Улс төр
Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна
Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг асууж, тодрууллаа.
-Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөс хойш хагас жил болж байна. Ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ?
-Юун түрүүн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль батлах болсон шалтгаан, нөхцөл юу байв гэдгээс яриагаа эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн хавар стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудайн гурилын хомсдолоос үүдэн үнэ өссөн. Иргэд чанартай гурилыг зохистой үнээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл Монгол Улс улаанбуудайгаа тариалж, гурил үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээгээ боломжоороо хангадаг орон. Харамсалтай нь импортоос 100 хувь хамааралтай бензин, шатахууны үнэ 60 хувиар өссөн байхад 2022 оноос хойш гурилын үнэ 89 хувиар өссөн гэх судалгааны дүн гарсан. Тэгэхээр үүнд төрийн зохицуулалт хийх шаардлага үүссэн хэрэг. Иймд уг хуулийг баталж, тавдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн.
Нийгмийн нэг хэсэг нь төр, чөлөөт зах зээлийн системд хөндлөнгөөс оролцож, үнэ зохицуулах нь зохимжгүй гэж үздэг. Нэг талаас тэдний зөв. Гэвч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдрал, өрхийн орлоготой шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр боорцог, гамбир хайрч өл залгуулдаг олон мянган өрх байна. Гэр хорооллын хүнсний талон авдаг айлуудаар ороод үзээрэй. 10 кг гурилаар долоо л хонодог айлууд олон.
Тэгэхээр төр, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, бид ажиллаж байна. Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолд найман арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. Тиймээс хууль, тогтоолын хэрэгжилт үр дүнг судлан тогтоохоор ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж байна вэ?
-Ажлын хэсэг байгуулагдаад удаагүй байна. Өнгөрсөн хугацаанд тариалангийн бүс нутгаар явж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэр, тоног төхөөрөмж импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахын зэрэгцээ нийслэлийн зах худалдааны төвүүдэд очиж бизнес эрхлэгчид, хэрэглэгчидтэй санал солилцож, нөхцөл байдлыг олон талаас судлахаар өргөн хүрээнд ажилласан.
Өнөөдрийн байдлаар гурилын үнэ буураагүй ч бас өсөөгүй, тогтвортой байна. Төрөөс газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл, урамшууллыг багагүй олгосон байдаг. Тухайлбал, үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд тариалан эрхлэгчдийн улаанбуудайг худалдаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрөөс гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байх жишээтэй.
Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ килограмм нь 5000 төгрөгт хүрсэн байхад тариалангийн салбар нь дагаад зүй ёсоор хөгжих ёстой. Гэтэл эл салбар уналтад ороод байгааг манай ажлын хэсэг тогтоогоод байна. Тэгэхээр нэн түрүүнд тариалан эрхлэгчдээ төрөөс бодлогоор дэмжих ёстой гэдэг дээр ажлын хэсгийнхэн санал нэгдсэн.
Гурил стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг тул дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чадахуйц энэ салбарт цаашдаа ямар бодлого барьж, төрийн дэмжлэгийг хаана үзүүлж, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь чухал. Ажлын хэсэг үүнд анхаарч ажиллаж байна.
-Ажлыг хэсгийн ажлын үр дүн нь хууль эрх зүйн орчин, цаашлаад иргэд, нийгэмдээ хэр эерэг нөлөө үзүүлсэн бэ гэдгээр хэмжигдэх нь дамжиггүй. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэр нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна вэ?
–Цагаан сар дөхөхөөр гурилын үнэ өсдөг. Тэр үед л үнийн өөрчлөлтгүй байвал төр зөв бодлого барьсан нь харагдана.
Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн экспертүүдийг урьж ажиллуулаад улаанбуудайн үрийг газарт суулгахаас эхлээд ургацаа хураан гурил болгон хэрэглэгчийн гарт хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бодитой судалгаатай хандаж асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Улс төр
Эрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хуралдаанаа өнөөдөр хийлээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа нар гишүүнээр ажиллаж байна.
Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газар, Улаанбаатар дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Дулааны цахилгаан станцуудын цахилгааны болон дулааны инженерүүд, эдийн засагч, хуульчид оролцов. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудын шинэчлэлийг хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв.
Гишүүд ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, эрчим хүчний дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн.
Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний сайдын удирдсан баг УИХ-ын ажлын хэсэгт зөвлөн ажиллана гэдгийг мэдэгдээд зөвлөх багийн ажлын хуваарь, дэмжин туслах чиглэлийг хэрхэн тодорхойлсон талаар танилцуулсан юм. Энэхүү багт хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллана гэдгийг мөн тодотголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин нар олон нийтийн дунд ихээхэн эргэлзээ дагуулж байгаа үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах бодлого болон уул уурхайн бирж ба брокеруудын асуудал, кокс-химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, арматур үйлдвэрлэх өртөг ямар болох, гадаадаас авах ажиллах хүчнийг хэмжээг нэмэгдүүлэх бодлогын дэмжлэг, төвлөрлийг сааруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, сайд нараас тодорхой хариулт авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, М.Энхцэцэг, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, С.Эрдэнэбат, Д.Ганбат нар агаарын бохирдол, бэлчээрийн доройтол, уул уурхай бүхий сум, нутгийн иргэдийн эрүүл мэнд, нөхөн төлбөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эрүүл мэндийн даатгалын төрөөс даах хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны араас ямар яам, төрийн байгууллагыг нүүлгэх, аймгийн төвийн сумдыг татан буулгах талаар судалгаа, тооцоо хийсэн эсэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд төсөвлөсөн зардлыг эрчим хүчний хэмнэлттэй, инновац бүхий байшин, сууц барьсан иргэдэд олгох, шинэ суурьшлийн бүс рүү татах дэд бүтцийн шугам сүлжээний зардлыг байгальд ээлтэй байдлаар зарцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ашигт малтмал олборлох салбарыг татвар болон бусад бодлогоор дэмжих, зарим гацаанд орсон эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг үргэлжлүүлж, эх үүсвэрүүдээ хангалттай, найдвартай болгосны дараа үнэ тарифыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар асуулт асууж Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уул уурхайн компаниудтай хэлэлцээний ширээнд суух асуудлыг Засгийн газраас уриалж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тайлбарласан юм. Зэсийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харин алтны салбарт нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар ярилцаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр 2027-2028 оны өвлөөс эхлэн цахилгаан хязгаарладаг явдал байхгүй болно гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцоллоо. Улс орны эдийн засгийг дан ганц уул уурхайн салбар, ашигт малтмалын үнийн савлагаанаас хамааралтай байдлаас гаргаж, баялгийн хараалыг эцэс болгохын тулд хийх ёстой эхний алхмуудыг хийж, ард нь гарах нь зүйтэй гэсэн бодлогыг Засгийн газар баримталж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр дурдаад, эдийн засгаа солонгоруулж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 000 ам.долларт хүргэж чадвал нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэв.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар явуулж байгаа Засгийн газрын идэвх, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа нарын гишүүд багш нарын цалинг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хөгжлийн асуудлуудыг бодитойгоор шийдвэрлэх үүднээс тээг болж байгаа хуулиудыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлээд явах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, төлөвлөгөөнд тусгасан хэрнээ төсөлд тусгаагүй асуудлууд байгааг сануулж, Засгийн газар хөгжлийн суурь асуудлууд руугаа чиглэж ажиллаж байгаа нь сайшаалтай байна гээд үйл ажиллагаагаа уялдуулж, хүн хүч, боломж нөөцөө зөв хуваарилж ажиллахыг зөвлөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, хүний хөгжлийн бодлого, хүний эрхийг хангасан засаглалын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа энэ үед “Цалинтай ээж” хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, “Миний сонголт-Орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилтэд шат шатандаа анхаарал хандуулж, оролцож ажиллах зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тулгуур үзэл санааг хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт болгох, мөн бодлого, чиглэлээ зөв эрэмбэлэх шаардлага байгааг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ үед эхний ээлжинд урт хугацаанд үр дүнгээ өгөх нийлүүлэлтийн бодлогод анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд хүрэхийн төлөө нэгдсэн төлөвлөлттэй ажилладаг байя гэсэн санааг онцолсон юм.
Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг шаардлага хангасан гэж үзсэн тул тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2024.10.03/ анхны хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд ерөнхий мэдээлэл авах зорилгоор залуучуудын асуудлаарх Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлтэй танилцаж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ болон залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн болон төрийн бус байгуулага, судлаачдын мэдээллийг сонсов. Мөн ажлын хэсэг цаашид ажиллах чиглэлээ хэлэлцэж, тогтов.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Цэнгүүн, Ө.Шижир нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.