Нийгэм
Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, буулгаж эхэллээ.
Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхантай тус байршилд ажиллалаа.
Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн н.Батбаатар уг газрыг худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч уг барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн аж. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг буулгаж буй юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Уг барилгыг нураахад тус компанийн зүгээс бидний гаргаж буй бодлого шийдвэрийг дэмжиж, хамтарч ажиллаж буйд талархал илэрхийлье. Энэ нь бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад зөв жишиг болж байгаа нь лавтай. Цаашид барилгын компаниуд орон сууц барихдаа иж бүрэн тохижилт хийх тал дээр анхаарч ажиллахыг уриалж байна. Мөн барилгыг нурааж байх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна” хэмээлээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт, ХАБЭА-н хэлтсийн дарга Б.Насанжаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хот тохижилтын газраас хууль зөрчиж баригдсан барилгуудыг нураах ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд тус барилгыг эзэмшигчтэй нь зөвшилцөн, өчигдрөөс буулгаж эхэлсэн. Ингэхдээ ойр орчмын оршин суугчидтай зөвшилцөн, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ус, дулаан, цахилгаан зэргийг хаан, замын хөдөлгөөнд тодорхой өөрчлөлт оруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Барилгыг 7-10 хоногийн хугацаанд буулгахаар 24 цагаар ажиллаж байна. Барилгын ажил дууссаны дараа ногоон байгууламж байгуулах тохижилтын ажлыг эхлүүлэх юм” гэв.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.