Нийгэм
Улсын нөөцөөс таван тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор шийдвэрлэлээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд ажиллаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, нэн шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь шийдвэрлэлээ.
Баянтэс сумын хувьд энэ сарын 10-13-нд эрс хүйтэрч шөнөдөө -37-42 градус хүрсэн бол 13-14-нд шилжих шөнө энэ жилийн хамгийн их хүйтрэлт болж агаартаа -50 градус, хөрсөндөө -47 градус хүрч хүйтэрсэн.
Өнгөрсөн намраас хойш 12 дугаар сарын 14-нийг хүртэл 25 удаа цас орж, нийт нутгаар 35-40 см цасан бүрхүүл тогтсон бол гуу, жалга гэх мэт хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Иймээс мал бэлчээрлэх боломжгүй болж, зарим зам, даваа хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн.
Тэс сумын хувьд мах бэлтгэн, нийлүүлэх хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ өвлийн мах бэлтгэх, нөөцлөх ажлын хүрээнд 55 тн үхэр, адуу хонины мах бэлтгэжээ. Мөн тус сумын 60 малчин өрх 4тн адууны мах , 57тн үхрийн мах, 109тн хонины мах,71тн ямааны мах бүгд 241тн мах зах зээлд нийлүүлэгдэхээр бэлтгэсэн байна.
Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс Завхан аймагт хөнгөлөлттэй үнээр олгож байгаа 495 тн хивэг тэжээлээс Тэс суманд 40 тн хуваарилагдаж, газар дээрээ хүргэгдэж ирээд байна. Мөн Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын нөөцөөс 5 тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.