Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Эрхэм хүндэт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.
Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Энэхүү хүнд хэцүү цаг үед Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга цаг үеэ олсон энэхүү чухал арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна.
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байдаг билээ.
Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад чухал дэмжлэг болно хэмээн үзэж тус санаачилгыг Монгол Улс дэмжиж байгаа билээ.
Бүлгийн дарга аа,
Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын дэргэд ДГХБО-ын бүлгийг байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэх дэлхийн нийтийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж, энэ хүрээнд “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна.
Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна.
Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Бүлгийн дарга аа,
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт бэрхшээлийг даван туулахад бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит тоо баримт бүхий судалгаа шинжилгээний ажил хэрэгтэй.
Тийм учраас манай улс Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулж, бие даасан олон улсын засгийн газар хоорондын байгууллага болтол нь хөгжүүлэн бэхжүүлж, тус байгууллагын шугамаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Тус судалгааны төв нь сүүлийн арван жилийн турш НҮБ-тай хамтран ДГХБО-ын бүлгийн гишүүн орнуудад чухал ач холбогдол бүхий бодлогын судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн гэж бид үздэг.
Тус судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний сөрөг нөлөөллийг даван туулах, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарууд дахь бодлого, стратеги, хамтын ажиллагааны үр дүнтэй арга замыг тодорхойлоход хувь нэмэр болох ач холбогдол бүхий судалгааны ажлыг гүйцэтгэх боломжтой юм.
Тиймээс Та бүхнийг энэхүү олон улсын судалгааны төвтэй хамтран судалгааны төслүүд хэрэгжүүлэхийг уриалж байна.
Түүнчлэн “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэхийг эл хэлэлцээрт нэгдээгүй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриалж байна. Ингэснээр эл судалгааны төв улам бэхжин хөгжиж, далайд гарцгүй орнуудын судлаачдын баг хамтран ажиллаж, томоохон судалгааны ажлыг гүйцэтгэх боломж улам нэмэгдэнэ гэж үзэж байна.
Бүлгийн дарга аа,
Монгол Улс 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг хангахад идэвхтэй оролцож байна.
Бага хурал нь “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үнэлгээний туршлага, сургамжид тулгуурлан тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын ирэх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэлтэй байна.
Эцэст нь хэлэхэд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэл, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нь тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг цогцлооход чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монголчууд бид эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан дэлхийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллах болно.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.”

Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
Улс төр
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 16:20 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 40 хорооны … хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар эмэгтэй, 26 настай А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, улмаар зогсоолд байрлуулсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байна.
Жолооч А-г согтуурлын зэрэг хэмжигч багажаар шалгахад 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон шалгалтыг үргэлжлүүлж байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр3 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ