Эдийн засаг
“Монголын хөрөнгийн бирж” өнгөрсөн онд 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжлаа
Өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж эхэлсний 1 жилийн ой тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталж, нүүрсний арилжааг Монголын хөрөнгийн биржээр явуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Монголын Хөрөнгийн Бирж 2023 оны 1-р сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулсан юм.
Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлснээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд худалдагч компаниуд МХБ-ээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжлаа.
Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7%-иар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 529.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олоод байна.
Анх арилжаа эхлэх үед 45 харилцагч буюу худалдан авагч системд бүртгүүлж байсан бол өнөөдөр нийт 244 худалдан авагч компани бүртгүүлж, гэрээ байгуулсан.
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн төдийгүй мөн энэ өдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монголын хөрөнгийн бирж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжлөө.
Улмаар Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах үүднээс 2023 оны 5 дугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн зэрэг хууль эрх зүйн орчинд холбогдох шинэчлэлтүүд хийгдээд байна.
Дээрх шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болсон нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлсэн жил байлаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.