Эдийн засаг
“Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохин ёслол зохион байгууллаа
“Монголын хөрөнгийн бирж” өнөөдөр /2024-06-20/ Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэтгэлийн танхимд “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “БиДиСек ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүн болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.
Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ:
“Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 89 тоот тогтоолоор нийслэлийн төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд нийт 500 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд нээлттэй санал болгох үйл явц эхэлж байна. УИХ-аас 2022 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 2023 оны 7-р сард Засгийн газар, Сангийн яамнаас Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжин, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны 249 дугаар тогтоолоор Улаанбаатар бонд гаргах зөвшөөрлийг олгосноор өнөөдөр та бид Улаанбаатар бондын 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд санал болгох анхдагч зах зээлийн арилжааны нээлтийг хийж байна.
“Улаанбаатар бонд”-ын эхний үе шатанд дотоодын зах зээлд 36 сар хүртэлх хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий бондыг хагас жил тутам хүү төлөх давтамжтайгаар арилжихаар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг Нийслэл хотынхоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжин, арилжаанд идэвхтэй оролцохыг урьж, Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” хэмээн хэллээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ: “Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Зээлийн хүүг бууруулах стратеги” болон дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд олон улсад өрсөлдөхүйц хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн Засаг даргын үнэт цаас ийнхүү олон нийтэд гарч байгаа нь хөрөнгийн зах зээлд нэгэн түүхэн үйл явдал болж байна. Олон улсад хот, мужууд нь томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох зорилгоор хөрөнгийн зах зээл дээр бонд гаргадаг. Хөрөнгийн зах зээлд нийслэлийн Засаг даргын бонд гарснаар шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна суурь өгөөжийн жишиг хүү бүрдэж, бондын үнэлгээ олон улсын жишгийн дагуу тогтдог болох, цаашлаад дотоодын бондын зах зээлийн хөгжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хамтын нээлттэй, хаалттай ХОС-уудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо өсөх чухал ач холбогдолтой үйл явдал болж байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
“Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс санхүүгийн нэмэлт эх үүсвэрээр тулгамдаж буй асуудлуудаа шийднэ. Улаанбаатар хот 500 хүртэл тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.
Тухайлбал, Улаанбаатар хот 1450 км хатуу хучилт бүхий авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Иймд авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад зарцуулна. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурч, Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ..
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ өдөр Улаанбаатар бондын арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, үйл ажиллагааны төгсгөлд МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.