Нийгэм
Төсвийн тодотголоор он дамжин санхүүжих сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Нийслэлийн үнэт цаас гаргах ажил хойшилсон тул уг эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон юм. Иймд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцож, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулахаар баталсан билээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “НИТХ-аар нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталсан. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний энэ оны гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олгох, ирэх жилийн санхүүжилттэй холбоотой зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй уялдуулан ажлаа эрчимжүүлэх, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсон, уялдаа холбоотой, шуурхай ажиллахаар уг уулзалтыг зохион байгуулж байна. Тус төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр түгжрэл, төвлөрлийг задлах, хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулан, хөгжих эрхийг хангахад чухал үүрэгтэй юм. Эдгээр ажил нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч хөгжих эрхтэй холбоотой тул хурдан хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Мөн хариуцлагыг сайжруулж, гэрээний хэрэгжилтэд ил тод хяналт тавина. Хугацаа алдаж, шалтаг тоочдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дунд шатанд гарч болзошгүй ашиг сонирхол, авлигын шинжтэй асуудлыг нийслэлийн удирдлагуудад дор бүр нь мэдэгдэх хэрэгтэй” гэв.
Энэ онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт 130 мянган хүүхэд суралцаж байна. Харин төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургуульд 384 мянган хүүхэд сурч буй. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 90.2 хувьтай бөгөөд бүлэг дүүргэлт дунджаар 35, хотын төвийн сургуулийн анги дүүргэлт 50-аас дээш суудалтай байна.
Төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 компани нийт 31 байгууламжийг ашиглалтад оруулж, 6500 орчим хүүхдийн ор, суудлын хүчин чадал нэмэгдэх юм. Тодруулбал, гурван сургууль, долоон цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, найман цомцог гэр байгуулж, дөрвөн цэцэрлэгийн барилга худалдан авах бөгөөд цахилгаан эх үүсвэрийн хоёр ажил гүйцэтгэнэ.
Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг тодруулж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхээ илэрхийлж байв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.