Нийгэм
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 800 орчим залуус бүртгүүлж байсан бол энэ жил 900 гаруй залуус бүртгүүлжээ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулах юм. Энэ жил зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар марафон 2024”-т оролцох сайн дурын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг тавдугаар сарын 15,16-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулж байна.
“Улаанбаатар марафон”-д оролцогчид нь янз бүрийн насны, тусгай хэрэгцээт иргэд гүйдэг учир нэг дор олон хүнийг гүйхэд бие биедээ саад болохгүй, хүндэтгэлтэй хандахад нь сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо, зохицуулалт хамгийн чухал. Мөн сайн дурын ажилтнууд нь марафоны үндсэн зохион байгуулалт болон гүйлтийн уралдааны тухай ерөнхий мэдлэгтэй байхыг шаарддаг. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс тэдний үг ярианаас гадна биеэ авч явж буй байдал, хувцаслалт хүртэл үлгэр жишээ байх хэрэгтэй. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах гээд олон давуу талтай.
“Улаанбаатар марафон” өдөрлөгт оролцсон сайн дурын ажилтнуудад Нийслэлийн Засаг Даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог тул залуус уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай.
“Улаанбаатар марафон”-ыг хамтран зохион байгуулагч “Hipay” компаниас марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлсэн билээ. Уг технологийн шийдлийн талаар “Hipay” компанийн сайн дурын ажилтан хариуцсан ажилтан Ч.Дашсүрэн мэдээлэл өглөө. Харин гүйгчдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, багаараа хэрхэн ажиллах тухай танилцуулга сургалтыг АШУҮИС-ийн багш, “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун өгсөн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.