Нийгэм
“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд өнөөдрөөс эхэлж байна.
Уг арга хэмжээ хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.
Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа:
-Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин өнгөрсөн жил энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм. Энэ жил оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн тул өнгөрсөн жилийн борлуулалтын дүнг хоёр дахин нэмэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Мөн оролцогчдоос талбайн түрээс болон гадна зогсоолын төлбөр авдаггүй учир хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагыг тавьж буй.
“Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын оролцогч Т.Түмэнбаяр:
-“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна. Жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээг түрээсийн төлбөргүйгээр зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Бид наадгай болон домын бүтээлүүд борлуулдаг. Монголчууд ямарваа нэг зүйлийг домоор засаж, наадгайгаар наадаж ирсэн уламжлалтай. Ийн язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж байна.
“Es G Brand”-ийн үүсгэн байгуулагч У.Хосбаяр:
-Манай брэндийн нэрийн тухайд Es /Empire shoes/ буюу эзэнт гүрний гутал гэсэн утгыг агуулж буй. Дэлхий дээр хоёр том эзэнт гүрэн байсны нэг нь манай Монголын эзэнт гүрэн. Тиймдээ ч эзэнт гүрний хүмүүсийн өмсөж байсан эсгий гутлын технологийг орчин цагийн хэв загварт оруулан бүтээлээ туурвисан гэв.
Тэрчлэн энэ арга хэмжээнд оролцсоноор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах, санхүүгийн байгууллагууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах зэрэг олон давуу талтай юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.