Нийгэм
Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлаж байна
Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна
болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна.
Энэ талаар “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Хайлааст орчимд нийт 300 гаруй метр далангийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд нийт таван байршилд далан сувгийн засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 50 хувьтай үргэлжилж байна. Мөн Жаргалантын ам дагуу шинээр далан сувгийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар буюу долоодугаар сарын 2-ны өдөр Хайлаастын үерийн хамгаалалтын далангийн хэсэгт шинээр 150 ширхэг 15 см-ийн зузаантай хавтан суулгаж, ажил 60 хувьтай үргэлжилж байна” гэлээ.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд гэр хорооллын үерт автдаг бүсүүдэд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг хийж байна. Мөн Хүүхдийн төв сувиллын урд талын үерийн суваг, “Бөмбөгөр” худалдааны төвийн хойд талын үерийн сувгийг засварлахаар бэлтгэж байгаа бол Жаргалантын аманд шинээр далан сувгийн ажил хийхээр төлөвлөж байна.
Ташрамд, Хайлаастын үерийн хамгаалалтын даланг 1980 оноос хойш шинэчлээгүй бөгөөд усны ачаалал даахгүй идэгдэж эмтэрсэн юм. Иймд ашиглах боломжгүй болсон хавтанг шинэчлэн сольж байгааг мэргэжлийнхэн онцоллоо.
Нийгэм
Авто замын борооны ус зайлуулах 400 гаруй худгийг засварлаад байна
Улаанбаатар хот авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худаг, үзлэгийн 3800 гаруй худагтай.
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 655 авто замын борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худаг засварлахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар 400 гаруй худгийг засварлаад байна. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудал орчимд ажиллалаа.
Тэрбээр “Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудлын шүүрт худаг суулт өгч, цөмөрсөн тул засварлаж байна. Энэ мэтчилэн борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худгийг шөнийн цагаар авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хоёр бригад гарч засварлаж байгаа юм. Төлөвлөсөн худгуудыг аравдугаар сарын 15 хүртэл засварлаж дуусгахаар ажиллаж байна” гэв.
Түүнчлэн ГУББГ нь авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг бөгөөд жилд 2-3 удаагийн давтан цэвэрлэгээ хийдэг байна. Мөн Нэгдүгээр хорооллын арын гудамж, Дарь-Эх, Цайз зэрэг гэр хороололтой ойрхон байршлуудад гурваас ч олон удаагийн цэвэрлэгээ, үйлчилгээ үзүүлдэг аж. Учир нь шүүрт худгууд том оврын машинд дайруулан эвдрэх, хүний буруутай үйлдэл буюу хог хаягдлаар дүүрэн бөглөрөх, байнгын хөдөлгөөний нөхцөл байдлаас үүдэн эвдрэл, гэмтэл ихээр үүсдэг талаар тэрбээр онцолж байлаа.
Нийгэм
ХСҮТ “Робот мэс заслын сургалтын төв”-тэй боллоо
ХСҮТ-ийн хамт олон хавдрын тусламж үйлчлгээгээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хүндээ ээлтэй, өндөр үр дүнтэй, хор хөнөөл багатай оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, нутагшуулахын төлөө хичээж, ажилласаар байна.
Тус төвийнхөн 2024 оны 10-р сарын 3-нд Монгол Улсад анхны “Робот мэс заслын сургалтын төв”-ийг нээлээ.
Уг сургалтын төвд БНСУ-ын “Meere” компанийн хиймэл оюун ухаанд суурилсан Revo-i мэс заслын роботыг суурилуулсан бөгөөд одоогоор тус төвийн элэг, цөс, нойр булчирхай, толгой хүзүү, эмэгтэйчүүд, ерөнхий мэс заслын 7 эмч суралцаж байна.
Өвчтөний биед маш бага зүслэгээр мэс засал хийх, хагалгааны үед эмчид туслах хиймэл оюун ухаанд суурилсан олон төрлийн хөтөч, зааврууд, хагалгааны үеийн хүнээс хамааралтай сул тал, алдаа, эрсдлийг бууруулсан тохиргоонуудаас гадна эмч битүү хувцастайгаар олон цаг үргэлжлэх хагалгааны турш бөхийж зогсдог байдал өөрчлөгдөж тухтай суугаад, чөлөөтэйгээр ажлаа хийх боломж бүрдүүлдэг зэрэг олон дэвшилтэт шийдлүүд нь робот мэс заслын гайхалтай давуу тал юм.
Түүнчлэн робот мэс заслын үед хийгдэж буй хагалгааны бүх үйл явц том дэлгэц дээр харагдаж байдаг тул бусад эмч, резидент, феллов эмч нар харах, суралцах бүрэн боломжтой.
Энэ дэвшилтэт технологийг бүрэн эзэмшээд жилийн дараа бодитоор робот мэс заслыг хийж эхлэх том зорилтыг ХСҮТ-ийнхэн дэвшүүллээ гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Нийгэм
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа болно
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 08-ны өдөр цахимаар явагдах тухай Автотээврийн үндэсний төвөөс мэдээлжээ. Та бүхэн дараах зөвлөмжийн дагуу тус дуудлага худалдаанд оролцох юм.
Үүнд:
– Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
– Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
– Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
– Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
– Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.