Улс төр
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Тамгын газарт ажиллалаа
ХБНГУ-ын Бундестаг эдүгээ түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр буюу 736 гишүүнтэйгээр ажиллаж байна. Тус улсын хууль тогтоох байгууллага Бундестагийн сонгуулийн эрх зүйд яг хэдэн гишүүнтэй байхыг тодорхой заагаагүй бөгөөд үүнд шинэчлэлт хийж, гишүүдийн тоог 630-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл боловсруулаад байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оноос Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй болно. Үүнтэй холбогдуулан хийх шинэчлэлтийн талаар судлах, туршлага солилцох зорилгоор Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тус улсад ажиллалаа. Тэрбээр Рейхстаг болон Бундестагийн Байнгын хороодын ордонд зочилж, ХБНГУ-ын төрийн тогтолцоон дахь парламентын үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар судлав.
Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Михаэл Шөфер Европын Холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэж буй бөгөөд уг сонгуульт ажлынхаа шугамаар эзгүй байсан тул түүнийг төлөөлөн Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Ланг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүндэтгэн угтав. Тэрбээр Рейхстагийн ордны баруун жигүүр дэх Ерөнхий нарийн бичгийн даргын албан уулзалтын танхимд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, Германы Бундестаг болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа, намын бүлгүүд, гишүүдийн санхүүжилт, ёс зүйн дүрэм зэрэг олон асуудлаар санал солилцлоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 33 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, Монголын хууль тогтоох дээд байгууллагын бүтцээр дамжуулан Төрийн тогтолцоонд хийж буй шинэчлэлт, түүний зорилго, хүлээгдэж буй үр дүн болон бэлтгэл ажил талаар товч танилцуулав. Үүний хүрээнд төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хадгалахад гарч буй сорилт, туршлагын талаар, мөн төсвийг төлөвлөх болон батлах явцад гарч буй өөрчлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар Герман болон парламентат ёс өндөр хөгжсөн бусад улс орнуудаас суралцах, Тамгын газрын үйл ажиллагаа, мэргэжил, арга зүйн чадавхыг дээшлүүлэх, техник, зохион байгуулалтын өөрчлөлтийг хугацаа алдахгүй хийх шаардлага тулгарч буйг тэрбээр дурдлаа.
Бундестагийн 20 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр хамгийн олон гишүүний бүрэлдэхүүнтэй парламент бүрдсэнийг хэрхэн цөөрүүлэх, хязгаар тогтоох талаар ид яригдаж, үүний хүрээнд төрийн байгууллын уламжлалт харилцаа, хандлагыг өөрчлөн шинэчлэх бодлогын зорилтуудыг хэрэгжүүлж буй энэ үед Монгол Улсын Их Хурал бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлж, парламентын төлөөлөх чадамж, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх шинэчлэлтийг эхлүүлж байгаа нь харилцан сорилт, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан тэмдэглэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар Бундестагийн болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын хэрэгжилт, тэдний ажлын албаны төсөв, намын болон намын бүлгийн санхүүжилт, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцав. Дэд дарга Рут Ланг Бунтестагийн захиргааны туршлагыг судлахаар ирсэнд нь талархал илэрхийлж, Ерөнхий нарийн бичгийн даргын хөндсөн асуудлуудад тодорхой хариулт өгсөн юм. Ажлын албаа санхүүжүүлэх төсвийг Бундестагийн гишүүдэд тус бүрд нь баталж олгодог бөгөөд тухайн төсвөөрөө хэчнээн хүнийг, хэрхэн ажиллуулахаа гишүүд өөрсдөө шийддэг байна. Түүнчлэн Бундестагийн гишүүн аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдолд гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах боловч шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл түүний болон ажилтнуудынх нь цалин хангамж хэвийн үргэлжилдэг аж. Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд л бүрэн эрхийг нь хүчингүй болгох хуультай бөгөөд Бундестагийн түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй юм байна.
Эдүгээ Бундестагт маш олон гишүүн сонгогдон орж ирсэн учир тэдний харилцааны болон ёс зүйн дүрмийг шинэчлээд байгаа талаар хатагтай Рут Ланг танилцуулж, гишүүдийн халдашгүй байдал бол хувь хүний бус парламентын халдашгүй байдал гэсэн агуулгад зангидагддаг талаар ярьсан юм. Тэрбээр, парламентын гишүүдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд тэдний ажлын албаны албан хаагчдыг бүх талын чадавхжуулах сургалтыг тогтмол явуулдаг тухай дурдаж, сургалтын хөтөлбөр болон агуулгыг хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Михаэл Шөфертэй Олон Улсын Парламентын холбооны Ассамблейн чуулганы үеэр уулзаж, хоёр орны парламент болон Тамгын газрын харилцааны асуудлаар санал солилцож байснаа дурсан, түүнийг болон хатагтай Рут Лангийг тааламжтай цагтаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зочлохыг урилаа.
Германы Бундестаг болон түүний Тамгын газрын туршлага, сорилт шийдэл, сургамжийг судлах хүрээд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан маш олон уулзалт хийв. ХБНГУ-ын парламентын бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын харилцан хяналт-тэнцлийг хэрхэн хангадаг болон Бундестагийн үйл ажиллагааны зарчмуудын талаар Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ дэлгэрэнгүй танилцууллаа. Бундестаг нь Холбооны хуулиудыг баталж, Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд Засгийн газрын тэргүүн, Үндсэн хуулийн дээд шүүхийн шүүгч нар болон Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилдог ажээ. Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эдүгээ эмэгтэй гишүүн ажилладаг бөгөөд тэрбээр армитай холбоотой аливаа асуудлыг Бундестагт оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй юм. Харин тус улсын Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанартай боловч Засгийн газрын хямралын үед Бундестагт санал оруулж хэлэлцүүлэх эрх эдлэх бөгөөд Үндсэн хуулийн шүүх парламентаас баталсан хуульд хориг тавих эрхтэй ажээ.
Бундестаг хяналт шалгалтын чиг үүргээ Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн үндсэн арга хэрэгслүүдээр хэрэгжүүлдгийг хатагтай Биргит Рээзэ дурдсан юм. Бундестагийн Байнгын хороод үндсэндээ хаалттай хуралдах боловч ил тод, нээлттэй ажиллах боломжтой юм.
Холбооны төсвийг боловсруулан төлөвлөх, хэлэлцэн батлах үйл явц тасралтгүй агаад давтагдан үргэлжилдэг тул энэ үйл ажиллагааны зохион байгуулалтыг Бундестагийн Төсвийн байнгын хороо, түүний 25 ажлын хэсэг болон бусад холбогдох бүтцүүдээр нарийвчлан зохион байгуулдаг тухай тус Байнгын хорооны Ажлын албаны орлогч дарга, хатагтай Соня Вюстник нэг бүрчлэн танилцууллаа. Төсвийн Байнгын хороо 45 гишүүнтэй, тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна.
Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний багц, мөн бодит зарчимд суурилсан санхүүгийн төлөвлөгөө буюу Холбооны өрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан багц, бусад гэсэн ангиллуудтайгаар батлан гаргадаг ажээ. Батлагдсан төсвийг хуулийн дагуу захиран зарцуулж байгаа эсэхэд Бундестаг дахь бүх намуудын төлөөлөл оролцсон Хяналтын хороо Холбооны аудитын газартай хамтран хяналт тавьдаг байна. Энэхүү Хяналтын хороо бол Байнгын хороо биш бөгөөд Төсвийн тухай хууль батлагдмагц Төсвийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулж ажиллуулдаг Дэд хороо болохыг тус хорооны Ажлын албаны дарга, ноён Александр Трохэ тодотгов. Хяналтын хорооны аливаа шийдвэрийг Төсвийн байнгын хороо хэлэлцэх бөгөөд Байнгын хороо шийдвэрийг тогтоол хэлбэрээр хэлбэржүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлдэг байна.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан энэ удаагийн ХБНГУ-д хийж буй туршлага солилцох ажлынхаа хүрээнд улсын төсөв, санхүүгийн тухай хууль, тогтоомжийнтөсөл, тэдгээрт хийж буй дүн шинжилгээ, дүгнэлт гаргах хүрээ хязгаар, аргачлал, үйл явцын талаар тухайлан судалж буй юм. Тиймээс Төсвийн Байнгын хороо болон Хяналтын хорооны Ажлын албаны төлөөлөгчидтэй уулзсаны дараа тэрбээр Бундестагийн Санхүүгийн байнгын хорооны Ажлын албаны дарга, доктор Оливер Фогттой уулзав. Санхүүгийн байнгын хороо үндсэндээ татварын эрх зүйн асуудлыг хариуцдаг хэмээн ноён Оливер Фогт тайлбарлаад, товчхондоо, Төсвийн байнгын хороо ямар зарлага гаргах вэ гэдгийг шийддэг бол манай Байнгын хороо яаж орлого оруулж ирэх вэ гэдгийг хариуцдаг хэмээсэн юм.
Тэрбээр Санхүүгийн байнгын хорооны үйл ажиллагаагаар жишээлэн Бундестагийн Байнгын хороодын талаар танилцуулав. Байнгын хороодыг ерөнхийдөө Засгийн газрын бүтэцтэй уялдуулан зохион байгуулдаг бөгөөд Байнгын хороод дахь намын бүлгүүдийн төлөөллийг ч мөн Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уялдуулдаг байна. Тухайлбал, Санхүүгийн байнгын хорооны тэргүүнийг сөрөг хүчнээс томилсон нь энэхүү уялдаатай холбоотой юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Бундестагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, аль Байнгын хороонд шилжүүлэхийг шийдвэрлэдэг ба тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарч байх тохиолдолд тэдгээрийн аль нь удирдаж ажиллахыг тогтоож өгдөг байна. Байнгын хороо хуулийн төслийн талаар 2-3 удаагийн хэлэлцүүлэг хийхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн саналыг авч тусгах зэргээр ажилладаг ажээ.
Бундестагийн Тамгын газрын нэгэн чухал бүтцийн нэгж бол Гадаад харилцааны газрын Шинжлэх ухааны туслалцаа үзүүлэх алба юм. Тус алба дотроо 10 хэлтэстэй бөгөөд Бундестагийн гишүүдэд тэдний хүсэлтийн дагуу судалгаа, мэдээлэл, лавлагаа бэлтгэж үйлчилдэг талаар Эрүүл мэнд, гэр бүл, өндөр настан, хүүхэд залуусын асуудал хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Барбара Кэрнбах танилцуулсан юм. Парламентын гишүүд цахим платформоор тус албанд хүсэлт гаргаж, шинжлэх ухаан, судалгааны үйлчилгээ авах бөгөөд гишүүдээс тавьсан асуулт, сэдвийг холбогдох хэлтсүүдэд хуваарилж, хариулт бэлтгүүлэхийн зэрэгцээ хэлтсүүд томоохон сэдэв, агуулга дээр хамтран ажиллах шаардлага олонтаа гардаг талаар тэрбээр танилцуулсан юм. Шинжлэх ухааны туслалцаа үзүүлэх алба 100 гаруй албан хаагчтай ба жилдээ 4000 гаруй судалгаа хийдэг байна. Судалгаандаа тэд Бундестагийн номын сан, парламентын архив, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сан хөмрөгөөс гадна Европын парламентуудын шинжлэх ухаан, баримтжуулалтын төвийн мэдээллийн сан зэрэг олон эх үүсвэр ашиглан судалгаа хийдэг байна.
Дэд дарга, хатагтай Рут Лангийн удирдан ажилладаг Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газар нь Парламентын үйлчилгээний, Бүрэн эрхийн үйлчилгээний, Байнгын хороодын болон Өргөдөл, мэдээллийн гэсэн дөрвөн хэлтэстэй. Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтэст Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт болон муж улсын парламентуудын, мөн Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний албад харьяалагдана. Гишүүдийн бүрэн эрхийг хангах албаны доктор Улрикэ Буссэ гишүүдийн харилцаа, ёс зүйн асуудлыг хариуцдаг. Тэрбээр, Бундестагийн гишүүд мөнгөн хандив авах хориотой бөгөөд гишүүнийхээ хувиар ямар нэгэн асуудлаар уламшуулал хөлстэйгөөр илтгэл тавьж болохгүй, мөн холбооны бүргэдийг хувийн зорилгоор ашиглах, улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэрэг ёс зүйн хязгаарлалтууд тавигддагийг танилцуулав.
Бундестагийн гишүүд сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил, бизнесээ сонгогдсон хойноо ч үргэлжлүүлж болох бөгөөд гагцхүү үйл ажиллагаа болон орлогоо ил тод мэдээлэх үүрэгтэй байдаг аж. Тухайлбал, өмгөөллийн товчоо ажиллуулдаг байсан гишүүн түүнийгээ үргэлжлүүлэн хийж болох ба ямар өмгөөлөл явуулж байгаагаа ил тодоор мэдээлж байх ёстой. Мөн тэрхүү бизнесээсээ ямар нэмэлт орлого олж байгаа вэ гэдэг нь бүрэн ил тод байх учиртай аж. Мөн гишүүн байх хугацаандаа хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийсэн бол үүнийгээ ил гаргаж тавина. Гишүүний цалин хангамж болон ил тод мэдээлсэн бизнесийн орлогоосоо өөр орлогыг тухай бүр бүртгүүлэх бөгөөд уг орлогын хэмжээ жилд 3000, сард 1000 еврогоос илүү гарвал энэ тухай Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба Бундестагийн албан ёсны вебсайтаар олон нийтэд ил тод мэдээлдэг байна.
Гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдэг талаар хатагтай Улрикэ Буссэ дурдаад, торгуулийн хэмжээ жилийн цалингийн 50 хувьтай тэнцэхээс эхлэн гаргасан зөрчлийн үнийн дүнгээс хамааран өсдөг гэлээ. Хэрэв гишүүн чуулганы болон Байнгын хорооны, мөн заавал суух ёстой бусад хуралд ирээгүй тохиолдолд өдрийн 200 еврогийн торгууль ногдуулдаг бөгөөд харин хурал, чуулганы үеэр парламентыг үл хүндэтгэх зөрчил гаргасан тохиолдолд Бундестагийн ерөнхийлөгч арга хэмжээ авдаг байна.
ХБНГУ-ын нийт төсөв 2023 онд 476 тэрбум еврогоор батлагджээ. Үүний 0.24 хувийг Бундестагийн төсөв эзэлж байна. Бундестагийн 1.14 тэрбум еврогийн төсөв доторх хамгийн том зардлыг гишүүдийн ажилчдын зардал эзэлдэг бөгөөд үүний дараа хоёрдугаарт Тамгын газрын ажилчдын зардал, гуравдугаарт намын бүлгүүдийн зардал ордог байна. Бундестагийн гишүүдийн цалин, хангамжийн зардал дөрөвдүгээрт, барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зардал тавдугаарт жагсаж буйг Төсвийн хэлтсийн дарга, ноён Франк Энгелхардт сонирхуулав.
Улсын төсөв нэгдмэл бодлоготой бөгөөд боловсруулах, батлах үйл ажиллагаа тодорхой дэгтэй тул Бундестаг өөрийн төсвийг яамд болон бусад төрийн байгууллагуудын нэгэн адил шийдвэрлүүлдэг талаар доктор Франк Энгелхардт ярьсан юм. Өөрөөр хэлбэл, парламентад зориулсан төсөв шийдвэрлэх тусгай нөхцөл байхгүй хэмээн тэрбээр онцоллоо. Зарим тохиолдолд төсвөө батлуулахын тулд Бундестагийн ерөнхийлөгчийг Сангийн сайдтай уулзуулах ч юм уу, Төсвийн байнгын хороонд Сангийн яамтай ярилцах асуудлыг танилцуулах шаардлага гардаг байна.
Бундестагийн төсвийг боловсруулахад тулгардаг хамгийн ярвигтай зардал бол үүсэж бий болсон нөхцөл байдлын талаар цаг тухайд нь байгуулж ажиллуулдаг Мөрдөн шалгах түр хороо, Судалгаа шинжилгээний комиссын зардал юм. Эдгээр нэгжүүд жилд тус бүр хоёр удаа байгуулагдана гэсэн тооцооллоор төсөвт тусгадаг байна. Ялангуяа Мөрдөн шалгах түр хорооны үйл ажиллагаа нарийвчилсан дэг журамтай тул жилд хоёроос олон байгуулагдах боломжгүй хэмээн тэрбээр тайлбарлалаа.
Германы Үндсэн хуульд, ардчилсан төр оршихуйн хамгийн гол үндэс нь улс төрийн намууд байна хэмээн заасан байдаг. Ард иргэдийн улс төрийн эрх ашгийг төлөөлөх байгууллага бол улс төрийн намууд бөгөөд төрт ёсны гол институциуд болдгийг Муж улсын парламент, намуудын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэ онцолсон юм.
Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийг тулд улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг намуудад өгдөг бөгөөд энэ нь бүрэн санхүүжилт бус юм. Намын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлбэл тухайн нам улсаас хараат болох эрсдэлтэй байдаг ажээ. Мөн улсын төсөв буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс авч байгаа учраас улс төрийн намууд иргэд, олон нийтэд зардал, санхүүжилтээ ил тод тайлагнах шаардлагатай болж, улмаар үйл ажиллагаа нь жигдрэх, төлөвшихөд сайн нөлөө үзүүлдэг ажээ.
Намын санхүүжилтэд төлөвлөгдсөн төсвийг намуудын индексээр хуваарилах бөгөөд энэ индексийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн нийт хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайлан зэргийг үндэслэсэн аргачлалаар Статистикийн газар гаргадаг байна. Төсвийн санхүүжилтийн индекст тооцдог нэгэн чухал үзүүлэлт бол сонгуулийн саналын данс буюу Бундестаг болон мужийн парламентууд, Европын Холбооны сонгуульд иргэдээс авсан саналын тоо юм. Саналын тоондоо харгалзуулан суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт авах боломжтой. Өнөөдрийн байдлаар Бундестагт улс төрийн зургаан нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна.
Түүнчлэн улс төрийн намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив болон хандивын бус орлогоор санхүүждэг. Намынхаа нэрээр албан тушаал эрхэлж байгаа хүмүүс гишүүний хураамж дээрээ намын мандатын үнэлгээг нэмж төлдөг байна. Улс төрийн хувь хүнээс жилдээ 3300 евро хүртэл хандив авч болохыг дээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байдаг аж. Мөн өөрийн гэсэн газартай байж болохоос гадна хувьцаа худалдан авч, арилжиж болно. Гагцхүү орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй бөгөөд хэрвээ хуурамч тайлан ирүүлбэл тухайн тайлангийн алдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр санхүүжилтийг хасаж, хориглосон хандив авсан бол түүнийг гурав нугалсан торгууль ногдуулна. Намын санхүүжилтэд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг байна.
Бундестагийн Тамгын газрын Олон улсын болон Европын харилцаа, задлан шинжилгээний газарт үндсэн гурван хэлтсийн зэрэгцээ Мэдлэгийн үйлчилгээний сүлжээний нэгж, Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн баг харьяалагддаг. Иргэдийн зөвлөл бол урьдчилан тодорхойлсон шалгуурын дагуу санамсаргүй түүврийн аргаар хүн амын бүхий л хэсэг, бүлгийг төлөөлөхүйц байдлаар сонгож бүрдүүлдэг байнгын бус бүтэц юм. Тус зөвлөл нь 30-200 иргэнээс бүрдэхээр хуульчилсан бөгөөд тодорхой нэг сэдвийг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал буюу зөвлөмж боловсруулан Бундестагт хүргүүлдэг талаар Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн багийн гишүүн, доктор Ёохэн Гүкс танилцуулав. Сонгогдсон иргэд асуудлыг хэлэлцэхийн тулд холбогдох мэргэжилтнүүдээс суурь мэдээллийг авах бөгөөд тэдэнд Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн баг дэмжлэг үзүүлж, эрх тэгш мэтгэлцэх боломжийг олгодог байна.
Парламентад иргэдийн оролцоог хангах энэхүү тогтолцоо нь Зөвлөлдөх санал асуулгын тухай Монгол Улсын хуулиар тогтоосон харилцаатай ойролцоо байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдаж, уг хуулийн зохицуулалт болон Бундестагийн Иргэдийн зөвлөлийн ялгаатай болон адил зүйлс, тэдгээрийн давуу ба сул талуудын талаар харилцан ярилцсан юм. Ноён Ёохэн Гүкс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаар илүү их мэдэхийг хүсэж буйгаа илэрхийлж, Бундестагийн “Парламентын асуудлууд” сэтгүүлд энэ талаар өгүүлэл нийтлүүлэхийг санал болголоо.
Парламент болон парламентат ёсны талаар чухалчлан судалдаг, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан олон нийтийн парламентын боловсролын асуудалд онцгойлон анхаардаг юм. Германы Бундестагт энэ асуудлыг Мэдээлэл, баримтын газар эрхэлдэг. Тус газар нь Номын сан, баримтын болон Мэдээлэл, харилцааны гэсэн хоёр хэлтэстэй.
Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга, доктор Андреа Мариа Кребс үйл ажиллагаагаа товч танилцуулж, Зочид, жуулчдыг хүлээн авах, Олон нийттэй харилцах, Арга хэмжээний менежмент болон тусгай төсөл, хөтөлбөрүүд, Бундестагийн ордон дахь урлаг, Парламентын мэдээлэл, Онлайн үйлчилгээ болон парламентын телевиз, Соошл медиа буюу нийгмийн сүлжээ хариуцсан нийт долоон албаны эрхэлж буй ажлуудаас товч дурдав. Эдгээр албад Германы Бундестагийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, контент бэлтгэж олон нийтэд бүхий л суваг, арга хэлбэрээр буюу хэвлэл, сонин, телевиз, радио, нийгмийн сүлжээгээр хүргэхийн зэрэгцээ иргэд, зочдын парламентын ордноор аялуулах, “Нээлттэй хаалганы өдөр” болон хоёр Герман улс эргэж нэгдсэн баярын өдрийг тохиолдуулан муж болгонд ээлжлэн зохион байгуулдаг арга хэмжээнд оролцох, “хөдөлгөөнт парламент” буюу “инфомобил” аяллын үзэсгэлэнг ажиллуулах, хүүхэд болон залуучуудад зориулсан парламентын боловсролын цахим хуудсуудыг хөтлөх, Бундестагийн урлагийн цуглуулгыг удирдаж, ордны дотоод тохижилт, чимэглэлийг хариуцах зэргээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус хэлтсээс “Бундестагийн өнөөдөр” хэмээх мэдээллийн товхимлыг өдөрт хэд хэдэн удаа, “Парламент” сонинг долоо хоног тутам эрхлэн гаргадаг бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулах зэргээр парламентын ил тод, нээлттэй ажиллах зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж буйгаа хатагтай Андреа Мариа Кребс цохон дурдсан юм. Тэрбээр хэлтсээ ерөнхийд нь удирдахыг зэрэгцээ Зочид, жуулчдыг хүлээн авах албыг хариуцдаг аж. Тус албаны өсвөр үеийнхэнд зориулсан төслүүдийг хариуцсан мэргэжилтэн, хатагтай Нина Риц дунд, ахлах сургуулийн сурагчдыг анги, хамт олноор нь хүлээн авч Бундестагийн ордноор аялуулахын зэрэгцээ өөрсдийг нь парламентын болон Засгийн газрын гишүүдийн дүрд тоглуулж, намын бүлэг, Байнгын хороод, эрх баригч ба сөрөг хүчний зохион байгуулалтад оруулан тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлүүлдэг гурван цагийн тоглолтын хөтөлбөрийнхөө талаар танилцуулсан юм. Үүнийг сургуулийн удирдлага, багш нартай урьдчилан зөвшилцөж, хичээлийн сэдэв, агуулгатай нь уялдуулан явуулснаар хүүхдүүд парламентын тухай ерөнхий ойлголт, мэдлэгээ бататгаж, төрийн тогтолцооны талаар илүү гүнзгий ойлголттой болохын дээр хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжуудыг суралцаж авдаг хэмээн тэрбээр дурдлаа.
Олон нийтийн харилцааны мэргэжилтэн, ноён Кристиан Юнгэ жилийн турш Герман орныг хөндлөн гулд тойрч ажилладаг “Инфомобил” болон зөөврийн үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулав. Тэрбээр, парламентад иргэд ирж танилцан, сурч мэдэхийн хажуугаар парламент өөрөө иргэд рүү очих хэрэгтэй юм байна гэсэн шийдлийн үүднээс эдгээрийг бий болгосон гэсэн юм. Ачааны хүнд даацын 17 метр урт, 20 тонн жинтэй машиныг аль болох цахим технологид суурилсан тоноглолоор тоноглож, явуулын Бундестагийг бүтээсэн байна. Инфомобил 2022 онд 40000 хүнд хүрсэн бөгөөд ирэх найман жилийн дотор сонгуулийн бүх тойрогт очихоор төлөвлөжээ.
Мөн тус алба 16 зөөврийн самбарт парламентын ардчиллын тухай бүхий л мэдлэг, мэдээллийг багтаасан зөөврийн үзэсгэлэнг тогтмол ажиллуулдаг байна. Үүний зэрэгцээ улсын болон мужийн хэмжээний үзэсгэлэн яармагт оролцож, түүнд Бундестагийн Өргөдөл, гомдлын хорооны гишүүдийг ээлж дараалан оролцуулж заншжээ.
Өнгөрсөн онд Германы Бундестагийн албан ёсны вебсайтад 78 сая хандалт ирснийг Онлайн үйлчилгээ болон парламентын телевизийн албаны мэргэжилтэн, доктор Никола Тепассе мэдээлэв. Тэрбээр парламентын ардчиллын талаар хүүхэд, залууст ойлгомжтойгоор тайлбарлах зорилгоор нээн ажиллуулж байгаа талаар өгүүлж, эдгээр платформуудаар парламентын тухай мэдлэг мэдээллийг хэрхэн тоглоомыг хэлээр хүргэх, тэдэнд зориулж Бундестагаас юуг санал болгож болох талаар идэвхтэй эрэлхийлж ажилладаг талаараа танилцуулсан юм. Мөн национал социализмд хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалын өдрүүд зориулсан арга хэмжээ, зургадугаар сард 350 залууг оролцуулан зохион байгуулдаг “Залуус ба парламент”, есдүгээр сард Бундестагийн гишүүдийн урилгаар залуучуудын төлөөлөл болсон 30 орчим залуусыг оролцуулан явуулдаг “Европын улс төр” арга хэмжээнийхээ талаар дурдлаа.
Бундестагийн номын сан анх 1949 онд 1000 номтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 1.6 сая ном, сэтгүүл, шинжлэх ухааны бүтээлийн сан хөмрөгтэй, дэлхийн парламентын номын сангуудын дотор гуравт жагсдаг томоохон сан болжээ. ХБНГУ-ын парламент Бундестагийн захиргаа болон түүний бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тус номын сан болон Холбооны улсын парламентын ардчиллын түүх, түүнд тулгарсан бүхий л уналт, сэргэлтийг үечлэн үзүүлсэн байнгын үзэсгэлэн бүхий Германы цогчин дуганд зочилсон юм.
Хоёр зуу гаруй жилийн түүхтэй, уран барилгын дурсгал болох Deutscher Dom-д “Зам-буруу зам-тойруу зам” хэмээн тус үзэсгэлэнг 2002 оноос байрлуулсан нь бүх нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэх цогц үйл ажиллагааны нэгэн хэсэг болдог байна. Бундестагийн чуулганы танхим болох Рейхстагийн ордон ч мөн түүх, уран барилгын чухал дурсгалын болохын хажуугаар Германы парламентат ёсны хөгжлийн замд тулгарсан сорилт, туулсан замнал, сургамжийг ард иргэдэд ойлгуулах, таниулахад чиглэсэн боловсрол, соёлын өндөр ач холбогдолтой юм.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн хүрээнд засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Парламентын боловсрол” хөтөлбөр, “Өсвөрийн парламент” болон “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрүүдийг сүүлийн хоёр жил дараалан явуулаад байна. Дэд хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар, мэдлэг хандлагаараа шалгарсан сургагч багш Л.Мишигжав дээрх ажлын бүрэлдэхүүнд багтаж, Германы Бундестагийн иргэд, олон нийтийн оролцоог хангах, парламентын ардчиллын талаарх хүүхэд багачууд, өсвөр үеийнхний боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрүүдэй танилцсан юм. Тэрбээр, Герман Улсын төрийн тогтолцоо, ардчилал, түүхийн талаар олон талын өргөн мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, үзэж мэдсэн бүхнээ шавь нартаа бүрэн, зөв дамжуулах өгөхийн тулд хичээх болно гэсэн юм.
Дээрх төслөөс Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайханы Бундестагийн Тамгын газарт хийсэн туршлага солилцох ажлыг Монгол Улсаас ХБНГУ-д суух ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд ихээхэн үр дүнтэй болсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглэв. Туршлага солилцох ажлын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг нар ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.
Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.
Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.
Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.