Нийгэм
Пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр уушгины хатгалгаа 40 хувиар буурчээ
Монгол Улсад хийсэн “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны дүнг хэлэлцэх хурал боллоо.
Хуралд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан багууд оролцсон бөгөөд “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгаанд уушгины үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2-59 сартай 17748 хүүхэд, 18-аас дээш насны 7467 хүнийг хамруулсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах хэмээн уриалсан байдаг.
Иймд ЭМЯ-наас 2015-2022 онд бага насны хүүхдийн уушгины үрэвслийг бууруулахын тулд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн, үр дүнг нь нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг хийсэн байна.
Судалгааны Монгол дахь багийн ахлагч М.Туяа хүүхдийн хатгалгааны эсрэг пневмококк 13 цэнт вакциныг 2019 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлж, энэ хугацаанд тус вакцин хэрхэн нөлөөлж буйг үнэлэх судалгааны ажил эхлүүлснийг дурдаад “Бид зургаан жил цуглуулсан лабораторийн шинжилгээ болон эмнэлзүйн мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж эцсийн үр дүнг таницуулж байна.
Уг вакциныг нэвтрүүлснээр бага насны хүүхдүүдийн дундах пневмококк нянгаар үүсэх уушгины хатгалгааны хүнд болон маш хүнд хэлбэрийн өвчлөл 20-40 хувиар буурсан. Мөн рентгенээр оношлогдсон уушгины үрэвслийн тохиолдол буурсан байна. Түүнчлэн эрүүл боловч тухайн нянг тээж байгаа хүүхдийн тоо 61-72 хувиар буурсан нь тус нянгаар үүсэх уушгины үрэвслээс хүүхдээ урьдчилан сэргийлэх боломжтой болсон” хэмээн танилцуулсан юм.
Мөн энэ хурал дээр Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ЭМЯ, ХӨСҮТ-ийн багууд судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд Австралийн багийн доктор, профессор Ким Мулхолланд, дэд профессор Клайре Вон Моллендорф, дэд профессор, докторант Катрин Сатски, Кирстен Фажирли нар судалгааны явцыг дэлгэрэнгүй танилцуулгыг хийж пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлсний дараах үед вакцины бус хэв шинжүүдийг тандах талаар харилцан санал солилцлоо.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.