Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.30/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | · Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ · Бусад |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл · Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
11.30 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
· Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан |
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
4 | Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо | · Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
15.00 | “Их засаг” |
5 | Эдийн засгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
· Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг сонсох |
15.30 | “Их Эзэн Чингис хаан” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
1 | Хууль зүйн байнгын хороо | Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага | 09.00 | “Их засаг” |

Улс төр
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад илтгэл тавив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.
Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон өргөтгөсөн хуралдаануудаар зохион байгуулагдаж, өргөтгөсөн хуралдааныг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нээсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнөөдөр бид Волгоград баатар-хотод чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. 200 өдөр, шөнө үргэлжилсэн Сталинградын тулалдаан Аугаа их эх орны дайн болон Дэлхийн II дайны үр дүнг тодорхойлсон эргэлтийн цэг хэмээн тодотгож, дэлхий дахинаа энх тайван тогтоох үйлсэд орон орны оруулсан баатарлаг гавьяа, хувь нэмрийг онцлон, түүхийг гуйвуулахгүй байх нь зүйн хэрэг гэв. Тэрбээр, дайны жилүүдэд монголын ард түмний оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй байсныг цохон тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тус чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны үеэр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, дэлхий дахины тэр дундаа оросын ард түмний түүхийн нэг гол үйл явдал нь 1941-1945 онд болсон Аугаа их эх орны дайн юм. Тэртээ 80 жилийн өмнө болсон энэхүү дайны түүхийг оросын ард түмэн санан дурсаж, дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг бахархан мөнхжүүлсээр ирсэн.
Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улсыг бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс дайны туршид ЗХУ-ын холбоотон улс нь байж, “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, галт тэрэгний зургаан удаагийн цуваагаар тусламж хүргүүлсэн. Үүнд, мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, мөн нэхий дээл, эсгий гутал болон алт, үнэт эдлэл болоод бусад бэлэг сэлт байснаас гадна монголчууд 517 мянган агт морьд нийлүүлсэн.
Сталинград (эдүгээ Волгоград баатар-хот) хотын дэргэд болсон ширүүн тулаанд монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд Дэлхийн II дайны цаашдын хувь заяаг бүрэн эргүүлж чадсан юм. Дайн дуусахтай зэрэгцэн Монголчуудын энэ их ач тусын хариуд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад улс гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-ын гишүүн орон болоход чухал нөлөө үзүүлсэн гэдгийг монголын ард түмэн үргэлж санаж, талархдаг. Өвөг дээдсийн маань “Аугаа их өв”, өнөөдрийн харилцан итгэлцэл, бидний хойч үеийн “Хамтын ирээдүй” нь мөнхийн хоёр хөршийн эрх тэгш, гүн бат найрамдал мөнхжин орших болтугай гэлээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтын үеэр “Сталинградын тулалдааны баатрууд” түүх-дурсгалын цогцолбор дахь мөнхийн галд цэцэг өргөх ёслолд оролцсон юм.
“Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтын хаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар оролцож, зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусь, Оросын Холбооны Парламентын Ассамблейн дэргэд Түүхэн дурсамжийг хамгаалах байнгын хороо байгуулахыг санал дэвшүүлж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар
- Татварын реформын талаар
- Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
- Нийгмийн даатгалын реформын талаар
- Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 хэлэлцэх бөгөөд танилцах юм байна.
Улс төр
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.
Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их боломжоо бүрэн ашиглах түүхэн алхмыг хийж байна. Бид цэвэр эрчим хүчний экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулан, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийг зорьж байна” гэв.
UPC Renewables Asia Pacific компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Жон Сазерленд “Энэхүү түншлэл нь Дундговь аймгийн дэлхийн хэмжээний салхины нөөцийг үр ашигтай ашиглан, БНХАУ-д экспортлох, мөн Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Бид Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалтыг татаж, тогтвортой аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
Төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэх, мөн төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байна гэж Эрчим хүчний реформын үндэсний хорооноос мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татав
-
Нийгэм3 цаг өмнө
Маргааш “Хуульчийн Про боно-2025” өдөрлөг болно
-
Нийгэм2 цаг өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 986 болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Улс төр3 цаг өмнө
Засгийн газар хуралдаж байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Монголын морьт барилдааны баг тамирчид Ази тивд дэд байрт шалгарав