Улс төр
АБГББХ: Байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно хэмээн заасныг дурдаад, УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж буйг танилцуулсан.
Б.Энх-Амгалан нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.
Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академид Төрийн удирдлагын менежер,
БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны их сургуульд Ази, Дорно дахин судлал, БНХАУ-ын Жан Жа Жиэ хотод Аялал жуулчлалын удирдах ажилтны чиглэлээр суралцан төгсчээ.
Тэрбээр, Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан, “Ворлд транс” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллажээ.
2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2022 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
Дараа нь “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн.
Мөн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орох асуудлыг зөвшилцөв.
Зөвшилцөх асуудлын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.
Тэрбээр, Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенц зэрэг цөмийн энергийн чиглэлээр олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ, конвенцын хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнуудаа эдгээр конвенцод нэгдэн орж дэлхий дахинаа цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй цөмийн терроризм, цөмийн ослоос сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамтран аж ажиллахыг уриалсаар байгаа билээ. Одоогийн байдлаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцод 91 орон, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцод 88 орон, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд 131 орон, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд 57 орон нэгдэн орсон байна. Дээрх конвенцуудад нэгдэн орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилго зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх, цацраг идэвхт эх үүсвэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй ажиллагааг сайжруулах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, болзошгүй цөмийн ослоос урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхээс гадна энэ хүрээнд тусламж авах нөхцөл бололцоог нээж бүрдүүлэх юм. Тус конвенцууд нь Монгол Улсын Үндсэн хууль үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжтой уялдсан бөгөөд төсөвт нэмэлт зардал гарахгүй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Сүүлийн үед цацраг идэвхт бодисын хаягдлыг Монголд булшлах болсон гэсэн мэдээлэл сүүлийн үед дуулдах нь ихэслээ. Чухам яагаад ийм мэдээлэл байнга гарах болов, мэдээлэл үндэслэлтэй эсэхэд тодорхой хариулт авья гэлээ.
Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав, Цөмийн хаягдал гэдэг нь цөмийн технологи хэрэглэж байгаа улс орнуудад бий болдог асуудал. Цацраг идэвхт ашигт малтмал, урантай холбогдуулж зарим ТББ-ын төлөөллөөс цөмийн хаягдалтай холбоотой асуултуудыг тавьсан. Бид энэ оны 06 дугаар сард мэргэжлийн болон цөмийн энергийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон бусад 55 байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон улсын атомын энергийн агентлагийн Хууль эрх зүйн газар, Цөмийн баталгааны газрын аюулгүй ажиллагааны газрын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, олон улсын экспертүүдийн тайлбаруудыг өгсөн.
Өнөөдөр хэлэлцэж байгаа аюулгүй ажиллагааны конвенцуудад дээр дурдагдсан асуудалтай холбоотой заалт байхгүй. Цөмийн хаягдал гэдэг нь өөрийн оронд үүсгэсэн цөмийн реакторт ажиллуулаад гарсан хаягдлыг хэлдэг учраас Монгол Улсад хамааралгүй, тэр тусмаа шар нутагтай ямар ч хамааралгүй гэдгийг конвенц дахь заалтуудаар тодорхой болгосон гэсэн хариулт өгсөн.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан конвенцуудад нэгдэн орохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цөмийн технологийн энхийн хэрэглээнээс үүссэн цацраг идэвхт хаягдал, ураны олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдал, хяналтад буй үйл ажиллагаанаас байгаль орчинд нийлүүлэх хаягдал, ашиглагдахгүй болсон битүү цацраг идэвхт үүсгүүр гэсэн зүйлс байна. Монгол Улс гадны цөмийн хаягдлыг нутаг дээгүүрээ дамжуулахгүй, тээвэрлэхгүй, хадгалахгүй, булшлахгүй гэсэн бодлоготой. Эдгээр зүйлсийг мөн дамжуулахгүй, тээвэрлэхгүй, хадгалахгүй, булшлахгүй гэдэг асуудал дээр хэлэлцээр хийхдээ онцгой анхаараарай. Учир нь энэ конвенцуудыг соёрхон баталсны ард иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс бол хардлага гарна. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах гэж байна гэдэг асуудал яригдсаар ирсэн. Тийм учраас бид гадны улсын цөмийн хаягдлыг булшлахгүй, конвенцод нэгдэн орсноор мэдээллийн эх үүсвэрээ баталгаажуулж, цөмийн хаягдалтай холбоотой асуудлуудаар мэдээллүүдээ солилцох юм гэдгийг тодотгож өгөөрэй хэмээн Ажлын хэсгийн гишүүдэд сануулан, хуралдааны протоколд тэмдэглүүлж байгаагаа дурдсан.
Эцэст нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр8 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ