхий сайд онцлов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлжээ. 2014 онд “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Засгийн газар 148-р тогтоолоороо 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан юм.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь жилдээ 100 мянган тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг. “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ хэрэгжиж байх үед концесс эзэмшигчид үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон байсан учраас үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдаж эхлээд байсан. Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжээд байна. Төр өмчөө эргүүлэн авах үед буюу 2022 оны дөрөвдүгээр сард 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгааг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд улсын төсөвт 15,2 тэрбум төгрөг үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 13 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Үр ашгийн хувьд 2022 оны наймдугаар сарын байдлаар 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны мөн үед 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д “Кью Эс Си” ХХК 2,28 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн Ажлын хэсэг тогтоосон. Үүн дээр үйлдвэрийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, ирээдүйд борлуулалтаас орж ирэх орлого 9434 тонн ган бүтээгдэхүүн, 972,4 тонн төмрийн хүдрийн баяжмал зэргийг концессын гэрээтэй байх үедээ “Кью Эс Си” ХХК Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкны зээлийн барьцаанд тавьжээ. Эдгээртэй холбоотой хэрэг үүсгэгдэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Кью Эс Си” компанийн тус үйлдвэрт учруулсан хохирлын асуудалд анхаарч ажиллахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцолж тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, улмаар дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллах, тус компанийн эзэмшилд буй Төмөртэй уурхай болон Хуст-Уулын ордуудыг хяналтдаа авах үүрэг өглөө.
“Эрдэнэс Монгол” нэгдэл “Эрдэнэс” ҮТП байгуулах зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас авсан. Эдгээр үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг гурван үе шаттай байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгэж “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Ган бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар 2023 онд жилийн хэрэгцээ 500-600 мянган орчим тонн байгаа бол энэ тоо 2027 онд нэг сая тонн давна гэсэн тооцоололтой байна. Энэ хэрэгцээг хангахын тулд одооноос бэлдэж, “Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох Шууд ангижруулсан төмөр (ШАТ)-ийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна. ШАТ үйлдвэрлэл нь ган хайлуулах явцыг нэг шат ахиулж, баяжмалыг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгох үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь одоогийн гангийн үйлдвэрийг хүдрийн гаралтай түүхий эд болох шууд ангижруулсан төмрөөр хангах зорилготой бөгөөд жилийн 100 мянган тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Жилд нэг сая тонн ган бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай “Ган боловсруулах цогцолбор”-оос 500 мянган тонн бэлдэцийг дотоодын хэрэгцээнд ашиглах бөгөөд үлдсэнийг зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолж байна.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм17 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ