Нийгэм
“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” ТББ-тай хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг 2024 оны долоодугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна.
2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой уг наадам энэ жил 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгож, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажилласнаар Нийслэл хотын эдийн засагт оруулах үр өгөөж 8-10 тэрбум төгрөг байх төлөвтэй байгаа аж.
“Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулагдана. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид багтаж “Плэйтайм” наадмын хөтөлбөр нь Азийн тэргүүлэх фестивалийн хэмжээнд хүрч нийт 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм. Энэ нь өнгөрсөн жилээс хоёр дахин их буюу 21 улсын 50 гадаадын хамтлаг уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бие бүрэлдэхүүн гадаадаас оролцохоор болжээ.
“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг “Плэйтайм” наадам бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалан ажилладаг.
Энэ хүрээнд наадмын хог хаягдал ангилагдан дахин боловсруулагдаж, нэг удаа биш олон удаа ашиглагдах “Reusable cup” наадмын нэгэн соёл болж хэвшээд байна. Дээрх үзэл санаагаа улам бататган шинэ талбайдаа мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмж, Монгол орныхоо экосистемийг дэмжих, тэтгэхийн зэрэгцээ үзэгчдэдээ танин мэдэхүйн ач холбогдолтой хүрээлэн бүтээхээр төлөвлөж байна.
Мөн талбайн төлөвлөлт монгол гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй байх ба тайзнуудын концепц, шийдлүүдэд Монголын өв соёлыг агуулсан элементүүдийг шингээнэ.
“Плэйтайм” наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль. Энэхүү хөгжмийн бус хөтөлбөр нь хүн төрөлхтний сайн сайхан, сэтгэл зүйн эрүүл мэнд, бясалгал, сүнслэг байдлаа хадгалахад чиглэсэн хөтөлбөр, бие физиологийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөр, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, бүтээлч шинэлэг сонирхолтой үзүүлбэрүүд, стэнд-ап комедианууд, хүүхдэд чиглэсэн хөтөлбөрүүд, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулсан үзэсгэлэн гэх мэт урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.