Нийгэм
Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 17-ны өдөр “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уламжлалт анагаах ухааны сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, түүнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар “Оточ Манрамба” их сургуулийн ректор Д.Нацагдорж, төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 7 их сургуулийн төлөөлөл, төрийн бус байгууллага, ажил олгогч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан зэрэг 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Ажлын хэсгийн ахлагч, хүний гавьяат эмч Д.Нацагдорж уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буй сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын зохицуулалтын газрын Х.Тамир нарт ажлын хэсгийн өмнөөс талархлаа илэрхийлж ажлын явцаас танилцуулсан.
Уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Бид эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр 2027 ба түүнээс цааш онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад байна. Мөн бидний хийсэн гол ажил бол 7 их сургууль 192 кредитээр цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтлоо. Монгол улсад уламжлалт анагаах ухааны 5 чиглэлээр, уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнийн их эмч, уламжлалт анагаах ухааны засалч, уламжлалт анагаах ухааны сувилагчаас гадна ХААИС-тай хамтран уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна” хэмээн ярьсан юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Оточ Манрамба” их сургуулийн оюутнуудтай мөн уулзсан. Тэрээр “Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг авах нөхцөл үүснэ. Зөвхөн бакалавр бус магистр, докторын хөтөлбөрт ч зээл авах боломж бүрдэж байгаа” талаар хэллээ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.