Эдийн засаг
Зэсийн баяжмалын арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 29-нд зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.
Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
“Монгол Улсын Засгийн газрын 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон бол 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу бид арилжаа зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Энэхүү шийдвэр нь Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн 30 гаруй жилийн түүхэнд бас нэгэн том цонх нээсэн онцгой үйл явдал байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн буюу 2718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаална. Хуурай метр тонн тутмыг 2141.83 ам.доллароос эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг зохион байгуулах юм. Монголын хөрөнгийн бирж, уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжин хөгжиж буй энэхүү түүхэн үйл явцад МУ-ын стратегийн өндөр ач холбогдол бүхий, Монголын ард түмний өөрсдөө гар, бие оролцон бүтээн байгуулсан хамгийн том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсанд бид баяртай байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо дахин талархал илэрхийлээд Монголын хөрөнгийн биржээр арилжаалах зэсийн баяжмалын анхны арилжааг нээх, цан цохин ёслол нээснийг мэдэгдье” гэв.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: “Санхүүгийн зохицуулах хорооноос МХБ-ийн “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг 2024 оны 134 дүгээр тогтоолоор үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэн.
Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, биржийн арилжаанд үр дүнтэй хяналт тавих, зуучлагч брокеруудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, бусад улсын зохицуулагч, арилжаа эрхлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорин ажиллана” гэдгийг онцолсон юм.
УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга: “Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны турш ажилласан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого Монгол Улсын эдийн засагт орсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлснийг онцлон хэлье.
Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ийг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу өнөөдөр зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна” гэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Ерөнхий захирал Г.Ёндон: “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зэсийн баяжмалаар бүтээгдэхүүний төрөл ангилал нэмэгдсэн нь 2020-2024 онд Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн олон том ажлуудын нэг болж буйг хэлэхийг хүсч байна” гээд арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.
Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.