Эдийн засаг
2023 оны Базелийн мөнгө угаахтай тэмцэх индекс зарлагдлаа

Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индекс зарлагдаж, Монгол Улсын эрсдэл буурч, үнэлгээнд ахиц гарчээ.
Базелийн засаглалын хүрээлэн (Базел институт)-ээс жил бүр улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс” -ийг гаргадаг.
Тус байгууллага нь авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн болон компанийн засаглал, тэдгээрийн комплаенсын үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг хураах, буцаах чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус, бие даасан судалгааны хүрээлэн юм.
Олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, хэмжих хэд хэдэн төрлийн үнэлгээ, индекс гардаг бөгөөд “Мөнгө угаахтай тэмцэх Базелийн индекс” нь Олон улсын хэмжээнд улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг харьцуулах хэлбэрээр хөндлөнгийн хараат бусаар үнэлгээгээ гаргадаг онцлогтой.
Базел институт нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын нэгдсэн индекс гаргах гарын авлагад тулгуурлан салбарын мэргэжилтнүүдийн гаргасан судалгаа, шинжилгээнд суурилсан арга, аргачлалыг ашиглан дээрх индексийг гаргадаг байна.
Ялангуяа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн хүчин зүйлийг тооцсон, энэ чиглэлээр дагнасан нэгдсэн индекс байдаггүй. Иймд улс орнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийг гаргах, эрсдэлийг тооцохдоо энэхүү индексийг ашиглах нь элбэг байдаг.
Базел институт энэхүү индексийг улс орон бүрээр 2012 оноос хойш жил бүр гаргаж байна. /Монгол Улсын үнэлгээг Хүснэгт 1-т харуулав/
Хүснэгт 1. Базел МУТС индекс /он дарааллаар/
Базел институт нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, Трансперенси интернэшнл, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум зэрэг байгууллагын олон нийтэд нээлттэй 18 төрлийн өгөгдөлд үндэслэн энэхүү индексийг гаргадаг. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үзүүлэлтийг гаргахдаа эрсдэлийн үнэлгээг дараах 5 бүлэгт авч үздэг:
- МУТСТ тогтолцооны чанар
- Авлига, хээл хахууль
- Санхүүгийн ил тод байдал ба стандарт
- Нийтийн ил тод байдал ба хариуцлага
- Хууль зүйн болон улс төрийн эрсдэл зэрэг юм.
Эрсдэлийг тодорхой аргачлалаар тооцдог бөгөөд дэлхийн дундаж 5.31 гэж үнэлэгджээ.
/Үнэлгээний аргачлалд нөлөөлж буй хүчин зүйлийг Зураг 1-т дараах байдлаар үзүүлэв/
“Базелийн индекс-2023” энэ оны 11 дүгээр сарын 13-нд зарлагдсан байна. Энэ жагсаалтын 1 дүгээрт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хамгийн өндөр эрсдэлтэй улсаар Гайти Улс гарсан бол хамгийн эрсдэл багатай улсаар буюу 152 дугаарт Исланд улс шалгарчээ.
Монгол Улсын хувьд 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орох үед Базел индексийн 20 дугаарт жагсаж байсан бол 2023 оны байдлаар эрсдэлийн үзүүлэлт буурч, нийт 152 улсаас 83 дугаарт жагсжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурсан байна.
Базелийн индексийг тооцоход гол нөлөө бүхий хүчин зүйл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны чанар бөгөөд голлох үзүүлэлт нь ФАТФ-ын Харилцан үнэлгээний тайланд тусгагдсан үр дүнгүүд юм.
Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд чамлахааргүй амжилт гаргаж байна. Тухайлбал, ФАТФ-ын 40 зөвлөмжийн техник хэрэгжилт бүхэлдээ сайн болон түүнээс дээш үнэлэгдээд байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт Монгол Улс тэргүүлж байна.
Монгол Улсын энэхүү амжилт нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх бусад үнэлгээ, индекс болон гадаадын банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гадаад харилцаанд эерэгээр нөлөөлөх болоод байна.
Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бүхий л шатны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тэдгээрийг хариуцан хэрэгжүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ арга хэмжээ авч, ахиц гаргаж байгаа нь Олон улсаас хийж байгаа үнэлгээнд сайнаар нөлөөлжээ. Энэхүү хүчин чармайлт нь Монголбанк болон хамтран ажиллаж байгаа байгууллагууд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн юм.
Цаашид бодит хэрэгжилтэд анхаарах, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанарт анхаарч, энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын хүний нөөцийн болон санхүүгийн чадавхад анхаарах шаардлагатай байгааг мөн онцолж байна.

Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
Эдийн засаг
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ

Үндэсний Статистикийн Хороноос 2025 оны гуравдугаар сарын орон сууцны үнийн мэдээллийг танилцуулжээ. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.
-
Нийгэм6 цаг өмнө
“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжлээ
-
Нийгэм6 цаг өмнө
Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно
-
Нийгэм3 цаг өмнө
“Хүүхдэд аюулгүй цахим орчин” аяны удирдамж батлагдлаа
-
Улс төр2 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Нийгэм3 цаг өмнө
НӨАТ-ын сугалаанаас 46 666 иргэн азтан болжээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ
-
Улс төр7 цаг өмнө
“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт боллоо